"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана
"Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэд АНУ-ын Виржиниагийн Олон Улсын Их Сургуульд суралцах эрхийн бичиг гардан авчээ. Тус сургуулийн Элсэлт болон харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Дэбора Брэнт түүнд хүссэн мэргэжлээрээ "VIU"-д магистрын зэрэг хамгаалах эрх олгосон байна.
Дэбора айлчлалынхаа хүрээнд VIU-г төгсөгч монгол залуустай уулзжээ. Энэ үеэр Их Засаг Олон Улсын Их Сургуулиас зохион байгуулагддаг "Super Student-6" төслийн ялагч Э.Энхжаргалд Америкт 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг мөн гардуулжээ.
Тэрээр хэлэхдээ "Эрч хүчтэй, эх орондоо шинэчлэл авчрах олон мянган залуу VIU-аар овоглогдож, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буйн нэгэн тод жишээ нь монгол төгсөгчид юм. Манайх ашгийн бус боловсролын байгууллага. Иймд бид авьяас чадвар, мэдлэгээрээ үеийнхнээ манлайлж буй О.Энх-Эрдэнэ, Э.Энхжаргал нарын адил олон чадварлаг залуусыг дэмжиж, Америкт дэлхийн боловсрол эзэмших мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болж буйдаа баяртай байна” гэлээ.