Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ
Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Төрийн ордонд Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болох ажээ. Тус зөвлөгөөнийг Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран Канад улсын дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм байна.
Зөвлөгөөнөөр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчийн ёс зүй, шударга байдал, сахилга, хариуцлага, төрийн албыг шинэчлэх шаардлага, төрийн албаны шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүд, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх бодлого зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой аж.
Монгол Улсын Их Хурал Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталсан, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилнэ. Шинэ хуулийн ерөнхий зорилго нь Монгол Улсын төрийн албанд чадахуйн зарчмыг хүний нөөцийн удирдлагын бүх шатанд мөрдлөг болгох, үр дүнд чиглэсэн соёл, тогтолцоог төлөвшүүлэн бэхжүүлэх юм.
Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, тухайн албан тушаалд зориулсан мэргэшүүлэх багц сургалт, төрийн албанд шатлан дэвшихэд уг сургалтад заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагджээ.
Үүний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталж, хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай 40 гаруй журмыг Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, төрийн албаны төв байгууллага боловсруулж, батлан гаргахаар бэлтгэж буй юм.
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол Улсын төр засгийн байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчид зэрэг 700 хүн оролцох юм байна.