Ерөнхий сайд НҮБ-ын чуулганд оролцоно

380

 

 

Ерөнхий сайд НҮБ-ын чуулганд оролцоно

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд оролцож байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нээлтийн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өмнө тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааr тэмдэглээд үүний эсрэг чиглэсэн дорвитой арга хэмжээг авах шаардлагатай гэв. Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь шинэ сорилтыг түүний дотор хөдөлмөрийн зах зээлд орохоор бэлтгэгдэж буй залуучуудын ажлын байрыг орлох, ингэснээр ажилгүйдлийг бий болгож, нийгмийн эмзэг бүлэг, эмэгтэйчүүдэд нөлөөлж буйг онцлов. Мөн цагаачлал, дүрвэгсдийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим аюулгүй байдлыг хангах,  цахим хувьсгал нь бүх нийтэд хүртээмжтэй байх ёстойг тэмдэглэв.

НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы дарга Мария Фернанда Эспиноса Гарсес хэлэхдээ хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, цагаачлалын асуудлаарх дэлхийн гэрээг хэрэгжүүлэх, ажлын байрыг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах, Парисын гэрээг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бүрэн хангах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл, ЕА-н ажлыг эрчимжүүлэх, залуучуудыг зэвсэгт мөргөлдөөнд оролцохоос урьдчилан сэргийлэх гэсэн 7 чиглэлд өөрийн анхаарлыг хандуулахаа илэрхийлэв.

НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд үг хэлж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулж, олон улсын харилцааны асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлнэ. Мөн өдөр Норвеги, Болгар, БНХАУ, ОХУ, Герман, Молдов, Бутан, Швед, Австрали зэрэг улсын төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлэх аж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>