“Цагдаа” толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

599

 

 

“Цагдаа” толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийслэлд есөн цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаар тусгасан. Эхний цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, 122 дугаар сургуулийн дэргэдэх "Цагдаа” толгой орчимд байгуулахаар боллоо. Тэнд ямар бүтээн байгуулалт өрнөхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Газрын албаны дарга Э.Болорчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх нар нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа.

Тус толгойг тойрсон дөрвөн га газарт бүтээн байгуулалт өрнөнө. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлж, сагс болон хөлбөмбөгийн талбай барьж, дугуйн зам тавих гэнэ. Мөн хүүхэд, залуус, ахмад настнуудад зориулсан чийрэгжүүлэлтийн талбай хийхээр зураг төсөлд тусгажээ. Ингэхдээ орчин үеийн стандартаар гүйлтийн зам тавих юм байна. Түүнчлэн эко хавтангаар автомашины 100 зогсоол байгуулах ажээ. Цэцэрлэгт хүрээлэнд зүлэг, мод, бут, сөөг тарьж, иж бүрэн гэрэлтүүлэг суурилуулж, тохижуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.

Тус тойргоос нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Отгонсүх "Гэр хорооллын бүсэд хүүхэд, залууст зориулсан цэцэрлэгт хүрээлэн байхгүй. Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны орчин нөхцөл муу, өнгөрсөн онд айл өрхүүдийг цахилгаанд холбож дууссан. Гэр хороолол дахь анхны цэцэрлэгт хүрээлэнг энд байгуулах болсонд талархаж байгаа” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан бүтээн байгуулалт хийх орчинтой танилцаад "Нийслэлийн хүүхэд, залуус, ахмадуудад амарч, зугаалах орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн болон ногоон  байгууламж  бүхий талбай байгуулахад анхаарч байгаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXII дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн барихаар боллоо. Бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө, мөнгийг ирэх оны төсөвт багтаан тусгаж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид Нийслэлчүүдийнхээ эрүүл ая тухтай орчинд амьдрах эрхийг хангасан орчин нөхулийгн бүрдүүлэхийн тулд цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон бусад энэ чиглэлийн олон ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна”  гэв. Дашрамд сонирхуулахад, эл цэцэрлэгт хүрээлэнг ирэх онд ашиглалтад оруулах бөгөөд 2.1 тэрбум төгрөг зарцуулна. Үүний 500 сая төгрөгийг дэд бүтцийн ажилд зарцуулах юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>