Шүүгчид 40 хувиар илүү ачаалалтай ажилладаг гэв

694

Шүүгчид 40 хувиар илүү ачаалалтай ажилладаг гэв

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлын үеэр "Шүүгчийн ачаалал” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, "Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгаа” хийсэн багын судлаач, хуульч Г.Цагаанбаяр нар мэдээлэл хийсэн байна. Мөн "Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-өөс иргэд ямар мэдээлэл авах боломжтой талаар Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Б.Билгүүн сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар "Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” нийслэлийн зургаан дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын эрүү, иргэний анхан шатны шүүхүүдэд шүүгчийн ажлын ачааллыг тооцох судалгааг анх удаа хийжээ. Шүүхийн захиргааны тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.5-д зааснаар шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг судалж, холбогдох арга хэмжээ авах, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх гэдгийг  тодотгосон юм.

Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа хэлэхдээ, "Хот болон хөдөө орон нутагт ажиллаж байгаа шүүгч нарын ажлын ачаалал тэнцвэртэй биш байгаа. Шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх шаардлага байгаа. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарыг томилолтоор ажиллуулж байна. Судалгааны явцад шүүгчийн ажлын ачаалалтай холбоотой нарийн тоон мэдээллүүд гарсан. Судалгааны дүнг ажил хэрэг болгож ажиллана. Шүүгчийн орон тоо дутуу байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь баруун аймгуудад давж заалдах шатны шүүх хуралдаан хийхэд бүрэлдэхүүн хүрдэггүй. Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн шүүгч нар томилолтоор ажиллаж байгаа” гэлээ.

Түүнчлэн "Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ын хуульч, судлаач Г.Цагаанбаяр хэлэхдээ, "Нийслэлийн 6 дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэг шүүгчид 310 хэргийг шийдвэрлэхэд 323 өдөр зарцуулж байгаа нь ачаалал харьцангуй ихтэйг харуулж байна. Шүүгч жилд 230 өдөр ажиллана гэж үзвэл 93 өдрөөр ажлын ачаалал илүү байгаа бөгөөд үүнийг ажлын өдөр болон амралтын өдөр ажиллаж нөхөж байна. Илүү ажиллаж буй 93 өдөр нь ажлын 744 цаг болж байгаа бөгөөд шүүгч жилд 1840 цаг ажиллах ёстой гэж үзвэл 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна” гэв. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>