Н.Цэрэнбат: 100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулна

34

 

 

Н.Цэрэнбат: 100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулна

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр утаа бууруулах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа талаараа мэдээлэв. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Бидний эрүүл мэнд маш чухал. Гэтэл Улаанбаатар хотын иргэдийн 52 хувь нь, хүүхдийн 24 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй. Зүрх судасны эмгэг 20 хувь. Нийслэлийн хүн амын нас баралт 9 хувьтай байна. Уушиг зүрхний хавсарсан өвчний нас баралт 28.8 хувьтай, уушигны хавдар өвчлөл 39.9 хувьтай байна. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой дүүрэгт амьдарч байгаа хүүхдийн уушигний багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдээс 40 хувиар бага байна. Энэ нь хүүхдүүд багаасаа ийм суурь өвчтэй болж байна гэсэн үг. Агаарын бохирдлоос үүдэлтэй. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын 220 мянган гаруй айл өрхийн галлагаанаас, 10 хувь нь тээврийн хэрэгслээс, 6 хувь нь дулааны цахилгаан станцуудаас, 4 хувь нь хөрсөн дээр тогтсон бохирдлоос бий болж байгаа. 

Улаанбаатар хотын хүн ам жил ирэх бүр нэмэгдэж байна. Захиргааны аргаар арга хэмжээ авч байгаа ч шилжин суурьшиж байгаа иргэдийн тоо буурахгүй байна.

100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй.

Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна. Математик утгаар агаарын бохирдлыг бууруулах шийдлийг сонгосон гэдгийг хэлмээр байна.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нам даралтын зуухнуудыг хэрэглээг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг 10 орчим хувиар бууруулах болсон" гэв.

ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан "Индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмжийн талаар мэдээлэл өгье. Монгол инженерүүд ийм технологи бүтээж, танилцуулсан байдаг. Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн болгох ажлын хэсэг 9 сарын турш ажиллаж байна. 

Уг төхөөрөмж нь эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэхэд үр дүнтэй гэх дүгнэлтийг БНХАУ-ын HAIER группийнхэн өгсөн. Ажлын хэсгийн зүгээс 12 дугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. 

Энэ төхөөрөмж бол шүүлтүүр биш. Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж юм шүү" гэлээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.