Сэтгэл судлаач:Хоосон магтаал хүүхдэд дарамт болдог

951

 

 

Сэтгэл судлаач:Хоосон магтаал хүүхдэд дарамт болдог

 

Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн хийлгэх вэ? Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн  сэтгэл зүйч, доктор  Б.Номингийн зөвлөгөөг хүргэж байна.    Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуудлаар хандах шалтгааны 20 хувь нь  гэрийн даалгавар хийлгэхтэй холбоотой байдаг гэнэ. 

Хүүхдийнхээ насанд нь тохируулж шаардлага тавь

Бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүд энэ асуудлаар бидэнд их ханддаг. Суралцах чадвар хөгжлийн хувьд бага ангийн хүүхдүүд бусдаас дутмаг байдаг. 10 хүртэлх насны хүүхэд "Гэрийн даалгавраа заавал хийх ёстой”, "Үүнийг хийснээр сайн хүн болно, ирээдүйд дуртай ажлаа хийх боломжтой болно” гэсэн ойлголт байдаггүй. Ийм хүүхдэд эцэг, эхийн зүгээс тавьж буй "Сайн суралц, хичээлээ л хий”, "Даалгавраа заавал хийх ёстой”, "Онц дүн л авах хэрэгтэй” гэх шаардлага нэг талаасаа ойлгомжгүй, нөгөөтэйгүүр хэт өндөр байдаг. Тиймээс хүүхдэд ойлгомжтой байдлаар насанд нь тохируулж хичээл, даалгавар хийхийн ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй. Байнга "Гэрийн даалгавраа хий” гэх шаардлага нь тухайн хүүхдийг гэрийн даалгавраас гадна хичээлдээ дургүй болох  шалтгаан болдог.

Хүүхдэд өдрийн  дэглэм чухал

Хүүхдийг хичээлээсээ ирмэгц өөрийнх нь дураар амраах хэрэгтэй. Ялангуяа эрэгтэй хүүхдийг хөдөлгөөнт тоглоомоор тоглуул. Гадаа гарч гүйх, хөөцөлдөх, найзтайгаа ноцолдож тоглох гэх мэт. Хүүхэд тоглож баясаад ирмэгц бие махбодь, сэтгэл санааны хувьд ч хичээлээ хийхэд бэлэн болдог. Оюуны хөдөлмөр хийсний дараа дахин өөр хичээлийн давтлага, өдөр өнжүүлэхэд явуулах зэрэг нь хүүхдийг ядраадаг. Гэхдээ энэ бүхэнд явуулахыг бүгдийг буруутгах аргагүй. Хамгийн гол нь хичээлийн хооронд завсарлага заавал авч байх ёстой.

30-60 минут тоглуулж, өөрийнх нь дураар байлгах шаардлагатай. Хүүхдэд нойр маш чухал. 22.00-23.00 цагийн хооронд хүүхэд орондоо орж унтсан байх ёстой. Нойроо бүрэн, сайн авч чадаагүй хүүхэд сэргэлэн цовоо бус ядрангуй байдаг. Хүүхэд  нойроо бүрэн авахгүй бол ой тогтоолт муудна. Ой тогтоолт муудсан хүүхэд багшийн заасан, хэлсэн хичээлийг ойлгохгүй, анхаарал төвлөрөхгүй, яваандаа хичээл сурлагадаа мууддаг. 

Хүүхдийн хичээл хийж, тоглуулдаг цаг нь тогтмол байвал сайн. Тухайлбал, хичээлээсээ орой ирдэг бол унтаж амраад өглөө босч нэг цаг даалгавраа хийгээд амарна. Дахин нэг цаг гэрийн даалгавраа хийнэ гэх мэт тогтсон цагийн хуваарьтай байвал хүүхэд, эцэг, эхчүүдэд бүх зүйл тодорхой болж, хичээлээ хий гэж байнга үглэх шаардлагагүй болно.

Өглөө 09.00- 12.00, өдөр 16.00-18.00, орой 19.00-20.00 цагийн хооронд хүний бие сэтгэл их сэргэг байдаг. Энэ үед нь хичээл хийлгэж болно. Ингэснээр хүүхдийг биеэ даан хичээлээ хийж сурахад тусална.

Хоосон магтаал хүүхдэд дарамт болдог

-"Миний хүүхэд хамгийн мундаг юм чинь даалгавраа хийж чадна”, "Миний хүү хамгийн ухаантай  учраас гэрийн даалгавраа хийнэ” гэх зэрэг үгс магтаал хүүхдэд дарамт болдог. Учир нь төгс хүн, төгс хүүхэд гэж байхгүй шүү дээ. Хүүхэд аливаа зүйлийг хийгээд ирэхээрээ чадахгүй юмтай тулгарна. Энэ үед хүүхэд би төгс биш гэдгээ мэдэрнэ гэсэн үг. 

Ийн хоосон магтсанаар хүүхэд сэтгэлээр унадаг. Хүүхэд хийж чадахгүй зүйлтэй тулгарснаар өөрийгөө голж өөртөө итгэлгүй болдог. Тиймээс хичээл хийх, даалгавраас халширдаг болно гэсэн үг. Хичээл хийхэд ойлгохгүй зүйл гардаг тиймээс хамтарч хийе, чадахгүй зүйл байвал асуугаарай тусалъя, гэрийн даалгавраа хийчихээд дуртай зүйлээ хийж амарна гэдгийг хүүхдэд ойлгуулах нь чухал. "Бусад хүүхэд хийж чадаж байна, чи ч чадна” гэх зэргээр өөр хэн нэгэнтэй харьцуулж, шаардлага тавих нь буруу.

Хүүхдийг зөвхөн өөртэй нь харьцуулаарай. Хүүхдэдээ чадна гэх урам өгөхөөс гадна тэдэнд туслах хэрэгтэй. Эцэг, эхчүүдийн тусламж авснаар хүүхэд маш олон зүйлийг амжилттай сурч, бас өөртөө итгэлтэй, идэвхтэй хүн болж төлөвшдөг.

Хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэхэд хөдөлгөөнт тоглоом чухал

Зургаан настай хүүхэд 5-8 минут л анхаарлаа төвлөрүүлэх чадвартай гэж үздэг. Гэхдээ нийслэлийн 20 гаруй сургуульд хийсэн судалгаагаар найман настай  хүүхдүүдийн 50 гаруй хувь буюу талаас илүү нь анхаарлаа төвлөрүүлэх чадвар сул гэсэн дүн гарсан. Тиймээс эцэг, эхчүүд үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхэд бүрийн сурах арга барил өөр. Тиймээс үлгэрийн ном унших, тогоруу, тоорцог, тоорой гэх зэрэг хөдөлгөөнт тоглоомыг хүүхэдтэйгээ багаас нь тоглож, анхаарлаа төвлөрүүлж бас шилжүүлж чаддаг болоход  тусалж болно. Үнэндээ эцэг, эхчүүд хүсвэл, цаг гаргаж чадвал хүүхдэд хөгжих боломж бидний төсөөлснөөс ч их байдаг.

 

 Г.Ням


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>