Хакуход Монголын иргэншлээс татгалзах ёстойг сануулжээ
Японы мэргэжлийн сумогийн ёкозүна цолтнуудын асуудлыг эрхэлсэн хороо өнөөдөр хуралдаж, Кюүшюү башёгийн дүнгийн талаар ярилцаж, санал бодлоо илэрхийлжээ. Хакухо М.Даваажаргалыг алдарт Тайхогийн 32 түрүүлсэн амжилттай эн зэрэгцсэнд баяр хүргээд үүгээр амжилт нь дуусахгүй, цаашид үргэлжилнэ гэж итгэж буйгаа тус хорооны гишүүд илэрхийлсэн байна. Мөн ёкозүна Харумафүжиг нүдэндээ хүнд гэмтэл авсан хэрнээ зориг, зүтгэл гаргаж сайн барилдсныг ч сайшаажээ.
Хакухогийн тухайд хэдийгээр зодог тайлах болоогүй байгаа ч эрт оройгүй нэгэн цаг ирэхэд хэцүү шийдвэр гаргах шаардлагатайг анхааруулсан байна. Хакухо сумогийн холбоонд үлдэж, дэвжээний оякатагаар ажиллахыг хүсдэг ч ингэхийн тулд заавал Японы иргэн болох ёстой юм. Ояката Китаноуми энэ талаар түүнд сануулж, "Гадаадын иргэнд оякатагийн лицензийг олгодоггүй энэ нандин уламжлалыг хадгалж үлдэх нь чухал” гэж хэлсэн байна.
Хакухо Японд 15 жил гаруй амьдарч байгаа. Мөн япон бүсгүйтэй гэрлэсэн. Японы сумогоор агуу амжилтад хүрч яваа тамирчин. Гэхдээ дэвжээний оякатагаар үлдэхийн тулд Монгол улсын иргэншлээс татгалзах ёстой юм. Үүнийг л ояката Китаноуми "Хэцүү шийдвэр гаргах цаг ирнэ” гэж сануулсан байна.
Хакухо М.Даваажаргал Кюүшюү башёд түрүүлснийхээ дараагаар сумогийн ордонд монголчууддаа монголоороо үг хэлэх зөвшөөрлийг сэтгүүлчээс аваад "Бөртэ чоно, гоо маралын удмын хүү би өөрийн хайртай Тайхо аваргын ачийг биелүүлж, амласандаа хүрсэндээ, Монголын ард түмэндээ эвтэй байвал хүчтэй байж юманд хүрч чаддаг юм аа гэдгийг харуулсандаа баяртай” гэж тэрбээр хэлсэн билээ. Ийнхүү тэрбээр сумогийн ордонд монголоороо монголчууддаа хандан үг хэлснээр Монголын иргэншлээсээ татгалзахгүй гэсэн ойлголтыг төрүүлсэн.
Мөн өнгөрсөн башёд түрүүлээд Монголд ирж өгсөн нэгэн ярилцлагадаа "Сумогийн холбоонд гадаадын иргэн ояката болж болохгүй гэсэн дүрэм бий” гэж хэлсэн байсан удаатай. Ж.Мөнхбат аваргын бага хүү эхлээд Тайхогийн дээд амжилтыг эвдэх, харин дараа нь эх орныхоо иргэн хэвээрээ үлдэх үү, эсвэл их амжилтын замд нь хүргэсэн сумодоо оякатагаар үлдэх үү гэсэн хоёр замын заавал нэгийг нь сонгох ёстой. Ийм шийдвэрийн өмнө тулах цаг улам дөхсөөр буйг ийнхүү япон ояката сануулан хэлсэн байна.
Р.Гэгээ