Газрын наймаачдаас “Түлэнхийн төв”-ийн газрыг буцааж авъя

454

Газрын наймаачдаас “Түлэнхийн төв”-ийн газрыг буцааж авъя

 

Нийслэл Улаанбаатар хотод газрын наймаа далд эдийн засгийн хэлбэрт орж, үнэ ханш нь хар зах дээр тэнгэрт хадсан гэдгийг хэн хэнгүй мэддэг билээ. Тэгвэл энэхүү газрын наймааг  цэцэглүүлсэн жинхэнэ цаад эзэд нь газрын наймаагаар мэргэшсэн төр засгийн өндөр албан тушаалтнууд болон нийслэлийн газрын албаныхан гэдгийг жирийн иргэд бид бүхэн андахгүй сайн мэднэ. Уул нь төр оршин байгаагийн хамгийн гол шалтгаан бол иргэндээ үйлчлэх явдал гэдгийг үе үеийн монгол улсын ерөнхийлөгчид сүр дуулиантай мэдэгддэг боловч өдгөө монголын төр жирийн иргэддээ хэр сайн үйлчилдэг вэ хэнээс ч асуусан хэлээд өгөх болов уу.

Тэгвэл улсдаа ганцхан гэгддэг Түлэнхийн төв энэхүү газрын наймааны бодит жишээ болж өдгөө тус эмнэлэгийн барилгын талбай хэсэг бүлэг шунахай этгээдүүдийн гарт орсон нэгэн эмгэнэлтэй түүх байна. ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвөөр бага насны хүүхдүүд болон насанд хүрсэн хүмүүс олноор үйлчлүүлдэг бөгөөд тус төв нь улсдаа ачаалал ихтэй эмнэлгийн тоонд зүй ёсоор ордог билээ. Харамсалтай нь өдгөө тус төв нь газрын наймаачдын балгаар хууль ёсны газраа дээрэмдүүлж, зальхай этгээдүүдийн эзэмшилд оччихоод байна. Тэгвэл энэ талаар дэлгэрэнгүй өгүүлье. 

         Түлэнхийн төв дээр болсон газрын наймааны жишээ баримтуудаас цухас дурдахад 

Улаанбаатар хотын захирагч М.Энхболд одоогоос олон жилийн өмнө буюу 2002 оны гуравдугаар сарын 18-нд улсын онц чухал объект гэгддэг Түлэнхийн төвийн газрыг 16400 ам метр байна хэмээн тухайн үедээ 101 тоот захирамжаараа баталгаажуулсан бөгөөд уг захирамжид Түлэнхийн төв газраа дөрвөн жилийн хугацаагаар эзэмшихээр тусгасан байжээ. Гэвч дөрвөн жилийн хугацаа нь дөнгөж талдаа орж байтал тэрээр 1900 ам метр талбайг нь хасаж, мөн 14500 ам метр талбайг нь 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх хачирхалтай захирамж гаргажээ.

Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр энэхүү ажлыг тухайн үеийн нийслэлийн газрын албаныхан бичиг үйлдээд газар хүссэн хүмүүст нь олгох захирамж Засаг дарга нараар баталгаажуулж байсан гэх мэдээлэл байгаа бөгөөд иймэрхүү замаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны аравдугаар сарын 6-ны 455 дугаар захирамжаар иргэн Р.Шагдарсүрэн, Б.Хандмаа болон "Эрхи” компанид тус бүр таван жилийн хугацаагаар Түлэнхийн төвийн 1900 ам метр газрыг хуваан эзэмшүүлэхээр болсон байна.

Иргэн Р.Шагдарсүрэн нь тухайн үед ГССҮТ-д удирдах албан тушаал хашиж байсан нэгэн бөгөөд тэрээр анх эзэмшлийнхээ 1200 ам метр талбайтай газрыг эмнэлгийн зориулалтаар авчээ. Р.Шагдарсүрэнгийн газар нь Түлэнхийн төвийн балгасны зүүн талд дороо дэлгүүртэй орон сууц болон сүндэрлэснийг 2007 оны дөрөвдүгээр сарын 2-нд газар дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр үйлчилгээний төвтэй орон сууцны зориулалттай барилга гэж үзэн 15 жилийн хугацаатай газрыг нь эзэмшүүлэхээр сунгажээ.

Мөн иргэн Б.Хандмаа гэгчид анх зөвшөөрөл олгохдоо 180 ам метр талбайн зөвшөөрөл олгож, 2011 оны долдугаар сарын 5-нд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 327 ам метр болгож, таван жилээр эзэмшүүлэхээр захирамжилсан бөгөөд түүний газар Түлэнхийн төвийн мөн л зүүн талд нь оршиж, тэнд нь орон сууцны байшин  баригдсан байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэрээр үл хөдлөх хөрөнгийнхөө хамтаар 1157 ам метр талбай эзэмшиж байгаа нь холбогдох хууль тогтоомж, Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчин илүү хэмжээтэй газар авчээ.

 Ийнхүү тухайн үеийн нийслэлийн захирагч М.Энхболд иргэд, аж ахуйн нэгжүүдэд Түлэнхийн төвийн газрыг дээрх байдлаар "тасдаж” өгөхөөсөө өмнө буюу 2003 оны арванхоёрдугаар сарын 24-нд 554 дүгээр захирамж гаргаж, Сүхбаатар дүүргийн Тамгын газарт орон сууцны зориулалтаар 400 ам метр газар эзэмшүүлэхээр болсон ба уг газар нь Р.Шагдарсүрэн, Б.Хандмаа нарын эзэмшил газартай залгаа, Түлэнхийн төвийнхөө зүүн талд эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн эргэлт уулзалт, нарлах, салхилан суух хэсэг байсан байна.

 М.Энхболдын дараа Нийслэлийн Засаг даргаар ажилласан Ц.Батбаяр Түлэнхийн төвийн эзэмшил газрын хэмжээг 12519 ам метр болгож, 1981 ам метрийг нь мөн л хассан бөгөөд өдгөө тэрхүү 1981 ам метр газар хэний эзэмшилд очсон нь тодорхойгүй байгаа ажээ.

 Уул нь Ц.Батбаярын дараа хотын даргаар томилогдсон Г.Мөнхбаяр нь Түлэнхийн төвийн газрыг 2009 оны тавдугаар сарын 6-нд албан ёсоор баталгаажуулахдаа 11365 ам метр нь эмнэлгийн зориулалттай хэмээжээ.

Тийнхүү тэрээр хасагдсан 1154 ам метр газрын 641-ийг нь "Антек” гэх компанид орон сууцны зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба үлдсэн нь өдгөө ямар байгууллагад очсон нь тодорхойгүй байгаа юм байна. 

Хамгийн сүүлд Г.Мөнхбаяр дарга 2010 оны наймдугаар сарын 31-ний 608 тоот захирамжаар ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн эзэмшил газрыг 7339 ам метр байхаар баталгаажуулсан бөгөөд ингэхдээ тэрээр "Антек”, "Алтайн тулга” компани, Төрийн өмчийн хорооны ажилчдын орон сууцны зориулалтаар хасагдсан газрыг олгосон байна. Харин "Алтайн тулга” компанийн эзэмшил газраас "Антек” компанийнхан 1650 ам метрийг нь авчээ.

 

Мөн үүний зэрэгцээ ГССҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд Түлэнхийн төвийн газрыг хорогдох, зарахад оролцсон ноцтой баримтууд байна. Түлэнхийн төвийн газар багасаж, газрын наймаачдын гараар орсон энэхүү асуудалд тус төвийн үе үеийн эмнэлгийн удирдлагууд буруутай хэмээн Түлэнхийн төвийн эмч, сувилагч нар үздэг бөгөөд  угаасаа ийм хардлага тус төв дээр байсаар ирсэн нь нууц биш ажээ.  

Үүний нэг тодорхой жишээг дурдвал  Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 2011 оны тавдугаар сарын 30-ны 438 тоот тушаалаараа Түлэнхийн төвийн газраас 2291 ам метр талбайг "Саммит медикал” компанид эзэмшүүлэх захирамж гаргаж байсан байх юм.  

"Саммит медикал” компанид Түлэнхийн төвийн газраас эзэмшүүлэх зөвшөөрлийг тухайн үеийн ГССҮТ-ийн даргаар ажиллаж байсан С.Отгонгэрэлийг өгсөн гэлцдэг бөгөөд мөн тус эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Батзориг, захирал С.Отгонгэрэл нар хамтарч БНСУ-ын хөрөнгө оруулалттай эмнэлэг барихын тулд уг газрыг тус төвийн урд хэсгээс  авсан  аж.

Ямартай ч өнөөдөр тус эмнэлгийн барилгын ажил нь ид явагдаж байгаа бөгөөд зөвхөн Түлэнхийн төвийн газрыг үгүй болгосон зарим баримтуудаас дурдахад ийм байна. Гэхдээ үүнд ГССҮТ-ийн үе үеийн удирдлагууд оролцсон гэдгийг олон хүн хэлдэг ч албан ёсоор баталж чаддаггүй гэнэ.

Мэдээж Түлэнхийн төвөөр зогсохгүй ГССҮТ-ийн ойр орчимд өөр бусад хувийн компаниуд газар авч орон сууц босгосон нь тус эмнэлгийн дарга нар үүнд ямар нэг хэмжээгээр оролцсон гэдэг нь ойлгомжтой бөгөөд ГССҮТ-ийг нэг хэсэг удирдаж байсан гавьяат эмч Н.Жамбалжав л гэхэд тус эмнэлгийн хашаанд, нисдэг тэрэг буух талбайд хувийнхаа эмнэлгийг барихаар хашаа хатгасан байсан талаар  цахим хуудсаараа мэдээлж байжээ.   Эцэст нь хэлэхэд  ГССҮТ болон Түлэнхийн төвийн газрын асуудлыг АТГ-аас шалгасан ч үүнд хэн буруутай вэ гэдгийг тогтоож чадалгүй удалгүй таг чиг болсон ажээ.

 

 Ж.Батдорж 

 BOLOD.mn 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>