Венесуэлийн ерөнхийлөгч тусламж гуйхаар Москвад иржээ

704

Өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар Москвад айлчлан иржээ.

Тэд өнөөдөр уулзаж Венесуэлийн засгийн газарт санхүүгийн тусламж үзүүлэх боломжийн талаар ярилцана гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Удирдагчид бас газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлжээ.

Москвагийн эрх баригчид Венесуэлийн дотоод улс төрийн асуудал нээлттэй яриа хэлэлцээрийн замаар шийдэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгааг Ушаков мөн илэрхийлсэн байна.

Газрын тосоор баян Венесуэль улс 2010 оноос хойш эдийн засгийн гүн хямралд унаад байгаа. Өнгөрсөн он жилүүдэд энэ улсыг зүүний улс төрч Уго Чавез, түүний залгамжлагч Николас Мадуро нар тасралтгүй удирдаж байгаа юм.

Венесуэлийн гадаад өрийн бүтцийг өөрчлөхөд туслахаар Оросын төлөөлөгчид өнгөрсөн онд Каракаст очиж байсан. Өчигдөр өглөө Мадуро твиттер хуудсандаа нийтэлсэн видео мэдэгдэлд өөрийгөө Путинтай чухал яриа хэлэлцээр хийхээр Оросыг зорьж байгаа тухай зарласан байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард Москвад айлчилж байсан Мадуро энэ удаагийн айлчлал нь Венесуэль-Оросын найрамдалт харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилготой гэж мэдэгджээ.

НҮБ-ын саяхан гаргасан тоо баримтаас үзвэл 2015 оноос хойш 3 сая гаруй Венесуэлийн иргэн эх орноо орхин дүрвэсэн байна. Николас Мадуро эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ АНУ-ын эдийн засгийн хоригтой холбон тайлбарлаж байгаа юм.

 

Ikon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>