Ц.Оюунгэрэл сайд таван тэрбумаар телевизүүдтэй “хаалтын гэрээ” хийх нь

1127
    оюунгэрэлУдахгүй УИХ-аас нэгэн популист"Монгол контент” хөтөлбөрийг зуун хувийн саналаар батлах гэж байна. Гол агуулга нь Монголын зан заншил, түүх, соёлыг сурталчилсан уран бүтээлүүдийг дэмжих зорилгоор 5 тэрбум төгрөгийг арилжааны телевизүүдэд тарааж өгнө. Арилжааны телевизүүд харин нэвтрүүлэг, киноныхоо 50-70 хувьд нь үндэсний зан, заншлыг сурталчилсан бүтээл, Монгол кино гаргах үүрэг хүлээнэ. Үүргээ биелүүлж чадахгүй бол арилжааны телевизийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх зохицуулалтыг ч араас нь хуульчилж байгаа гэх.

    Бид өөрсдийгөө ардчилсан гэж тодотгодог, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэгч улс. Үндсэн хуулиараа үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нээлттэй болгож, хэвлэлийн эрх чөлөөний хуулиар ямарваа цензурыг хэвлэлд тавихгүй байхыг хуульчилсан. Намын үзэл суртал ч бай, ардын аман зохиол ч бай ялгаагүй хэвлэлийн тайзанд ижил эрхтэй.  Хуулиар хориглоогүй л бол хэвлэл мэдээллийн нийтлэл нэвтрүүлгийн агуулгыг зааж, тоочих эрх хэнд ч байхгүй. Гэтэл үндэсний соёл, зан заншил хамгийн чухал гэдэг эх оронч тулгалтаар арилжааны телевизүүд эфирийнхээ 50-70 хувийг соёлын яамаар цензурдуулж, үүнийхээ хариуд төлбөр авдаг болох нь ээ. Чухал сэдэр хорвоогоор дүүрэн. Хором бүрт хөл бөмбөгийн талбайтай тэнцэх ой мод дэлхий дээр хяргуулж байна, байгаль экологийн нэвтрүүлэг төдөн хувь байх ёстой гээд С.Оюун сайд ч салбараа хамгийн хамгийн болгож болно.


    Ингэж шүүмжлэлтэй хандаад байгаагийн шалтгаан нь Монгол соёл, зан заншилдаа дургүйдээ биш. Ерөөсөө бид сонгож байгуулсан нийгмийнхээ мөн чанарын эсрэг алхам хийгээд байна. Мянган зөв сэдэв, санаачлага байгаад хэрэгжүүлж байгаа арга зам нь буруу л бол бид эрх чөлөө, ардчиллаа бага багаар мэрсээр нураах аюултай.

    Төр чөлөөт хэвлэлийг мөнгөөр худалдаж аваад эхэлбэл ардчиллын багана цуурна. Уран бүтээлийг дэглээд эхэлбэл хуучны хэвлэлийн хороо эргээд амь орно. Социализмийн үед төр хэвлэлийн шууд захиргааддаг байсан. Харин одоо эфирийнх нь 50-70 хувийг худалдаж авах гэж байна. Үүнийг соёлын хөтөлбөр гэхээсээ илүү, соёлын хүчирхийлэл гэвэл зохилтой. Төр үндэсний соёлоо хамгаалж, хөгжүүлэхийн төлөө 5 тэрбум төгрөг зарцуулж болно. Гэхдээ чөлөөт хэвлэлийн хахуульдах, худалдан авах замаар лав л болохгүй.

    Нөгөө талдаа аливаа уран бүтээл их гарах тусмаа сайн хөгждөг гэдэг нь буруу ойлголт. Тооноос чанар илүү чухал. 5 тэрбум төгрөгөөр болсон болоогүй уран бүтээл бөөндөж байхаар дэлхийн нийтэд Монголоо сурталчилсан Холливуудын хэмжээнд өрсөлдөх чанартай ганц бүтээл хийхэд тэр нь үндэсний бахархал, өв соёлын тал дээр илүү үр дүнтэй. Хятадын 5000 жилийн түүх, кунзийн суртлын мөн чанарыг "HERO” гэж ганцхан кино дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлж чадсан байдаг.

    Монголчуудын үндэсний үзэл 1990 оноос хойш маш хүчтэй сэргэж байгаа. Ингэж үндэсний өв, уламжлалаа олж танихад даяаршил, гадаад кино зүйрлэл, харьцуулал, чиг хандлагын маш том өгөөжөө өгсөөр ирсэн. Гадаад кино, контентууд л биднийг дэлхийн чиг хандлагатай холбож, манай уран бүтээлчдэд зүг чиг болж байгаа. Мөн уншигч, үзэгчдэд үнэлэмж, шалгуурыг бий болгодог. Гэтэл нийт эфирийнхээ 50-70 хувийг төрийн мөнгөөр угжуулсан дотоод суртлаар үзэгчиддээ тулгалт хийх нь наад зах нь бүдүүлэг алхам биш гэж үү.

    ТВ5 телевизийн захирал асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Телевизүүд 50-70 хувьд нь дотоодын контент гаргах ёстой гэвэл олон телевиз үүдээ барина. Учир нь уран бүтээл хийнэ гэдэг бол асар их зардал, цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардана. Төрөөс 5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд ч тийм хэмжээний чанартай контент хийж чадахгүй” гэдгийг учирлажээ. Үүнийг зөөлнөөр хэлэхэд соёлын нэр барьсан хүчирхийлэл хатуугаар хэлбэл хэвлэлийнхэний амыг мөнгөөр барих гэсэн башир арга гэж тайлбарлахад хилсдэхгүй л болов уу? Соёлын сайдын телевизийн ярилцлага соёлын л нэвтрүүлэгт тооцогдох байлгүй дээ. Соёлын хөтөлбөр нь соёл, спорт аялал жуулчлалын яамны хаалтын гэрээ болоод, сонгууль дөхөөд ирэхээр АН-ын ухуулгын цаг болж хувирах вий дээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>