ОЮУНЫ СПОРТЫН ТАМИРЧИД БАГААРАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

20

ОЮУНЫ СПОРТЫН ТАМИРЧИД БАГААРАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгт 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 21 орны 260 гаруй тамирчид гурван өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулав.

Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа III байрт орлоо.

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр БНХАУ-ын өсвөрийн тамирчин Wei Qinru 7947 оноогоор 2018 оны Ой тогтоолтын Дэлхийн аварга болов.

Монголын Оюун Ухааны Академи, ОУ-ын Их Мастер, 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2018 оны Өсвөрийн дэд аварга болсноос гадна тэмцээний "Хоёртын тоолол" төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар ОУ-ын Их Мастер Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр боллоо.


Мөн Ой тогтоолтын спортын Их Мастер (Grand Master)-ийн болзлыг Б.Лхагвадорж, М.Уянга, Олон Улсын Мастер (International Master)-ийн болзлыг Г.Мянганбаяр, У.Солонго, А.Одмаа, Т.Тэнүүн, Э.Мишээл, Г.Солонго, Т.Үжин нар тус тус хангаж Дэлхийн холбооны шинэхэн мастерууд болов.
 

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр болсон онцлох үйл явдлаас товч дурдвал:
 

1. БНАСАУ буюу Хойд Солонгосын баг тамирчид анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд багаараа мөнгөн медалийн болзлыг хангасан нь олон нийтийг гайхашруулж чадлаа. Монгол Улсад 5 удаа зочилж байснаа дурдсан Хойд Солонгосын багийн дасгалжуулагч “Өнгөрсөн жилийн дэлхийн аварга болсон Монголын баг тамирчдаас урам зориг, эрч хүч аван тамирчдаа жилийн хугацаанд өндөр сахилга баттайгаар бэлтгэснээс гадна улсаас бүрэн дэмжсэн нь ийм амжилт гаргах үндэс боллоо. Танай тамирчдын статистикийг маш сайн судалж бэлдсэн. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга ихэр тамирчид ирээгүй нь бидэнд том боломж олголоо. Ирэх онд танай улсад хамтарсан бэлтгэл хийж туршлага солилцох хүсэлтэй байна.” хэмээн бидэнтэй халуун дотно яриа өрнүүллээ.

2. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрыг манай тамирчдад алдсан БНХАУ-ын баг энэ жилийн тэмцээнд маш их ач холбогдол өгч тус улсын ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон 40 мянга орчим тамирчдаас шигшээ багаа бүрдүүлснээ холбооных нь ерөнхийлөгч дурдаад 2019 оноос БНХАУ-ын дарга Си Жинпин ой тогтоолтын спортод тусгайлан анхаарч улсаас бүрэн санхүүжүүлж дэмжлэг үзүүлэхээр болсныг тайзан дээр хэлэх мөчид бор зүрхээрээ зүтгэж яваа бид битүүхэн атаархаж байлаа. Мөн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах шалгаруулалтад хамгийн таатай саналыг ирүүлснээр тэд ирэх жилийн тэмцээнийг нутагтаа зохион байгуулахаар болов.

3. Ой тогтоолтын спортын ирээдүйн дэлхийн аваргууд аль ч улсын тамирчин байх боломжтойг улс улсын тамирчдын цөөн онооны зөрүүнээс харж болохоор байлаа. Өөрөөр хэлбэл оюуны спортын энэ төрөл нь бусад улс орнуудад өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл юм.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ багийн тамирчдын 60 хувь нь анх удаагаа тус тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд байлаа.

Х.Хулан

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.