1990 ээд оны олон сенсациудын нэг РОМБО гаригтай холбоо барьсан нь

1136

Нэгэн сенсацийн тухай “Парик” гэгддэг байсан сэтгүүлч Жаргалсайхан агсан амьд ахуйдаа ийн дурсаж байсан билээ. “Нэг өдөр дарга “Жагаа /парик хэмээх Жагаа/ чамайг Ерөнхий сайд уулзъя гэж байна” гэв. /Ерөнхий сайд гээд байгаа нь Д.Бямбасүрэн гуай./ “За Жаргалсайхан, манай Ерөнхийлөгчийн Тамгын газарт харь “Ромбу” гаригтай холбоо барьдаг Ч.Дашцэрэн гэдэг хүн ирлээ.
Тэр хүн манай улсын хувь заяаг шийдэх магадлалтай. Гурав хоногийн дараа Богд уулан дээрээс харь гаригийнхантай холбоо барина. Түүнтэй уулз” гэлээ. Тэгэхэд нь би юун харь гариг билээ гэж их гайхсан. Ерөнхий сайд хэлсэн болохоор техник хэрэгслээ аваад Төв шуудангийн урд талын хуучин Содном даргынх байсан байранд өнөөх айлд орлоо. Тэгсэн чинь нэг дээлтэй хүн сууж байна.
“Танин мэдэхvйн “Тулах цэг” нэвтрvvлгээс явж байна. Та одоо харь гаригийнхантай холбоо барих гэж байна уу” гэхэд “Тийм ээ, намайг маргааш өглөө долоон цагт холбоонд ор гэсэн” гэлээ. Холбоо тогтоох өглөө нь би зургаан цагт очлоо. Машиндаа суугаад хөдлөх гэтэл нөгөө хүрэн дээлтэй хүн “Жаргалсайхаан, цай авна шvv, холбоонд орохоор ам их цангадаг юм” гэж байна. Тэгэхээр нь гурван халуун сав цай авчихлаа. Миний нөгөө том сэтгүүлч ч өнгөрсөн, “УАЗ-469”-ийн хонины хонхорт гурван сав цайгаа тэврээд суулаа. Бид хэд Зайсан толгой өнгөрөөд жаахан явж байтал “За, намайг холбоонд ор гээд дуудаж байна” гээд нөгөө дээлтэй ах буугаад уул өөд гүйлээ.
Намайг “Цай ав гэсэн болохоор халуун савтай цайг нь тэврээд, манай оператор камераа бариад гүйлээ. Уулын оройд хамт гарах гэтэл “За би холбоонд орлоо, холдоцгоо” гэж байна. Тэгээд гараа алдалж гурав дөрөв эргэлдэж байснаа унаад өгсөн. Газар тийчилж байхдаа ”Жаргалсайхан цай, цай, дээл яр” гэлээ.
Би ч хэлснээр нь хийсэн. Гэтэл цээж нь урт урт улаан зураас болчихсон байсан. Харин нөгөө хүрэн дээлт маань “Би Монгол улсыг аварлаа. Манай улс ямар азтай юм бэ. Ромбу гаригтай ярьсан чинь танай улс хөгжинө гэж байна” гэлээ. Тэгээд нэвтрүүлгээ Ерөнхий сайдад үзүүлтэл маш сайхан болж гэж магтууллаа. Нэвтрүүлгийн дараа Ч.Дашцэрэн гуай Ерөнхийлөгчийн үзмэрч болсон билээ...

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>