Т.Аюурсайхан: Ц.Пүрэвтүвшин өөрийн эзэмшлийн хувьцаагаа 112,1 тэрбум төгрөгөөр зарах гэж байса
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байсан асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нэр бүхий таван гишүүн Эрдэнэт үйлдвэрийн хувьцаатай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүдийн асуултын хариуг албан тоотоор ирүүлсэн.
Монголын зэс ХХК-ийн зүгээс гишүүдийг үндэслэлгүй мэдээлэл тараасан, гүтгэсэн гэсэн. Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монголын зэс ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байна. Ингэж хандахдаа нийт хувьцаагаа Сингапур улсад бүртгэлтэй Эрдэнэт корп PTI лимитэд компанид бүртгүүлэх хүсэлт бүхий 88 хуудас албан бичгийг хүргүүлсэн. Сингапурт бүртгэлтэй компанийн эзэмшигч нь мөн иргэн Ц.Пүрэвтүвшин байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Монголын зэс ХХК нийт хувьцаагаа мөн өөрийн эзэмшлийн компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Ингэж гаргахдаа хоёр ААН-ийн хооронд гэрээ байгуулсан.
Гэрээнийхээ 1.1-д нийт хувьцаагаа 112.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн. 41 сая 999 мянга 535 ам.доллараар үнэлж худалдаалахаар заасан байна. 2016 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Монголын зэс ХХК-ий эзэмшлийн хувьцааг шилжүүлэх урьдчилгаа төлбөр болгож 80,326 сингапур доллар, 17-ны өдөр 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд Сингапурын компаниас шилжүүлсэн дансны хуулгыг өргөдөлдөө хавсаргасан байсан.
Өнөөдрийн байдлаар Ц.Пүрэвтүвшингээс дахин хүсэлт гаргаагүй байна. Одоогоор Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд байгаа” гэлээ.