Монгол цэрэг бусад орны цэргээс юугаараа ялгаатай вэ?

610

Энэ асуултыг бид олон сонсож байсан. Магадгүй олон хүн олон янзаар хариулж байсан байх. Нийгмийн тогтолцоо, аюулгүй байдлын орчин, гадаад харилцаа гээд олон шалтгааны улмаас бид өөрсдийгөө өрөөл бусадтай харъцуулах боломж хязгаарлагдмал байсаар ирсэн.

Анх биднийг Иракт өөрийн үндсэн зэвсэглэл, техниктэй хөл тавьж байхад гадаадын цэргүүд шоололдон инээлдэж, музейд тавих болсон Оросын хэдэн хуучин техниктэй, хөршөө давж алхаж үзээгүй хэн ч үл мэдэх хэл ам нь мэдэгдэхгүй хэдэн бор цэргүүдтэй монголчууд ирлээ гэж шуугиж байсан нь саяхан…

2015 оны 1 сард Афганистанд ХБНГУ-тай хамтарсан цэргийн багаас мэдээ ирлээ. Тус баазад зохион байгуулагдсан 5,5 км-ийн гүйлтийн тэмцээнд 6 орны 300 гаруй цэргийн алба хаагч оролцож тус бүр 5 хүнтэй багийн төрөлд 1, 3, 4, 5 дугаар байрыг манай монгол цэргийн багууд эзэлж, харин 2 дугаар байрыг дэлхийд алдартай Германы баг эзэлсэн байна. Хувийн дүнгээр ахлах ахлагч А.Нямгэрэл /330 анги/ 1 байр, ахлагч Б.Азжаргал /065 анги/ 3 байр эзэлжээ.

Өмнө нь Афганистаны өөр нэг бааз болох Эггерс бааз дээр болсон “Hoplite Trek” хэмээх тус бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй, 5 км гүйж 60 удаа дүүжинд, 230 удаа гар дээр суниагаад, 16 кг ачаатайгаар ахин 5 км гүйж 60 удаа савлуурт, 230 удаа гар дээр суниагаад дараагийн 5 км-т гүйж барианд ордог хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан, тэсвэр хатуужил сорьсон тэмцээнд 1,2,3,4,5,6,7,9 дүгээр байруудыг Монгол улсын багууд эзэлж, харин 8 дугаар байрыг дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баг эзэлсэн юм.

Одоо тэгэхээр дээрх асуултад өгөх бас нэгэн хариулт тодорхой болж байгаа байх. Бид Энхийг дэмжих ажиллагаанд тамирчин цэрэг явуулдаггүй. Зөвхөн зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт тавигддаг биеийн тамирын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, эрүүл чийрэг алба хаагчийг явуулдаг юм. Монгол цэрэг гадаадын цэргээс цаг агаарын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар, төмөр мэт хатуу сахилга бат, юмхнаар юм хийх монгол амьдрах арга ухаанаар илт ялгагдаж байсан бол өнөөдөр биеийн хүчээр ч илүү гэдгээ нотолж байна.

Бидэнд гадныхаас дутуу зүйл бий юу? Мэдээж бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүртэл зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, агсамж, хүн нэг бүрийн хэрэглэлээ сайжруулаагүй ч НҮБ-аас тавигддаг стандартад бүрэн нийцсэн 850 хүнтэй бие даасан мотобуудлагын батальон, цэргийн хээрийн II шатны эмнэлэг дэлгэн оролцуулж байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр өргөжин тэлж ирлээ. Алхам алхамаар урагшилсаар бид удахгүй дэлхийн жишигт нийцсэн зэвсэглэл, техниктэй болох бизээ.

Бидний өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар хамгаалагдаж ирсэн эх сайхан Монгол улсаа хамгаалалтгүй орхих эрх хэнд ч байхгүй. Монгол Улсад зэвсэгт хүчин хэрэггүй, бид цэргүүдийг дэмий хоосон тэжээж байна гэж ярьдаг, хэлдэг, сурталчилдаг хүмүүс яав ч Монгол цустай хүн биш! Бидэнд эх орноо хамгаалах эр цэрэг хэрэгтэй, эр цэрэгт маань төрийн хайр, халамж, зөв бодлого хэрэгтэй. Монгол Улс маань мөнхөд бат оршиж, монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай!

Хошууч генерал Б.Баярмагнай


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>