Ерөнхийлөгч Х.Баттулга ба АН-ын "зам салж" эхэллээ

664

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019.03.25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгажээ.

Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь улс төрийн амьдралыг бүхэлд нь "халууруулж" орхив.

Эхлээд УИХ-ын Хууль Зүйн Байнгын Хорооны хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн,  чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 45 нь буюу 81.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Энэ бүхэнтэй зэрэгцэн, УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдэл гарган, чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарав. Мөн орой нь хэвлэлийн бага хурал зарлан, уг хуулийг эсэргүүцэж буйгаа дахин зарласан юм.

УИХ дахь АН-ын бүлгийн гаргасан мэдэгдэлд бүр: " Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлж байгаа дээрх хуулийн төслүүд нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, Улсын Их Хурдын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа ..." гэсэн байв.

Энэ бүхнээс дүгнэхэд 2017 оноос улс төрийн хэд хэдэн асуудал дээр байр суурийн илт зөрүүтэй байгаа нь ажиглагдаж байсан Ардчилсан Намын удирдлага ба Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын "зам салж", нэр дэвшүүлсэн нам нь бүр  Ерөнхийлөгчийнхөө эсрэг тэмцэхээ албан ёсоор зарлаж эхэллээ.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар уг зөрчил 2018 оны сүүлээс идэвхжиж эхэлсэн ба энэ нь АН-ын аливаа хурал, уулзалтын үеэрх АН-ын дарга С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболд нарын хүйтэн харилцаагаар илт анзаарагдаж эхэлсэн аж.

Тэр бүү хэл АН-ын үзэл баримтлалтай холбоотой нэгэн маргааны үеэр АН-ын зарим удирдлага: "Үнэхээр ийм байдлаар ойлголцохгүй яваад байх юм бол цаашдаа бидний зам салж таарах нь дээ" хэмээн өгүүлсэн гэнэ.

П.Энхмандах

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>