Чанаргүй барилга барьсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцална

1786

НМХГ-аас "Эко” констракшн болон "Богд ар” хорооллын барилгуудад шалгалт хийжээ. Учир нь оршин суугчдаас дээврээс ус дуслаа, ханын шавар унасан, цахилгаан шат эвдэрлээ, муу барилгад оржээ гэх гомдол тасралтгүй ирдэг байна. Өмнө нь тус барилгын компанийн удирдлага болон СӨХ-нд засварын ажил хийхийг үүрэг болгож байсан байна. Энэ удаагийн шалгалтаар биелэлт хэр байгааг шалгахад засварын ажил  50-80 хувьтай байсан гэнэ. Мөн НМХГ-аас захиалагч, гүйцэтгэгч нар гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага, барилгын чанарт тавих хяналтаа сайжруулж, иргэд ч худалдан авахдаа анхааралтай хандаж байхыг анхааруулсан байна. Учир нь тус барилгууд ашиглалтад орсон цагаасаа хойш хэл ам таталж сүүлдээ дахиад сантехник, дулааны  шугам сүлжээг шинэчлэн солих, дээвэр янзлах зэрэг ажлууд ундарч иргэдэд  чирэгдэл учирч байна гэлээ. Шалгалтын үеэр "Эко” констаркшны төлөөлөгч бригадын дарга Б.Дашзэв "Интернэт, холбоо зэрэг байгууллагууд утсаа  суурилуулахдаа дээвэр дээр гарч цоолох, нүх гаргадгаас болж дээврээс ус алддаг. Таваас зургаан хүний даацтай цахилгаан шатанд  оршин суугчид олуулаа сууж гацаадаг” гэж тайлбарлалаа.

Харин цаашдаа чанаргүй барилга барьж байгаа компаниудад НМХГ-ын зүгээс ямар арга  хэмжээ авах талаар НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга М.Гантулгаас тодруулахад "Цаашид зөвхөн  энэ хоёр компани гэлтгүй  удаа дараа чанаргүй барилга барьж буй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах болно. Захиалагч, гүйцэтгэгч, зураг төслийн хэн нь буруутайг тогтоож тусгай зөвшөөрөлтэй нь ярина. Барилгын хөгжлийн төв, Барилга хот байгуулалтын яаманд зөвшөөрлийг нь цуцлах талаар санал хүсэлтээ явуулах ёстой” гэв.

Мөн Баянголд дүүрэгт ЭХЭМҮТ-ийн урд "Өлзийт трейд” компанийн орон сууцны барилгын асуудал шийдэгдэхгүй өнөөг хүрсэн. Эхний ээлжийн А блок баригдаад байгаа бөгөөд одоогоор айлууд нь ороогүй байгаа гэнэ. Учир нь дулааны асуудал шийдэгдээгүй өнөөдрийг хүрчээ. Шалгалтын бүрэлдэхүүнд НМХГ-ын барилгын байцаагч, авто зам, ус татуургын байцаагч нар оролцсон байна. "Эко” констракшны хувьд "Маршал”, "Голден парк”, "Баянгол 1, 2”, "Хаан суудал”, "Нарлаг”, "Тэмүүлэл” зэрэг хотхоныг барьж ашиглалтад оруулаад байгаа юм. Харин "Богд ар” хороололд  17 барилга байдаг бөгөөд эхний ээлжийн  барилга 2006 онд ашиглалтад орж байжээ.

ULS

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>