Давхар дээл тайлах нь анхнаасаа жүжиг байжээ
"Давхар дээл” гэдэг хэлцийг анх Ерөнхийлөгч гаргаж өдгөө улс төр багахан сонирхдог хүн бүр мэддэг болжээ. 2013 он гарахтай зэрэгцэн Ц.Элбэгдорж энэ тухай ярьж, зургадугаар сарын сүүлчээр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүдийг давхар дээлгүй байлгах хуулийн төсөл санаачлан батлуулна хэмээн санал хураалтын өмнөх менежент хийж байлаа. Тэрээр сонгуульд ялж,хэлснийхээ дагуу Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн хавар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн боловч АН-аас сонгогдсон гишүүдийн олонх нь сайд хийж байсан учир "унасан” юм. Тухайн үед "Ерөнхийлөгч үнэхээр л давхар дээлийн эсрэг зогсч байсан юм байна. Сайд нар дээлээ тайлах хүсэлгүй байна” гэж иргэд бодсон байх. Харин цаг хугацаа өнгөрч,байдал өөрчлөгдөхийн хэрээр сайд болох хүсэлтэй УИХ-ын гишүүд хийгээд Төрийн тэргүүний хувьд давхар дээлийг тайлах гэдэг нь анхнаасаа жүжиг байж гэдэг нь тодорхой боллоо. Ц.Элбэгдоржийн хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан хийгээд шинэ Засгийн газрын гишүүдийн томилгоонд УИХ-ын дарга З.Энхболдтой нийлж далд аргаар хамгийн их оролцсон хүний нэг. Тиймээс Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг давхар дээлгүй байхад бүх талаараа хүчин зүтгэх боломж байсан ч тэгсэнгүй. Ерөнхий сайдыг оруулаад энэ удаагийн Засгийн газрын танхимын 19 сайдын 10 нь давхар дээл өмсчихлөө. Өмнөх Засгаа бодвол давхар дээлт сайдууд цөөрснийг "Зөв жишиг тогтох тал руугаа явж байна” хэмээн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бөөрөнхийлсөн байна лээ. Харин МАН-ын хувьд сөрөг хүчин байхдаа "Давхар дээлээ” тайл гэж хамгийн их хашгирч, гишүүд нь талбай дээр томдсон дээлтэй гарч олныг хөгжөөж байсан цаг саяхан. Гэвч тэд албан тушаалгүй байж чадахгүй гэдгээ ойлгож АН-ын өвөрт гүйж ороод хоёр гишүүндээ давхар дээл "өмсгөөд” орхилоо. МАН гэдэг нам Засгийн газрын гишүүдийн 30 хувь нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг байр сууриа хатуу хамгаална гэсэн боловч албан тушаалын бараанаар өнөөхөө ч умартав. Тэдний хамтран ажиллах Засгийн газрын бараг 50 хувь нь давхар дээлтэй байгаа нь МАН-ынхан өөрсдөд нь ашигтай бол үзэл бодлоо хэрхэн өөрчилж болдгийг харуулав.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд УИХ-ын чуулганаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн юм. 2014 оны долдугаар сарын 1-нээс УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй байх хууль хэлэлцэхийн өмнө болон хойно өчигдөр сайдын суудалд заларч давхар дээл "өмссөн” гишүүд өөр зүйл ярьж байсан. Давхар дээл тайлах гэдэг анхнаасаа л жүжиг байж.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин