У. Хүрэлсүхийг харсаар байгаад “бухын доодхыг харж үнэг турж үхнэ” гэдэг шиг юм болох вий

708

Монгол улсын эдийн засаг хүнд байна гэж өнөөдөр дээр дооргүй ярьж байна. Тиймээс эдийн засгийг сайжруулна гэж ард түмний итгэлийг авч гарч ирсэн МАН-ынхан 12-18 сарын дотор байдлыг тогтворжуулна гэж амлаж байсан. Харин тэдний энэ амлалт бүрэн дүүрэн биелэж чадах уу гэдэг нь өдгөө туйлын эргэлзээтэй болж байна. Зүгээр хөдөө орон нутагт очоод ард иргэдтэй улзахдаа гоё сайхан юм яриад явах нэг өөр хэрэг, харин хэлсэн ярьсан юмаа биелүүлэх нь шал өөр хэрэг. Харамсалтай нь монголын ард түмэн ийм үг сонссоор байгаад бүр дасчихаж,бас залхчихаж. Өмнө нь одоогийн УИХ-ын дарга М.Энхболд иргэд хөдөлмөрчидтэй уулзахдаа дандаа л ийм юм ярьж явдаг байсан, АН-ын Н.Алтанхуяг сайд байхдаа ч мөн адил бас л ингэж хэлдэг байсан. Гэхдээ байдлыг ажвал өнөөгийн Засгийн газар Монгол улсын эдийн засгийг ойрын 1-2 жилдээ сайжруулж чадахгүй гэдэг нь бараг тодорхой болчихлоо. Эдийн засаг гэдэг бол хэн нэг тэнэг хүний хийдэг ажил биш, тэр тусмаа даргын алба хашна гэдэг бол бас тэнэгүүд хийдэг зүйл бол бүр биш гэдгийг хэлмээр байна.

Харин өнөөгийн У. Хүрэлсүхийн Засгийн Газрын бүрэлдхүүнийг харвал хөөрхийдөө сайд, дарга хийж чадах л юм байхдаа гэмээр хүмүүс олон байгааг хэлэх юун. Тэдний хэлж ярьж байгааг сонсвол их сонин зүйлүүд харагддаг. Жишээ нь сая Ерөнхий сайд орон нутагт ажлын айлчлал хийн, ард иргэдтэй уулзах үеэрээ ЗГ эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрийг боловсруулж хүндрэлийг даван туулна гэхийг сонслоо. Гэхдээ яаж гэдгийг тэрээр нарийвчлан тайлбарласангүй. Хамгийн наад зах нь Монгол улс чинь өөрөө юу хийж чаддаг улс билээ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зах зээлд шилжсэнээс хойш уул нь нэлээд юм хийж чаддаг болсон ч өнөөг хүртэл экспортлогч улс биш, импортлогч улс хэвээрээ байгаа гэдгээ санах хэрэгтэй. Өнөөгийн ЗГ-ын авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар зарим эдийн засагчид түрүүчээсээ дуугараад эхэлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэдний хэлж ярьж байгааг сонсоход У. Хүрэлсүхийн ЗГ-ын авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнүүд нь төдийлөн үр дүнтэй биш гэж үзэж байна. Учир нь өнөөдөр төр засагт мөнгө байхгүй бол ЗГ нэг бол мөнгө хэвлэнэ, аль эсвэл аль нэг гадны улс орноос мөнгө зээлж таарна. Хамгийн боломжит хувилбар нь дахиад л өнөөх Олон Улсын Валютын Сангаасаа хөрөнгө мөнгө зээлэх хувилбар байж болох ч тэд нар маш өндөр шалгуур тавьдаг болохоор энэ нь хоосон зүйл болж хувирах магадлалтай.

Засгийн газар мөнгө хэвлээд унавал Монгол шиг хамаг юмаа ам доллараар арилжаагаа хийдэг улсад хямрал улам даамжрах нь гарцаагүй. Мөн ЗГ-ын байнга ярьж явдаг өөр нэг зүйл нь өмнөх сонгуулиар амалсан амлалтаа биелүүлэх явдал юм. Харин одоогийн УИХ-ын Төсвийн Байнгын хороо болон ЗГ-ын эрхмүүдийн хэлж ярьж байгаагаас харахад тэдний өнөөх амласан амлалт нь дашийн шог болох нь бараг тодорхой болж байна.  Нэг их удахгүй намрын чуулган завсарлана. Тийм болохоор энэ чуулганаар зөв зүйтэй шийдвэр гараасай гэж олон түмэн хүсэн хүлээж байгаа. Хэрвээ анхнаасаа буруу шийдвэр гаргаад, буруу төсөв батлаад явбал Монгол улс өнөө газар дундын тэнгист байдаг Грек улс шиг болох магадлал тун их бий гэдгийг эдийн засагчид сануулж байна.

Ж.Батдорж

Эх сурвалж: Guren.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>