Гэрэлгүй, хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг бактерийг анх удаа ялган авчээ
ОХУ-ын Томскийн улсын их сургуулийн микробиологчид дэлхийд анх удаа "Desulforudis audaxviator" гэдэг бактерийг /нян/ ялган авсан байна. Уг бактерийг илрүүлэхээр дэлхийн эрдэмтэд 10 орчим жилийн турш “ангуучилж” байгаа ажээ.
Томскийн эрдэмтэд уг бактерийг гүний уснаас ялган авсан байна. "Desulforudis audaxviator" гэдэг үгийг латин хэлнээс орчуулбал “зоригт аянчин” гэсэн утгатай аж.
Уг бичил биет нь гэрэл болон хүчилтөрөгч огт байхгүй орчинд энерги авч амьдардаг нь эрдэмтдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа юм. Энэ нь сансар огторгуйд, ялангуяа Ангараг гараг дээр амьдрал байх боломжтой гэдгийг онолын хувьд харуулж байгаа ажээ. Өмнө нь эрдэмтэд “гэрэлгүй, хүчилтөрөгчгүй орчинд фотосинтезийн урвал явагдахгүй учраас амьдрал байх ёсгүй” гэж үздэг байв.
Газрын гүнд ийм төрлийн бактери байдаг гэдэг нь 10 гаруй жилийн өмнө тодорхой болсон ба Америкийн эрдэмтэд 1.5-3 км-ийн гүнд орших Өмнөд Африкийн нэгэн алтны уурхайн усан дотроос уг бактерийн генийн ул мөрийг анх удаа илрүүлсэн байна. Тэдний бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл "Science" сэтгүүлд нийтлэгдсэний дараа олон орны эрдэмтэд уг бактерийг “ангуучилж” эхэлжээ. Гэвч хэн ч түүнийг олж чадаагүй учраас “уг бактери маш ховор бөгөөд 1000 жилд нэг удаа задралд орж үрждэг” гэж үзэх болсон аж.
Томскийн эрдэмтэд Оросын ШУА-ийн Холбооны судалгааны төвийн ажилтнуудын хамт Томск мужийн хойд нутаг дахь нефтийн цооногуудаас авсан усны дээжнээс "Desulforudis audaxviator" бактерийн ул мөрийг илрүүлсэн байна. Хэсэг хугацааны дараа тэд бактерийг ялган авсан бөгөөд уг бактери нь 28 цаг тутамд буюу бараг өдөр бүр нэг удаа задралд ордог болохыг тогтоожээ.