Д.Дорлигжав: Х.Тэмүүжинг шалгуулна

1958

Д.Дорлигжав: Х.Тэмүүжин хамаатантайгаа нийлж намайг гүтгэсэн нь хатуудсан тоглоом боллоо. Тиймээс шалгуулна

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин их хэмжээний авилга, хээл хахуультай холбоотой байж болзошгүй ноцтой гэмээр баримтыг дэлгэсэн нь одоо ч хүмүүсийн сонирхолыг татсаар байгаа. Түүний дэлгэсэн 4 сая долларын  баримтын цаана авлига, хээл хахуулийн хэрэг нуугдаж байгаа гэх хардлага ч нийгэмд байгаа. Улмаар тухайн хэрэгт хэд хэдэн газрууд, хувь хүмүүсийн нэр ч холбогдоод авсан нь нууц биш. Тухайлбал, "Алтан Дорнод Монгол” ХХК, "Голомт” банк, "NRI CCV” компани зэрэг мөн Хууль зүйн шинэ сайд Д.Дорлигжав, "Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд нарын нэр ч уг баримт бичигт холбогдоод байгаа.

Тэгвэл "Алтан Дорнод Монгол”, "Голомт” банкны зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж өөрсдийгөө ямар ч холбоогүйг мэдэгдэж, цаашид хуулийн байгууллагаар уг асуудлыг шалгуулахад бэлэн гэдгээ ч зарласан.

Харин "Алтан Дорнод Монгол” ХХК болон "NRI CCV” компанийн захирал Т.Ганболд, шинэ сайд Д.Дорлигжав нар байр сууриа илэрхийлээгүй байсан юм.

Тэгдэл өчигдрийн чуулганы  хурлаар шинэ сайд болсон Д.Дорлигжав энэ хэрэгт ямар учраас холбогдоод байгаа дээрээ байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр  "Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад  эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Танидаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Би ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэсэн юм.

Ийн тэрбээр Х.Тэмүүжин байр сууриа тавьж өгөхгүйн төлөө маш их явсан гэдгийг энэ үеэр илэрхийлэв.   Түүний хувьд Ерөнхий прокурорын ажлаа хүлээлгэж өгөх үедээ 4 сая долларын талаарх сэтгүүлчдийн асуултанд огт хариулаагүй "хаширласан”. Харин сайд болох нь тодорхой болсон үе буюу санал хураалтын өмнөхөн ийн зоригтойгоор байр сууриа илэрхийлсэн юм.

Юутай ч  энэ асуудал улам даамжирсаар "өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэгч боллоо. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин энэ бүхнийг дэлгэснээрээ өөрөө шалгуулах дээрээ тулаад байгаа юм.   Тэгэхээр нэг бол Х.Тэмүүжин гишүүн өөрийн гаргасан уг баримтынхаа цаана авлига байгаа гэдгийг батлах , нэг бол Д.Дорлигжав сайд энэ баримтын цаана ямар ч авлига байхгүй гэдгийг батлах л үлдлээ.

Учир нь энэ бол зүгээр нэг танин мэдүүлэх төрлийн мэдээлэл биш. Заавал шалгах  хэрэгтэй асуудлын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Ийнхүү Хууль зүйн шинэ сайд Д.Дорлигжавын хувьд  экс сайдтайгаа шүүхдэлцсэнээр ажлаа эхлэх нь.

24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>