Хойд Солонгосын элит ангийнхны хүүхдүүдийн тансаглал

9088

Хойд Солонгосын элит ангийнхны хүүхдүүдийн тансаглалН.МӨНХЖИН

"Хойд Солонгосын Хөдөл­мөрийн намын өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд улс орны эдийн засгийн шинэ, хүчирхэг элитүүд болж, эд баялгаа ичиж зоволгүйгээр гайхуулдаг боллоо” хэмээн Сөүл хотод төвлөрдөг "News Focus International” хүрээлэнгийн шинжээчдийн багийн илтгэлд онцолжээ. Хойд Солонгосын шинэ бизнесмэн залуусын нэр, нөлөө дээд лидер Ким Чен Унаас ч илүүтэй үнэлэгдэх болсон гэж байна.

Тэдгээр шинэ магнатуудын нэг нь Төрийн аюулгүй байдлын сайд Ким Вон Хонгийн хүү Ким Чул ажээ. Тэрээр өмч хөрөнгө цуглуулж, хураахын эсрэг арга хэмжээ авдаг агентлагийг удирдахын хажуугаар төрийн хяналтад байдаг социалист эдийн засгийн бараа бүтээгдэхүүн, гадаад валютын эргэлтийг хянадаг. Пхеньяны залуу лидерийн хадам ах Чан Сон Тэкийг нэг жилийн өмнө баривчлан цаазалсныг хамгийн түрүүнд мэдэж, мэдээлж байсан "News Focus International” хүрээлэнгээс уламжилж буйгаар, Ким Чул гадаад худалдааны "Chungbong Trading” компанийг удирддаг ба Хятадаас орж ирсэн гадаад валютыг хянаж, ийш тийш нь "гүйлгэх” эрхтэй ажээ. Тэрээр улс орны эдийн засгийн элит ангийнхан шавж амьдардаг Пхеньян хотын саятнуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн аж.

 

Дэглэмийн гурав дахь хүн гэгддэг Чо Рүн Хагийн хүү Чо Хун Чул нийслэл хотын гудамжаар нууж хаалгүй тансаглаж, эдээр гайхуулж явдаг нь коммунист дэглэмийн цоо шинэ үзэгдэл болж байна. 2011 оны арванхоёрдугаар сард өөд болсон өмнөх удирдагч Ким Чен Ирийн үед ингэж тансаглаж, сайрхах нь боломжгүй, санаанд оромгүй зүйл байлаа хэмээн NFI хүрээлэнгийнхэн хэлж байна.

Эдийн засгийн шинэ элит ангийг бүрдүүлж буй 50 орчим насны эрчүүд Зүүн Европын задралыг нүдээр харсан тул эрх мэдлээ бэхжүүлж, системийг хадгалж үлдэхийн чухлыг ойлгож мэдэрсэн хэмээн Хойд Солонгосын уугуул, Хөдөлмөрийн намд өндөр алба хашиж явсан Чан Жин Сун тайлбарлаж байна. Тэрээр өмнөд рүү зугтан гарч Сөүлд төвтэй News Focus International хүрээлэнг удирдах болсон юм. Пхеньяны бизнес, санхүүг "атгах болсон” шинэ үеийнхэн доллар, гадаад валютын эрх мэдэл коммунист системд чухал үүрэгтэйг ойлгосон, тиймээс санхүү, олон улсын худалдаа наймаанд хяналт тавьж, өөрсөддөө ашиг унагаж чаддаг хэмээн Чан Син Сун тайлбарлаж байна.

Кимүүдийн дэглэмийн хэтэрхий нууцлаг, хаалттай байдлын улмаас тус улсаас ирж буй дээрх мэдээллийг зуун хувь баталж чадахгүй ч Хойд Солонгост хэдэн жилийн өмнөөс гадаад валютын урсгал, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хянадаг хар зах зээл бий болсон нь тодорхой ажээ. Энэхүү "Хар гар”-ын улмаас тус улсын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг доголдож, хомсдол үүсэх нөхцөл бүрдэж байгаа гэж тайлбарлах хүмүүс ч байна. "News Focus International” хүрээлэн хаалттай Хойд Солонгос дахь нууц хамтран ажиллагсдаараа дамжуулан дээрх мэдээллийг олж авчээ. Тэд мэдээллийг цуглуулж, Хятадтай залгаа хил дээрээс баримт, мэдээллээ илгээдэг аж. Энэхүү нууц ажиллагаа нь ил болвол цаазаар авахуулах аюултай юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>