Монгол цэрэг бусад орныхноос ямар ялгаатай вэ?

784

 Хэдэн жилийн өмнө Оросын армийн генерал цэргүүдтэйгээ суниаж байгаа дүрс бичлэг цахим орчинд олныг шуугиулсан. Үүнтэй зэрэгцэн ЗХЖШ-ын дэд дарга асан, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай нэгэн ёслолын үеэр өлхөн 100 суниаж буй дүрс бичлэг мөн л "лайкад дарагдаж" байв. Харин манай цэнхэр дуулгатнуудын хувьд, 230 удаа суниах бол юу ч биш гэнэ. 

 

Монголын энхийг сахиулах ажиллагааг хамгийн олон удаа удирдсан, шилдэг офицерын нэг Б.Баярмагнай генералд, монгол цэрэг бусад орны цэргээс ямар ялгаатай вэ гэсэн асуулт тавьсан юм. Тэрээр, "Энхийг дэмжих ажиллагаанд тамирчин цэрэг явуулдаггүй. Зөвхөн зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт тавигддаг биеийн тамирын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, эрүүл чийрэг алба хаагчийг явуулдаг" гэдгийг тодотгоод, зөвхөн хоёр жишээг онцолсон юм.

 

Тухайлбал, Афганистаны Эггерс баазад, 5 км гүйж 60 удаа дүүжинд, 230 удаа гар дээр суниагаад, 16 кг ачаатайгаар ахин 5 км гүйж 60 удаа савлуурт, 230 удаа гар дээр суниагаад дараагийн 5 км-т гүйж барианд ордог хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан, тэсвэр хатуужил сорих “Hoplite Trek” тэмцээн болдог. Баг  бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй оролцдог тус тэмцээнд Монгол Улсын багууд эхний долоон байрыг, 9 дүгээр байртай нь эзэлж, зөвхөн 8 дугаар байрыг дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баг авч байв.

 

Мөн Афганистанд 2015 оны нэгдүгээр сард 5,5 км-ийн гүйлтийн тэмцээнд зургаан орны 300 гаруй цэргийн алба хаагч тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй багтай оролцсон. Тэмцээний 1, 3-5 дугаар байрыг манай цэргийн багууд дангаар эзэлж, 2 дугаар байрыг нь дэлхийд алдартай Германы баг авсан. Хувийн дүнгээр ахлах ахлагч А.Нямгэрэл /330 анги/ 1 байр, ахлагч Б.Азжаргал /065 анги/ 3 байр эзэлж байлаа.

 

Анх Иракт үүрэг гүйцэтгэхээр очиход, музейд тавих болсон Оросын хэдэн хуучин техниктэй, хөршөө давж алхаж үзээгүй, хэл ам нь мэдэгдэхгүй хэдэн бор цэрэг энхийг сахиулахаар ирлээ гэж бусад орны цэргүүд инээлдэж байв. Гэсэн ч НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдоос монгол цэрэг цаг агаарын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар, хатуу сахилга бат, юмхнаар юм хийх амьдрах ухаанаар онцгойрон ялгарч байсан бол, өнөөдөр биеийн хүчээр ч илүү гэдгээ нотолж байгаад бахархалтай явдаг хэмээн тэрээр ярив.

 

Дашрамд дуулгахад, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийнхан саяхан эх орондоо ирсэн. Тэд үүрэг гүйцэтгэх хугацаандаа гадаадын цэргийн алба хаагчдын дунд болдог “Данкон" маршийн тэмцээнд 20 гаруй орны 300 гаруй цэргийн алба хаагчаас мөн л тасархай түрүүлжээ. Тэмцээний эхний 40 байрыг манай энхийг сахиулагчид дангаар эзэлсэн сайхан мэдээ байна.

ЭХ СУРВАЛЖ:  /МОНЦАМЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>