Таалагдсаныг нь бичвэл сайн сэтгүүлч, эс таалагдсаныг бичвэл худалдагдсан сэтгүүлч

571

Монголын сэтгүүл зүй, энэ цагийн сэтгүүлчид “Үнэн гэж чамд таалагдсан худлыг хэлнэ…” гэх хатуу шүүлтүүр дунд салбарын түүхээ бичиж байна.

Сэтгүүлчид өнөөдөр таалагдсаныг нь бичээд “сайн сэтгүүлч” гэх магтаалд ташуурахгүйгээр, эс таалагдсаныг нь “худалдагдсан сэтгүүлч” гэх шүүмжлэлд нугарч хугарахгүйгээр өмнөх ажлаа хийж, үүргээ сайн гүйцэтгэж чадаж байгаа. Гэхдээ бидэнд алдаа оноо, засаж залруулах юм зөндөө бий. Хэдэн санаа хэлье. 

Хамгийн нэгдүгээрт, сэтгүүлчид бид илүү мэргэжлийн баймаар байна. Зарим маань уншигч, үзэгчиддээ гологдож байгаа гэдгийг шууд хэлье. Сошиалыг сэтгүүл зүй биш гэж хоосон үгүйсгэх юм. Үүний оронд илүү мэргэжлийн байж, сэтгүүл зүй бол бие даасан салбар, сэтгүүлч бол мэргэжил гэдгийг сэтгүүлчид өөрсдөө бодитой нотлон харуулж ажиллах ёстой. эзээ, хаана, юу… гэдгийг жирийн иргэн сошиалаар мэдээлэх боломжтой болсон. Харин яагаад гэдэг нь мэргэжлийн сэтгүүлчдийн ажил болж байна, энэ шалгуурт тэнцэх ёстой. Хоёрдугаарт, сэтгүүлчид үйл явдлыг мэдээлдэг, эх сурвалжаас мэдээлэл бэлтгэдэг хэдий ч одоо салбар салбараар төрөлжин мэргэших цаг болсон. Бүхнийг, бүх салбарыг мэддэг сэтгүүлч гэж байхгүй. Багш, эмч, шүүгч, өмгөөлөгчид  бүгд мэргэшиж байгаа шиг. Улс төрийн, эдийн засгийн, нийгэм соёл гэх мэтээр салбараар дагнан мэргэшсэн байдал, ажлын туршлага, ур чадвараар нь сэтгүүлчдийг магадлан итгэмжлэх цаг болсон. Ингэж магадлан итгэмжлэгдсэн сэтгүүлчдэд олон нийт илүү итгэнэ, мэдээлэл, баримт нь илүү баттай, илүү мэргэжлийн байна. Европын олон орны энэ жишээнээс суралцмаар санагддаг. Гуравдугаарт, дотоод дүрэмгүй ганц салбар нь сэтгүүл зүй үлдэж байна. Дотоод дүрэм гэдэг нь хэвлэлийн болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс тусдаа асуудал. Манай салбарын зах зээл зохицуулалтгүй, дүрэмгүй, дэндүү сайн дурын яваа. Энд зохицуулалт, дүрэм хэрэгтэй. Жишээ нь, цахим сэтгүүл зүй эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед захын хүн, ер нь олон хүн компьютерын хоёрхон команд, долоовор хуруугаараа товчлуур ашиглах төдийд сэтгүүл зүй эрхэлж байна. Иймд үйл ажиллагаанд нь оролцохгүй, мэдээлэлд нь цензур тавихгүйгээр цахим сайтуудын бүртгэлийг хийхэд буруугүй гэж боддог. Жишээ нь, хэрвээ цахим сайтаар хэвлэл мэдээллийн байгууллага болох гэж байгаа бол редакцын байртай байх хэрэгтэй. Тэр нь түрээсийнх байна уу, хувийнх нь байна уу, хамаагүй. Сэтгүүлчидтэй байх ёстой.

Сэтгүүлчдийнхээ цалин, нийгмийн даатгалыг өгдөг, төлдөг байх ёстой, энд хэдэн төгрөгийн цалин өгдөг нь хамаагүй. Өдөрт бэлтгэдэг контентынх нь ядаж 60 хувь нь өөрсдийнх байх ёстой. Тэгэхгүйгээр өнөөдрийнх шиг бусдынхыг хулгайлаад, хуулаад яваад байвал энэ сэтгүүл зүй биш, хэвлэл мэдээллийн байгууллага ч биш. Эдгээр шалгуурыг хангаагүй, эсвэл нэг жил ч юмуу тодорхой хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй цахим сайтуудын бүртгэлийг царцаах, цуцлах зохицуулалт хэрэгтэй. Энэ бол мэдээллийн цензур биш, харин хэвлэл мэдээллийн байгууллагад байх ёстой наад захын стандарт юм.

Хорооллын гудамжинд бараа зараад амьдралаа залгуулдаг хүнээс төр “Орлогыг нь тодорхойлох боломжгүй” гэсэн төрлөөр татвар авдаг, тэнд зогс, энд болохгүй гэж шаарддаг. Тэгвэл оюун санаанд үнэнийг түгээх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага стандартгүй, сайн дурын байж болохгүй. Миний энд хэлсэнд олон хүн дургүйцэх л байх. Ийм замбараагүй байх нь зарим хүнд ашигтай ч байх шиг байгаа юм.
Дөрөвт, гүтгэх асуудлыг тойрч манай салбарынхан сүүлийн үед нэлээд ярьж байна. Гүтгэхийг Эрүүгийн хуулиар зохицуулахгүй, Зөрчлийн хуулиас хасуулна гэж ярих нь өөрөө ач холбогдол багатай. Энд сэтгүүлчийн гүтгэлэгт ямар хариуцлага хүлээлгэх, арай хөнгөн байх ёстой, одоо хүнд байна гэсэн л яриа яваад байгаа. Хувь хүний нэр төр, алдар хүнд бол өөрт нь болон гэр бүл, найз нөхдөд нь тухайн сэтгүүлчийн
ажил, мэргэжлээс мэдээж эрхэм. Тийм учраас сэтгүүлч бол гүтгэх давуу эрхгүй. Харин хуулийн зохицуулалтын хувьд Америкийн жишээг хуулбарлаад хуульчилмаар санагдсан. Америкт яадаг гэхээр гүтгэлэгт гомдол гаргагч нь хоёр зүйлийг шүүхийн өмнө нотлох хэрэгтэй болдог байна. Нэгд, сэтгүүлчийн гаргаж тавьсан баримт худлаа болохыг нотлох ёстой. Хоёрдугаарт, уг баримт нь худлаа болохыг уг сэтгүүлч анхнаасаа мэдэж
байсан үгүйг гомдол гаргагч нотлох үүрэгтэй. Хэрвээ энэ хоёрыг хоёуланг нь нотолж чадвал гүтгэлэг гэж үздэг, харин баримтынхаа худлаа болохыг сэтгүүлч анхнаасаа огт мэдэхгүйгээр нийтэлж нэвтрүүлсэн бол мэргэжлийн алдаа гэж үзээд шийтгэлийг шүүх биш, сэтгүүл зүйн мэргэжлийн байгууллага хариуцлага тооцдог байна. Энэ санааг дэлгэрүүлж судлах хэрэгтэй, энэ бол сэтгүүлчдийн хувьд гүтгэх нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн алинд байхаас үл хамаарсан илүү сайн хамгаалалт болно гэж бодож байна.

Нийтлэлч Г.Отгонбаяр

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>