Боловсрол бол эрх болохоос ямба биш

637

Өндөр төлбөртэй хувийн сургуульд улсын сургуулийн адил хүүхэд бүрийн тоогоор хувьсах зардал нэмж олгож байгаа нь хачирхалтай. Хувьсах зардлын хэмжээг жил бүр шинэчлэн тогтоох ёстой ч, алдаг оног хийж байгаа нь хэний лобби вэ?

Ардчилсан Монголд анхны, хувийн дунд сургууль байгуулагдсанаас хойш хорин таван жил болж байна. Эдүгээ ЕБС-ийн нийт сурагчдын 7 хувь нь, дээд боловсролын нийт оюутны 46 хувь нь хувийн сургуульд суралцаж байна. Ерөнхий боловсролын 803 сургуулиас 160 нь, 34 их сургуулиас 20 нь, 48 дээд сургуулиас 44 нь тус тус хувь хүний хөрөнгө. Монголд боловсрол томоохон бизнес болсноор барахгүй, боловсролын салбарыг өнөөдөр хувийн хэвшлийн оролцоогүйгээр төсөөлөх ч аргагүй болжээ.

Хувийн сургуулиудтай болсноор нийгэмд ямар үр дагавар үүсэв, цаашдаа боловсролд ямар бодлого баримтлах, ер нь боловсролын зорилгыг яаж ойлгоод буйгаа монголын нийгэм эргэн нэг харах, үр дүнгээ хэлэлцэн дүгнэх цаг болжээ.

Хувийн сургуулийн нийтийн нөлөө

Хувийн сургуулиуд олноор бий болсноор, хоорондынх нь өрсөлдөөн хурцдаж, улмаар орон даяар, ялангуяа хүн амын хагас нь төвлөрсөн нийслэлд сургууль сонгох боломж бусад бүх хэрэглээний барааны адил маш өргөн боллоо.

Барааны чанар үнээсээ хамаарна. Сайн сургууль өндөр төлбөртэй. Хувийн, дунд сургуулийн нэг хүүхдийн нэг жилийн төлбөр 2019 оны байдлаар 1- 58 сая төгрөгийн хооронд, дунджаар 8 сая төгрөг болжээ. Мөн сургуулийн өмнөх насны боловсролын буюу хувийн цэцэрлэгүүд олон болж байна.

Нэг анги нь төрийн сургуулиас хоёроос гурав дахин цөөн хүүхэдтэй, багш нарын цалин хоёроос арав дахин өндөр, гадаад хэлийг төрөлх хэлтэй гадаад багш зааж, сургах нөхцөл нь өндөр хөгжилтэй оронтой өрсөлдөхүйц болсон учир хувийн сургуулийн сургалтын чанар сайн, төгсөгчдийн дийлэнх нь дэлхийн нэр хүндтэй их дээд сургуульд элсэн орж, суралцах боллоо.

Гэвч хүүхдээ хувийн сургуульд сургах өндөр орлоготой айл өрхийн тоо цөөн учир манай улсад сайн чанарын боловсрол эрх ямба (privilege) болоод байна. Дийлэнх хүүхдүүд (93 хувь) сурч буй нийтийн сургуульд чанартай сайн боловсрол олгоход хангалттай хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Монгол улс ДНБ-ийхээ 4.2 хувийг буюу төсвийнхөө 12.4 хувийг (2015 оны байдлаар) боловсролд зарцуулж байгаа ч, хангалттай сургууль ч барьж чадахгүй, хүүхдүүд гурван ээлжээр, нэг ангид тавин хүүхэд хичээллэсээр байна.

Улсын сургуульд хөрөнгө мөнгө хүрэхгүй байхад өндөр төлбөртэй хувийн сургуульд улсын сургуулийн адил хүүхэд бүрийн тоогоор хувьсах зардал нэмж олгож байгаа нь хачирхалтай. Бусад оронд хэрэв төсвөөс мөнгө хувийн сургуульд олгож байгаа бол төлбөрийн дээд түвшинг тогтоож, хүүхдүүдийг оршин суугаа харьяаллаар нь авахыг шаарддаг. Харин манай улсад төр засгийн удирдлагуудын хүүхэд, ач гуч нар бүгд хувийн сургуульд явдаг, мөн төр засгийн үе үеийн удирдлагын олон хүн өөрсдөө хувийн сургууль байгуулсан учир, улс даяар хүрэлцэхгүй байгаа боловсролын хомс төсвөөс хувийн сургуульд үргэлж олгож ирлээ.

Үүнийгээ бүр хуульчлан баталсан ажээ. Боловсролын тухай хуулийн 41.1-д “Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох нормативт зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ” гэжээ. Уг нь хувийн сургуульд хувьсах зардлыг олгох хэмжээг жил бүр шинэчлэн тогтоох ёстой ч, алдаг оног хийж байгаа нь хэний лобби вэ? БСШУЯ-аас боловсролыг орон даяар ижил тэгш олгохын оронд, Кэмбрижийн хөтөлбөр, лаборатори сургууль гэх мэтээр заримыг нь тусгайлан ялгаж, багш нарын цалинг 30 хувиар өндөр, тусгай зардал нэмж олгох зэрэг бодлого явуулсаар байна.

Хувийн сургуулиуд эрс өндөр цалин амлаж, улсын сургуулиудын хамгийн шилдэг багш нарыг бүтэн, эсвэл хагас цагаар авдаг болжээ. Хувийн сургуулиуд эдүгээ сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг, төлбөрийн чадвартай гэр бүлээс гаралтайгаас гадна, хамгийн авьяаслагаар нь сонгон шалгаруулж элсүүлж байна. Төрийн сургуулиуд шиг заавал оршин суугаа харьяаллаар нь авах журам энд үйлчилдэггүй.

Энэ бүхний үр дүнд монгол улсын нийгмийн давхаргуудын ялгаа улам томорч байна. Боловсрол нь ашгийн төлөө бизнес болж, нийгэм гэрлийн хурдаар баян, ядуугийн хоёр туйлруу огцом хуваагдан, түргэн татагдаж байна. Боловсролын ялгаа нь насан туршийн ялгаа болдог. Хүүхдүүдийн хооронд баян ядуугаараа ялгаварлан гадуурхах хандлага ажиглагдах боллоо.

Мөн, оюутны тоогоороо төрөөс татаас авдаг байсан тул зарим хувийн дээд сургуулиуд чанарт биш тоонд анхаарч, төгсөгчид нь ажил олж чадахгүй, олсон ч ажилдаа гологдох хандлага гарсаар байна. Дээд боловсролын дипломтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж, дээд боловсрол заавал шаардахгүй ажил эрхлэгчид олширч байна.

Боловсролын бодлого

Эдүгээ бид хүүхдийн сурлагын дүн, шалгалтын оноо өндөр байвал боловсролыг үр дүнтэй, оруулсан хөрөнгө оруулалт өгөөжтэй гэж үзсээр байна. Гэтэл сургуулийн хөтөлбөрийн дагуу сурвал амьдралаа дээшлүүлэх, ядуурлаас гарах боломж олгоно гэх хэв загвар ажиллахгүй байна. Хувийн сургууль байгуулагдаад нийгмийн ядуурлыг бууруулахгүй, харин ч нийгмийн тэгш бус байдлыг улам дэврээх боллоо.

Дэлхийн олон улсад боловсролын бодлого нь өөр байна. Боловсролын зорилго бол оддыг төрүүлэх биш, нийгмийн тэгш бус байдлыг багасгах явдал гэж жишээ нь Финланд улс үзэж байна. 1980-аад онд хийсэн боловсролын шинэтгэл нь сургуулийг хүүхдийн хувьд эрүүл, аюулгүй орчин болгохыг зорьжээ.

Энэ улс бүх сурагчдад өдрийн хоол үнэгүй өгч, эрүүл мэндээ хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө авах, ганцаарчилсан сургалт авах боломжоор хангадаг. Үр дүнд нь 2000 оноос хойших  PISA survey, буюу 15 настай сурагчдын унших, математик, байгалийн ухааны мэдлэг чадварыг харьцуулсан судалгаагаар Финланд улс дэлхийд тэргүүлж эсвэл удаалж ирлээ. Энэ судалгааг Өмнөд Солонгос, Сингапур хоёр бас тэргүүлж өрсөлддөг. Финландын боловсрол яагаад ийм сайн байгааг Монголын багш нарын 7-р их хуралд зориулсан Багшийн хөгжил-Улсын хөгжил нийтлэлээс дэлгэрүүлж уншаарай.

Боловсролын зорилго бол нийгмийн эрх тэгш байдлыг хангах явдал юм.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>