Эрхэм гишүүдийн эрх ямба хэргийн нөхцөл байдлыг тогтооход саад учрууллаа

78

Өмнөх (өдрийн) дугаарт төрийн ордонд хяналтын камер байхгүй байгаа нь өнгөрөгч баасан гаригт болсон золгүй явдлын нөхцөл байдлыг тодорхойлоход хүндрэл учруулж байгаа тухай мэдээлсэн(“Зууны мэдээ” сонин). Харин тийм байхад хүргэсэн зүйл нь юу вэ?

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү зуурдаар нас барснаас хойш зургаан хоног өнгөрлөө. Төрийн ордонд, төрийн тусгай хамгаалалттай газар төрийн өндөр албан тушаалтан асан гэнэтийн байдлаар амиа алдсан шалтгааныг цагдаагийн байгууллага ч, эмч нар ч хэлж чадахгүй, амандаа ус балгасан мэт л дуугүй байна. Харин даваа гаригт АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Ц.Туваан нарын хийсэн мэдээллээс олон нийт там тум мэдээлэл авлаа.

Тэд өмнөх өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан “Зүрх нь гэнэт хаагдаж шат руу унасны улмаас нас барсан” гэх мэдээллийг үгүйсгэв. Гэсэн ч тэр мэдээллийг тараасан эх сурвалж нь тодорхойгүй байна. Хэрвээ Х.Тэмүүжиний хэлсэнчлэн “Дөрөвдүгээр сард (энэ оны) Солонгост бүх шинжилгээ өгсөн. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудал байгаагүй” гэдэг нь үнэн бол талийгаачийг “зүрх нь хаагдсаны улмаас” гэх мэдээллийг хэн тараасан байж болох вэ? Ямар зорилго, шалтгаанаар?

Шүүх эмнэлгийн (химийн шинжилгээний) дүгнэлт хараахан гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар “өндрөөс унаж, гэмтлийн улмаас нас барсан” гэдгийг нь лав тогтоосон байна. Гэвч Х.Тэмүүжин сайд асны хэлсэн “их хэмжээний гэмтэл авсан” гэдэг үгийг эмч нар дахиад тайлбарлах хэрэгтэй болно. Тэр гэмтлүүд бүгд өндрөөс унасны улмаас бий болсон уу? Эсвэл...

Энэ олон тодорхойгүй зүйлийн ард нэг л зүйл тодорхой байна. Хэрвээ төрийн ордны гудамж, булан бүрт хяналтын камер байсан бол, хэрвээ талийгаачийг өндрөөс унасан даруйд нь (уг нь бол, хэрэв талийгаач хоёрдугаар давхрын гонхноос унасан хэдхэн алхмын цаана төрийн ордны хамгаалалтын ажилтан сууж байгаа шүү дээ) олж эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амийг нь аварч чадах ч байсан юм бил үү? Тэгээд хэрхэн, ямар нөхцөл байдалд энэ осол эндэл болсныг хугацаа алдалгүй хэлж чадах байсан ч юм бил үү?

Гэвч харамсалтай нь төрийн ордонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийн хэтийдсэн эрх ямба, дур зоргоос болж хэрэг явдал иймдээ тулаад байна. Өмнөх удаад төрийн ордны хамгаалалт болон хяналт туйлын дутуу дулимаг байгаа тухай сануулсан. Гэвч ийм болгосон эзэн нь Төрийн тусгай хамгаалалтынхан бус, тэнд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө. Учир нь ТТХГ-аас төрийн ордонд камер тавихыг цаг үргэлж сануулдаг, шахаж шаарддаг боловч манай гишүүд “УИХ-ын гишүүний бүрэн эрх”-ээр халхавчлан байнга татгалзаж, эсэргүүцэж ирсэн. Хэн нэг хамгаалалтын ажилтан өөрийнх нь эрх ямба бүхий "өгзгийг" камерийн цаанаас хараад сууж байгаасай гэж тэд хүсдэггүй. 

Эсвэл угаасаа хулгай, булхайгаа хийхэд нь саад болно гэж үздэг ч байж магадгүй. Үүнийх нь үр дүн өнөөдрийн энэ золгүй (одоогоор санаатай гэмт хэрэг байсан гэж тогтоогоогүй байгаа) осол. Бүр цаашлаад хяналтын камер байхгүй юм чинь хүнгүй газар олж байгаад нэгийгээ нухчихсан байхад ч “үгүй” гэх газаргүй болж байна. Тэр байтугай гэгээн цагаан өдөр төрийн яам руу гүйж ороод хамгаалалтын ажилтны нүдэн дээр нэгийгээ дүрчихсэн тохиолдол гарч л байсан юм шүү дээ. Ерөнхий сайд маань хүртэл саяхан (хэдхэн жилийн өмнө) УИХ-ын гишүүнийг чуулганы танхимаас чирч гаргаад хэвлэлийнхний нүдэн дээр балбачихаж байсан юм шүү дээ.

Ийм л хүмүүжил, моральтай нөхөд “УИХ-ын гишүүний бүрэн эрхээр” далайлгаад явж байна. Төрийн тусгай албыг ч (ТТХГ-ыг хэлж байна) алба биш болгож, ажил үүргийг нь цалгардуулж байна. Адаг сүүлд нь өөрсдөө ч амиа алдахад ойрхон байна.

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.