Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ШАЛТГААН юу байв

158

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ШАЛТГААН юу байв

 

Өмнөх долоо хоногийн Пүрэв гарагт  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн бариад буй. Өргөн барьсан хуулийн төслийг энэ долоо хоногийн Баасан гарагаас хэлэлцэж эхэлнэ гэдгийг ажлын хэсгийн ахлагч, ТББХ-ны дарга Н.Лүндээжанцан хэлж буй.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн тухай хууль тогтоогчдын хүрээнд сүүлийн 20 шахам жил яригдсан бөгөөд, энэ асуудал дөрвөн ч парламентын үед өргөн баригдаж байжээ.  Тухайлбал, 2011, 2012 онд УИХ-ын зарим гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  хуулийн төсөл өргөн барьж байв.

Үндсэн хуульд оруулж буй энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн мөн чанар нь шинээр зүйл заалт оруулахаасаа илүүтэй байгаагаа сайжруулж боловсронгуй болгохыг чухалчилсан бөгөөд иргэдийн зүгээс 70-аас дээш хувийн санал авсан асуудлуудыг оруулж байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байгаа юм.

Харин энэ парламентын үед буюу 2016 онд Ерөнхий сайд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг тодруулах зорилгоор эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж байв. Тус ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал дүгнэлт гаргасан байдаг. 

Үүний дараа буюу 2017 оны тавдугаар сард УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан.  Тус ажлын хэсгийнхэн Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн таван багц асуудлаар 22 заалт бүхий нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулж, үүнд иргэдийн оролцоог хангах зорилгоор  бүсчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ.  Энэ үеэр улсын хэмжээнд нийт 327 мянга  гаруй иргэнээс 5,6 сая нэгж санал авчээ.

Иргэдээс ирүүлсэн энэхүү саналыг бүртгэж нягталж, ангилсан бөгөөд энэ нь УИХ-ын 4 жилийн архивтай тэнцэх хэмжээний тийм их баримт бичиг болон хадгалагдаж байна.  Иргэдээс ирсэн энэ саналыг  хуулийн төсөлд тусаад байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шалтгаан юу вэ?

Өнөөдрийн улс төрийн зарим бүтэлгүйтэл, хөгжлийн хоцрогдлыг Үндсэн хуулийн зохицуулалтаас эрж хайдаг. Тухайлбал, өнгөрсөн 30 хүрэхгүй жилийн хугацаанд Засгийн газар  17 удаа солигдсон төдийгүй. 1996 онд АН сонгуульд ялсны дараах 4 жилд Засгийн газар нь 4 удаа солигдсон  “гайхалтай” жишээ бий.  Энэ мэт засаглал, эрх мэдлийн хуваарилалт,  парламентын ардчиллыг төлөвшүүлэх,  ард түмний засаглах эрхийг хангах болон  нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох,  шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах зэрэг шаардлагын үүднээс  Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Аливаа хууль цаг үеийн шаардлагыг хангаж, нийгмийн хөгжлийн  эрх зүйн үндэс  суурь болж байх учиртай. Энэ мэт олон учир шалтгааны улмаас “Эцэг” хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж байгаа юм.  Гэвч  ийм өөрчлөлтийг эсэргүүцэгчид, Үндсэн хуулийг тогтвортой байх ёстой гэдэг  хүмүүс бас бий. Тэд АНУ 200 жил Үндсэн хуулиндаа гар хүрээгүй гэх баримтыг  хэлдэг, үүн дээрээ үндэслэж дээрхи санаагаа илэрхийлдэг.

Гэвч аливаа хууль цаг үеийн хэрэгцээ шаардлага, нийгмийн хөгжлийн явцтайгаа яв цав уялдаж байх ёстой ерөнхий шалгуур бий. Өөрөөр хэлбэл аливаа хуулийг мөнхөд дархалж үл болно.  

АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалыг  санаачлагч Томас Жефферсон “Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэх нь насанд хүрсэн эр хүнийг хүүхэд ахуй үеийнхээ хүрмийг өмс гэж шаардахтай адил” гэж хэлж байжээ.

Үндсэн хуульд оруулж буй энэ удаагийн  нэмэлт өөрчлөлтийн мөн чанар нь шинээр  зүйл заалт оруулахаасаа илүүтэй  байгаагаа сайжруулж боловсронгуй болгохыг чухалчилсан бөгөөд  иргэдийн зүгээс 70-аас дээш хувийн санал авсан асуудлуудыг  оруулж байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг ирэх Баасан гарагаас эхлэн хэлэлцэж эхлээд ирэх намрын чуулганаар  үргэлжлүүлэн хэлэлцэх юм.  

М.Нэргүй

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.