Баабар: Рейтингээрээ тэргүүлсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрт чинь ямар ч үзэл суртал байхгүй
Ардчиллын алтан хараацай гэгддэг эрхмүүд "Боловсрол төвтэй улс төр” төрийн бус байгууллага байгуулж байгаагаа өнөөдөр зарлалаа. Уг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд АН-ын гишүүн Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, нийтлэлч Б.Батбаяр /Баабар/, судлаач А.Пүрэвдулам нар багтжээ. Тэд ардчиллын үнэт зүйлээ хамгаалж иргэнээ, нийгмээ боловсролтой болгож, цаашлаад намуудын улс төрийн үзэл баримтлалыг боловсрол төвтэй болгохоор нэгджээ. Цаашид төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн бүр тухайлсан сэдвээр олон нийтэд үнэ төлбөргүй лекц тавих юм байна. Эхний лекцийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?” сэдвээр уншсан. Энэ үеэр Удирдах зөвлөлийн гишүүд ТББ-ынхаа талаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
-Удирдах зөвлөлийн дарга, АН-ын гишүүн Э.Бат-Үүл: Бид нийгмээрээ боловсролоо дээшлүүлэх шаардлагатай. Сэжигтэн, гэрч хоёроо ялгаж мэдэхгүй, зохиомол хэрэг үүсгээд барьж хорьж байна шүү дээ. Нийгэмд үүнийг мэдэж байгаа хүн байхгүй байна ш дээ. Өнөөдөр улстөрчид боловсрол нимгэн ард түмний зовлонгоор тоглож популизм хийж байна. Бидний гол зорилго бол Монголд байгаа зөн билгийн тулааныг таслан зогсоое гэж байгаа юм. Асуудлаа мэддэг, хийж байгаа ажлуудынхаа үр дагаврыг тооцдог хүмүүс л нийгэм рүүгээ зүтгэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл ард нь гурван сая иргэний хувь заяаг дэнчин тавиад яваад байна. Бидний ирээдүйгээр тоглож болохгүй ш дээ.
-Ерөнхий сайд асан М.Энхсайхан: Өнөөдөр монголын нийгэмд мэргэжлийн чадамж асар их дутагдаж, өөрөө өөрсдийнхөө эдийн засгийн болоод ардчиллын үнэлэмжүүдийг унагааж байгаа байдал харагдаж байна. Тиймээс бид ирээдүйн үеэ бэлдэхэд энэ төрийн бус байгууллагыг байгуулж байгаа юм.
-Эдийн засагч Да.Ганболд: Тухайн хүн өөрийн сонгосон мэргэжилтэйгээ холбоотой мэдлэг мэдээллийг хаанаас, хэзээ, яаж олж авч өөрийн болгож, толгойдоо зэвсэг болгож чадсан хүнийг л боловсролтой хүн гэдэг. Боловсролтой гэдэг нь ямар мэдээллийг хаанаас авах уу гэдгийг мэддэг хүнийг хэлнэ. Өнөөдөр Монгол их дээд сургуулийн тоо, дээд боловсрол эзэмшсэн байдлаараа дээгүүрт ордог. Гэтэл тулж очоод боловсролтой хүн хэд байна гээд харахаар үнэхээр хангалтгүй байна. Ядаж л мэдээллээ баталгаажуулж, олон эх сурвалж ашиглах гадаад хэлний мэдлэгтэй хүн алга. Аль ч нийгэмд цөөнх нь олонхио чирж, хөтөлж явдаг. Гэтэл Монголд өнөөдөр эрх мэдлийг болхи, бүдүүлэг, хахуулийн аргаар худалдан авсан цөөнх нь юу хийхээ мэдэхгүй, сохор харанхуй олон түмэндээ хөтлөгдсөн популизм л бий болчихлоо. Энэ популизм хэдэн жил үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Үүнийг богино болгохын төлөө олон түмнийг гэгээрүүлж, мэдлэгтэй болох ёстой.
-Нийтлэлч Б.Батбаяр: Би болон манай баг 2000 оноос хойш олон судалгаа хийж байна. Сүүлийн үед улстөрчдийн рейтингийн судалгаа хийж байна. Улстөрчдийн рейтингийг тогтоохоор буруу судалгаа хийлээ гэж манайхан шүүмжилдэг. Гэтэл энэ судалгаа чинь таних байдлын реклам болдог. Жишээ нь, "Женкод чи дуртай юу” гэж асуугаад дургүй нь хэд, дуртай нь хэд байна гэдгийг балансалж нэр хүнд нь гарна. Сая 20 гаруй агуу их улстөрчдийн рейтингийг гаргалаа. Энэ хорин агуу хүн дотроос нэмэх оноо авсан хоёрхон хүн байна. Нэг нь У.Хүрэлсүх, нөгөөх нь Л.Оюун-Эрдэнэ. Гэтэл манай Женко ард түмнийхээ 50 хувийн саналаар гарч ирчихээд 2017 оны арванхоёрдугаар 70 хувь хүртлээ буурч, одоо хасах руугаа орсон байна.
Яагаад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг мундаг хүн гэж үзсэн бэ гэдгийг судлаад харсан. У.Хүрэлсүхийн рейтинг өссөн шалтгаан нь "баячуудын хөрөнгийг хураана, авлига авсныг шоронд хийнэ, яллана” гэж хэлснээс болж хамгийн өндөр оноог өгсөн байна. Ялангуяа нэрийг нь зарлаж мэдэгдсэн хураана, нураана, баривчилна гэсэн мэдэгдлүүд рейтингийг нь өсгөсөн. Л.Оюун-Эрдэнэ гол хувьцаа эзэмшигчийг ярьдаг, заримдаа ч бүр солиотой юм ярьдаг ш дээ. Бид нарын нийгмийн ойлголт, бодит байдал маань ийм байна.
Бид Засгийн газар, УИХ муу ажиллаж байна гэдэг. Үнэндээ УИХ, Засгийн газар бол манай ард түмний тусгал. Бид толинд тусгалаа л харж байгаа шүү, бидний бодит байдал энэ. Харин үүнээс харахын тулд бидэнд боловсрол нь хэрэгтэй, өөр юу ч аврахгүй. Ард түмэн, улс орныг мөнгө авардаггүй, харин боловсрол аварна гэдгийг нийгэм өөрөө харуулсан. Бид 30 жилийн өмнөхөөс 10 хэд дахин илүү баян тансаг амьдарч байгаа нь үнэн ш дээ. Социализмын үед өдөрт хоёр цаг маханд, талханд оочирлодог байсан үетэйгээ харьцуулаад хар.
Нийгмийг урагш нь чиглүүлээд явахад боловсрол чухал. Зоригтой, өөр юу ч билээ дээ тэр шалгуур нь 5, 10 хувиас илүү байдаггүй. Тэрэнд ардчилалч ордог. Одоо манай нийгэм шилжилтийн үедээ яваа. Шилжилт гэхээр олон байшин барилга барьсан нь биш шүү, хүн нь өөрчлөгдөхийн тухай асуудал юм. Бид нар нэг үе өнгөрөөчихөөд байна. Намайг "бидний үеийнхэн эхлээд зайлах хэрэгтэй” гэж хэлсэнд их олон хүн гомддог. Гэхдээ одоо гараад ирсэн хүмүүс чинь биднээс дор шилжилтийн үеийнхэн шүү. Бидний үеийнхэн чинь хэчнээн муу байлаа ч гэсэн коммунист үзэл сурталтай байсан. Гэтэл өнөөдөр рейтингээрээ дээшээ гарсан хоёрт чинь ямар ч үзэл суртал байхгүй ш дээ. Үүний дараа бол биднийг залуучууд хүлээж байна. Тэд арай бүлгүүдэд хүрч ажиллах насанд хүрээгүй байна. Нийгмийг урагш нь хөтлөх мундаг боловсролтой арми ирж яваа шүү. Тэд заавал Ерөнхий сайд болох гэж дайрахгүй. Би алдаагүй бол дахиад бидэнд 20 жил хэрэгтэй.
Э.Мөнхцэцэг
Эх сурвалж: Itoim.mn