Хятадууд зарим орны ардчилсан тогтолцоонд нөлөөлөх болсныг харуулсан судалгаа гарчээ
БНХАУ-ын Коммунист нам дэлхий дахин дахь Хятадын нөлөөг өргөжүүлэхийн тулд тэдний эдийн засгаас хэт хамааралтай орнуудын ардчиллын уламжлалыг нураах оролдлогыг эрчимтэй хийж байна. Мөн бүс нутаг дахь эрх мэдлээ илүү тод гаргаж ирэхийн тулд хөрш зэргэлдээх орнууддаа нөлөөллөө улам бүр бэхжүүлэх бодлого баримтлан ажиллаж буй талаар АНУ-д төвтэй ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах чиглэлээр ажилладаг “International Republican Institute” ашгийн бус байгууллагын судалгааны тайланд дурджээ.
Тус байгууллага Бээжингийн зүгээс стратегийн нөлөөллөө улам бүр ихэсгэх шаардлагатай гэж үзэж буй 13 улсын туршлагыг харьцуулан судалгаа хийсэн бөгөөд тэдгээрийн дунд Монгол Улс багтсан юм. Тиймээс уг судалгааны тайланг эмхтгэн хүргэж байна.
Хятад улс сүүлийн хэдэн арван жилийн турш хөгжиж буй орнуудад нэн хэрэгцээ, шаардлагатай байгаа нөөц эх үүсвэр, бараа бүтээгдэхүүнийг нь хангах, зээл тусламж үзүүлэх замаар өөрсдөдөө шинэ зах зээл бий болгох эдийн засгийн тэлэх бодлого баримталсаар ирсэн юм. Ингэхдээ тэд стратегийн нөлөөлөл тогтоох үүднээс тухайн орны эдийн засгийг төрөлжүүлэх салбарт бус, зөвхөн нэг салбараас эдийн засаг нь бүхэлдээ хамааралтай байх тогтолцоог бүрдүүлэх бодлогод чиглэсэн цөөн хэдэн том салбарт хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр хийдэг. Мөн үүний хажуугаар дэлхийд тэргүүлэх байр суурийг нь илэрхийлдэг өөрсдийн цаашдын томоохон төслүүддээ давхар уялдуулан хөгжиж буй орнуудад ихэвчлэн дэд бүтэц хөгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого баримталдаг.
Үүнийг БНХАУ-аас эдийн засгийн хувьд хэт хамааралтай болсон Шри-Ланка, Мальдив, Мьянмар, Малайз, Пакистан, Камбож, Серби, Эквадор, Замби, Ганби, Унгар, Монгол болон тун удахгүй эдийн засгийн хувьд Хятадын нөлөөнд орж болзошгүй том эрсдэл нүүрлэсэн гэгдэж буй Австрали зэрэг улсуудын туршлагаас харж болох юм.
Чухам эдгээр улсын ардчиллын үнэт зүйлс, цаашдын тогтвортой байдалд Хятад улс ямар бодит нөлөө, аюул занал учруулж байна вэ. Хэдий БНХАУ-ын ачаар эдгээр орнууд эдийн засаг, дэд бүтэц, нийт хүн амын амьжиргааны дийлэнх хувийг залгуулж байгаа ч тэднээс хэт хамааралтай байх нь дараах маш муу үр дагавруудад хүргэж байна. Үүнийг Хятадын Коммунист намын эдийн засгаар хараат гэж хэлж болох орнууддаа хэрэгжүүлдэг нийтлэг технологиос нь ажиглаж болох юм.
Үүний тулд Хятадын Коммунист намын зүгээс жишээ нь экспорт, импорт гээд бүх салбарт тэднээс хэт хараат болсон хөрш орнуудынхаа эдийн засгийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд шууд болон шууд бус замаар хориг тавьдаг. Тэдний хэрэгжүүлдэг нийтлэг аргаас авч үзвэл хилийн хяналт шалгалтыг өндөрсгөх замаар экспортын бараа бүтээгдэхүүнийх нь гарах хурдыг зохиомлоор сааруулж, эдийн засгийн эргэлтийг удаашруулах замаар, улсын орлогыг нь багасгадаг. Энэ бол Монгол, Пакистан зэрэг Хятадын хөрш хэрнэ тэднээс эдийн засаг нь бүхэлдээ хамаардаг орнуудад нэг бус удаа тохиолддог асуудал юм.
Эсвэл улс төрийн өөр агуулгаар бараа бүтээгдэхүүнд нь хориг тавьдаг. Үүнийг яг одоо өрнөж буй мэдээллийн аюулгүй байдлын асуудлаас болж Хятадын тал Австралиас авах нүүрсэнд хэд хэдэн шатлалтай хориг тавьснаар тус улсын эдийн засагт мэдэгдэхүйц хүнд байдал үүсэж, бусад өөр асуудлууд дээр ч аргагүй буулт хийхээс өөр замгүй болж байгаагаас харж болох юм. Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг хангаж, нийт коксжих нүүрсний мөн тал, хэрэглээний нүүрсний салбарт ч хамгийн том зэх зээлтэй Хятадын хамгийн том ханган нийлүүлэгч импортлогч нь Австрали улс билээ.
Мөн эдийн засгийн эрхшээлд оруулсан орнуудынхаа гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний нийт нөөц бололцоо, үйлдвэрлэл, олборлолтынх нь хэмжээг түшиглэн дэлхийн хамгийн том зах зээл гэх утгаараа худалдан авалтаа хязгаарлах замаар үнийн зохиомол бууралт үүсгэдэг. Тухайн орны гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээрээс хямд байх нь алдагдлын суурь болдог. Энэ нь тухайн улсыг Хятадын эдийн засгаас хэт мэдрэг болгож буй гол хүчин зүйл юм.
Хэрвээ ямар нэгэн улсад эдийн засгийн аюул нүүрлэвэл тэр нь тухайн улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй алдаатай бодлого болж харагдана. Байдал энэ хэвээр даамжирсаар байвал иргэд болон сөрөг хүчин нь тэднийг огцрохыг шаарддаг. Харин Хятад улс дээрх улсуудын ардчилалд хэрхэн бодитоор аюул учруулж байгааг эдгээр улсуудын улс төр БНХАУ-ын Коммунист намын далд оролцоотой хүчин зүйлээс болж үргэлж тогтворгүй байх болсонтой холбон тайлбарлаж болох юм.
Өөрөөр хэлбэл үүнийг Хятадын Коммунист намын зүгээс хөгжиж буй орнуудын эдийн засагт их хэмжээний зээл, тусламж үзүүлэх, харилцаа холбоо болон мэдээллийн салбарт нь эрх мэдлээ тогтоох замаар ирээдүйн хөгжил, ардчиллын институцүүдийг хянах өвөрмөц арга хэрэглэж байна гэж үзэж болох юм. Ийм байдлаар Хятадын эдийн засгийн тэлэх бодлогын нөлөөнд хэт автсан орнуудад ямар ч тохиолдолд гарах гарц тун хомс болсоор байна.
О.Мөнхбат
Эх сурвалж: IRI.org, Economic Times