Шинэ жилийн баяртай холбогдуулж сэрэмжлүүлэв

409
Шинэ жилийн баярын өдрүүдэд  хоолны хордлого, томуу, осол гэмтлийн улмаас эмнэлгийн ачаалал ихэсдэг. Иймд нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах зөвлөмжийг өгч  байна.
  • Архи, дарснаас татгалзах
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх
  • Хоол ундыг тохируулан хэрэглэх
  • Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуугаас сэргийлэх
  • Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  илүү анхаарал хандуулах
  • Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
  • Агаарын бохирдлоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарахдаа амны хаалт хийх
  • Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө  гараа сайтар угааж байх
  • Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
  • Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та  яаралтай 103, 102  дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх

 
ХООЛНЫ ХОРДЛОГООС СЭРГИЙЛЬЕ

Хоолны  хордлогын үед илрэх шинж тэмдэг

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах толгой өвдөх,  ядрах,  өтгөн цус, цусны судал, залхагтай гарах,   ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт.

Хэрэв та өвчилсөн шалтгаанаа хүнснээс болсон гэж үзвэл доорх арга  хэмжээг авна уу.

 
Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн ам (жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс) өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.
 
Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.


Хоолны хордлогоос  хэрхэн сэргийлэх вэ?

Хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.
 

  • Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох
  • Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө,бие зассаны дараа гараа угаах      
  • Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
  • Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх

Худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд:

  • Худалдаа, үйлчилгээ явуулах мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл,  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлгэх
  • Чанар аюулгүй байдлын шаардлага хангасан шинжилгээний бичигтэй, чанар аюулгүй байдалд өөрчлөлт ороогүй /гадны хольцгүй, тунадас үүсээгүй, амт, үнэр өнгө өөрчлөлт өгөөгүй, хий үүсээгүй/ бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, худалдаалах нөхцөлийг бүрдүүлж, хөргөх төхөөрөмж, бусад шаардлагатай тоног төхөөрөмж, сав суулгаар хангагдсан байх
  • Гар угаах нөхцлийг бүрдүүлэх, гар халдваргүйтгэх санитол, нойтон сальфеткаар хангагдсан байх
  • Орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах, хоолны үлдэгдэл, хог хаягдалыг тухай бүрд нь зайлуулах, таглаатай зориулалтын хогын савыг хэрэглэх
  • Шинээр бэлтгэсэн хоолыг 3-аас дээшгүй цаг байлгаж үйлчлүүлэгчдэд борлуулах
  • Бэлэн болсон хоол, зууш хүнсний бүтээгдэхүүнээс дээж авах хөргөгчийг бэлэн байлгаж, дээжийг +6+8 хэмд хадгалж, 48 цагийн дараа устгаж тэмдэглэл хөтлөх

 
Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.