УРТ ҮСТЭЙ БҮСГҮЙ (Богино өгүүллэг) Уран зохиол 29-08-2019, 10:24 1061 Хуваалцах Хотын олон хүн цугларсан наадмын талбайд найрагч найзтайгаа ярьж зогстол найз маань гэнэт нүдээ том болгож, хэн нэгнийг зааж «хараач» гэх шиг болов. Эргэж харвал өндөр өсгийтэй гутлан дээр хөх торгон дээл өмсөж, мөнгөн тоногтой нарийхан суран бүс бүсэлсэн хоёр салаа гэзэг нь бараг газар шүргэсэн дунд зэргийн нуруутай тийм ч царайлаг биш мөртлөө нүдэнд дулаахан аятайхан бүсгүй гунхаж ирээд бидний ойролцоо зогсов. Ер бусын юм сонирхол татдаг нь хэзээний жам ю хойно урт үсний сайханд би гайхахгүй байж чадсангүй. Ганц би ч биш тэнд байсан олон хүн гайхаж байв. Уг нь энэ гайхаад байх үзэгдэл биш л дээ. Урт гэзэг, урт хормой хоёр бол бүсгүйчүүдэд байгалаас өгөгдсөн хувь. Тийм байтлаа олны дотроос энэ бүсгүй яагаад музейд тавигдсан эртний урлагийн бүтээл шиг нүд хужирлан, зүрх дэнслүүлж сонирхол татна вэ. Бодвол сүүлийн үеийн хүүхнүүд: «Бүсгүй хүн урт үстэй, богино ухаантай» гэдэг эртний үгнээс хол байх гэж үсээ тайруулдаг байх, харин богино ухааныг уртасгаж чаддаг болов уу. Би урт үстэй бүсгүйгээс нүд салгасангүй, тэр ойролцоо байсан богино үстэй, богино хормойтой бүсгүйчүүдээс хамаагүй намбатай, сайхан харагдаж байв. Аль эртний танил ч юм шиг, нэг л дотно ийм урт үстэй бүсгүйтэй би тэртээх сурагч насны Бурамбибээс минь хойш огт тааралдаж байгаагүй юм байна шүү. Ингэж бодсондоо ч юм уу тэр бүсгүйтэй уулзаж, ганц хоёр үг солимоор санагдаад болсонгүй. Яг л энэ мөчид миний саваагүй бодлыг мэдчихсэн юм аятай бүсгүй хээр талын марал буга мэт гунхаж олны дундаас тасран алсарч эхлэв. Араас нь харж зогссон надад: «Одоо л хөдлөхгүй бол түүнийг дахиж харахгүй» гэсэн бодол төрж, найздаа «Би одоохон» гэчихээд түүний зүг түргэн түргэн алхлав. Хэсэг газар дагасны дараа тэр миний дагаад байгааг мэдсэн бололтой эргэж хараад жаахан хүлээснээ, дөхөж очсон надаас: - Ах аа, та яагаад хүн дагаад байна - гэж уурлах гайхахын дундуур асуув. «Өөрөө гүйцэж очиж үг өднө дөө» гэсэн шүү юм бодож явсан би бээр энэ гэнэтийн явдалд балмагдсан ч ухаан сүвэгчилж: - Дагах гэж дагасангүй, өөрөө хажуугаар явахдаа нүд аваад явчихлаа ш дээ. Тэгээд л нүдээ авах гэж дагаж явна, чи нүд өг л дөө – гэвэл, тэр ямар ч хир буртаггүй тув тунгалаг хонин нүдээ эргэлдүүлэн инээд алдаж: - Та яах гээв - гэж түрүүнийхээс арай дотно өнгөөр асуулаа. Би ч дотроо: «Овоо хараа нийллээ, одоо л гохоо дардаг хэрэг» гэж бодон: - Дүү минь ахыгаа өршөөгөөрөй, сайхан төрсөн чиний буруу биш, сайхныг мэдэрч олж харсан миний буруу биш шүү дээ. Энэ хажуу дахь хоолны газарт орж нүд булааж, сэтгэл гижигдсэн урт гэзэгний чинь үзүүрээс барьж сугаад аяга хоол идэж ганц хоёр үг сольё. Тэгээд чи хүсвэл хүрэх газарт чинь хүргээд өгнө, зөвшөөрнө биз дээ - гэвэл, бүсгүй хорт могойн ховсонд орсон болжмор шиг эргэлзэж байснаа үл ялиг толгой сэгсрэн инээж: - Та ч хүүхэн эргүүлж сурсан ах юм аа, за яахав... - гэж хоолны газар луу эргэв. Би алдахгүй «буудсандаа» эрдэх сэтгэл төрж, дотроо: «Мөсөөр урласан бүтээл халуун наранд хайлахгүй байж даанч чадахгүй юм даа» гэж бодоод дагаж оров. 2011 "САРНЫ СҮҮДЭР" Номноос Хабааны Байыт 1061 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 3-07-2019, 12:53 Дэлхийд алдартай И.Моисеевийн ардын бүжгийн чуулга манайд ирнэ… 13-04-2019, 15:04 Өнөөдөр Дэлхийн Рок-н-роллын өдөр… 22-02-2019, 11:37 Вовкагийн онигоо… 11-02-2019, 12:00 ЧОНО ХӨӨСӨН ШӨНӨ… 14-09-2018, 15:47 Продюсер Ангирмаагийн богино үстэй байдгийн шалтгаан… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.