“Баялгийн хараал”-ыг гэтэлж, Норвегийн араас замнах гарц
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаж, Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг УИХ гаргалаа. Арав гаруй жил ярьж, гурван парламент өөр өөрийнхөөрөө зүтгүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал бодитойгоор үр дүнд хүрэхэд ганцхан алхам үлдээд байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон удаагийн хэлэлцүүлэг, яриа хэлцэл өрнүүлж, арайхийж бэлэн болгоод буй төслийг иргэд ард нийтийн санал асуулгаар батламжилчихвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил эцэслэнэ.
БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭХ АРГА ЗАМ НЬ БАЯЛГИЙН САН
Энэ ажлыг гардаж буй УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаад эрх зүйн хувьсгал эхэлнэ. Авлига, хээл хахуультай хийх тэмцэл шинэ шатанд гарна. Төр цэвэр тунгалаг, парламент хариуцлагатай, Засгийн газар тогтвортой болно. Монгол хүн баялагтаа эзэн сууна. Монгол Улс “баялгийн хараал”-аас гэтэлж, Норвегийн жишгээр хөгжинө. Хөгжлийн цоо шинэ шатанд гарна” хэмээсэн. Үнэн хэрэгтээ Засгийн газар тогтвортой, парламент хариуцлагатай байх, эсэхийг “Долоон буудлын Должин эмээ” төдийлөн сонирхохгүй. Харин “Монгол хүн баялагтаа эзэн болно, тэгш хувь хүртэнэ” гэдэгт илүү анхаарал хандуулж, бараг хувь хүртэх өдрөө хүлээгээд эхэлчихсэн гэхэд хилсдэхгүй. Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалт оруулсан нь, ямар хууль баталж, хэрхэн хэрэгжүүлэх нь олон нийтийн сонирхлыг татаж байна.
Энэ асуултад хариулт өгч тун магадгүй нэгэн мэдээллийг өнгөрсөн баасан гарагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр “Өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 12-нд Монгол Улс Олон улсын баялгийн сангийн форумд гишүүнээр элслээ. Манай орон баялгийн сангуудын хамтын ажиллагаанд ийнхүү нэгдэн орсноор байгалийн баялгийн өгөөжийг өнөө болон хойч үеийнхэнд тэнцвэртэйгээр хүртээх боломжтой болж байна. Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалт нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг мөрдөн ажиллах үүрэг хүлээлээ” гэсэн байв. Эндээс Баялгийн сан жинхэнэ утгаараа ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэл тавигдаж буй юм биш байгаа гэх горьдлого үүсээд буй.
Манайхан байгалийн баялгаас олсон орлогоо хуримтлуулж, Баялгийн сан бий болгох талаар 2006 оноос өнөөг хүртэл найман Засгийн газар дамжуулан ярьж, Тогтворжуулалтын, Ирээдүйн өв, Хүний хөгжил зэрэг сан байгуулсан ч олигтой үр дүнд хүрсэн нь үгүй. Бид “Оюутолгойгоос ашиг хүртэж чадахгүй байна” хэмээн хошуугаа унжуулсаар, иргэдийнх нь дийлэнх олонх ядуу болон ядуурлын ирмэгт хоног өдрүүдийг өнгөрөөсөөр яваа. Үүнд хууль, эрх зүйн орчин дутмаг, сахилга хариуцлага сул зэрэг олон шалтгаан тоочдог. Тиймээс эрх зүйн орчныг баталгаатай болгох үүднээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах явцад УИХ-ын гишүүдээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл янз бүрийн санал гаргасаар, эцэст нь дээр дурдсан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг оруулав. УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй уулзахдаа “Баялгийн хараал”-д өртөж дампуурсан улс олон. Нөгөө талд нь “баялгийн ерөөл” хүртэж буй Норвег мэтийн улс ч цөөнгүй” гээд Норвегийн Үндсэн хуулийг судалж, ганц нэг санаа оноо “тууснаа” ч хүлээсэн. Манай улс “баялгийн хараал” тусдагаа туссан. Харин манай дарга нар “баялгийн хараал”-аа ерөөл болгон хувиргаж, Норвегийн араас замнах амбиц тээж байна.
Үндсэн хуульд Баялгийн сан байгуулж, байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээхийг агуулгын хувьд дэмжсэн заалттай болоход тун ойртсон, Монгол Улс Олон улсын баялгийн сангийн форумд гишүүнээр элссэн зэрэг нь сайн мэдээ юм. Хууль, эрх зүйн орчноо гүйцэд бүрдүүлж, олон улсын сайн туршлагыг зөв замаар нэвтрүүлэн, үр дүнг нь үзвэл аштай юу.
Бидний эх орон баян боловч баялаг нь дуусашгүй биш. Одоо баян айлын ухамсар дорой, буруу эрхэлсэн хүүхэд шиг аашилж, байгалийн баялгийг ямар нэг бодлого, алсын хараагүй, үр өгөөжгүй урсгаж байна. Хэдэн жилийн дараа “Бидэнд баялаг байсан юм шүү. Худлаа гэвэл ухсан нүхийг нь хар” гээд сууж байх уу, “Ингэж сайхан амьдарч байгаа чинь баялгаа зөв зохистой ашигласны буян” гэж хэлэх эрхтэй үлдэх үү гэдгийг манай үеийнхэн шийдэх юм шүү.
БАЯЛГИЙН САНГИЙН ЖИМЭЭР
Баялгийн сан гэдэг манайд олон жил яригдсан хэрнээ хөрсөн дээр бууж, амьдралд хэрэгжээгүй учраас төдийлөн ойр дотно бус сэдэв. Энэ талаар бишгүй сонссон боловч ой тойнд яг таг бууж үлдсэн нь ховор. Тиймээс олон улсад Баялгийн сан байгуулсан жимээр хамтдаа алхаж, зарим улсын хүрсэн амжилтын зах зухаас хуваалцъя.
Газрын тосны асар их нөөцтэй Кувейт Улс 1953 онд Үндэсний баялгийн сан байгуулснаар газрын хэвлийдээ баялагтай улс бүр ийм сантай болохыг зорьж эхэлжээ. Олон ч орон байгалийн баялгаа иргэддээ тэгш хуваарилах, ирээдүй хойчдоо өв болгож үлдээхийн тулд Баялгийн сантай болж. Эдгээрээс тэгсхийгээд үр дүнгүй өнгөрсөн нь ч цөөнгүй, амжилттай нь ч бий. Баялгийн санг хэрхэн бүрдүүлж, яаж үр ашигтай байлгахыг үлгэрлэж буй орнуудын гол төлөөлөл нь Норвег. Хүн ам, газар нутгийн хэмжээ, байгалийн баялагт түшиглэсэн эдийн засаг гээд норвегчуудад манайхтай ойролцоо зүйл цөөнгүй учраас жишээ татахад ч ойр тусдаг юм.
Нефть, байгалийн хий, төмрийн хүдэр, зэс, цайр, никель, уран, алт, мөнгөөр баян Норвег байгалийн нөөцөө урт хугацааны зөв бодлогоор удирдахын тулд Баялгийн сангаа 1990 онд байгуулжээ. Өдгөө Норвег дэлхийн хамгийн чинээлэг, аз жаргалтай иргэдтэй улсын тэргүүн эгнээнд бичигдэж байна. Норвегийн дотоод зах зээл Монголынх шиг жижиг хэрнээ эдийн засаг нь өрсөлдөх чадвараараа дэлхийд айргийн тавд бичигддэг, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ тэргүүлэгчдийн тоонд ордог.
Тус улс ашигт малтмалын орд газруудаа нэгдсэн зохион байгуулалтаар эдийн засгийн эргэлтэд оруулсан бөгөөд нефть зэрэг байгалийн баялгаа шавхаж дууссаны дараа амар амгалан амьдрах хөрөнгөө одооноос цуглуулж буй. Эндээс олсон мөнгөө Тэтгэврийн сандаа цуглуулдаг бөгөөд уг сан өдгөө дэлхийн хамгийн том сан болжээ. Тэд манайхан шиг мөнгөний бараа харангуутаа хувьдаа завших гэж уралдан дайрдаггүй. Үнэтэй машин, байгаа оноогүй хөрөнгө оруулалтад үрж, мөнгө угаахгүй. Амин чухал хэрэгцээ байсан ч тэр мөнгөнд гар дүрэхгүйгээр ирээдүйдээ зориулан хадгалах бөгөөд гадаадын үнэт цаас, хувьцаанд хөрөнгө оруулж, өсгөдөг байна. Норвегт бүх юм олон нийтийн хатуу хяналтад байдаг. Үндэсний нефть олборлогч компани, нефтийн болон байгалийн хийн байгууллагуудаа хамгийн дээд хэмжээний татвар, төлбөр төлөхийг Норвегийн олон нийт шаарддаг. Нефть, хийн компаниуд орлого, татварыг тогтмол зарлаж, хэвлэн нийтлэх үүрэгтэй. Засгийн газар нь нефть, хийн салбараас хэр хэмжээний орлого олсныг ч иргэд нь мэдэж, тооцож байдаг. Үүний үр дүнд тус улсын Баялгийн сан (Тэтгэврийн сан) дэлхийн дахинд үйл ажиллагаа явуулж буй бүх Баялгийн сангийн нийт хөрөнгийн 15 орчим хувийг дангаараа эзэмшиж байна.
А.Амина
Эх сурвалж: Өнөөдөр сонин