Цахим луйвар цадигаа алдлаа

456

Гараа зүсэх, хагалсан хундага дээгүүр хөл нүцгэн гүйх зэрэг хүн халшрам хэцүү даалгавартай цахим тоглоом “Цэнхэр халим” гэгч хоёр жилийн Монголд бүртгэгдсэнийг санаж байна уу. Тоглоомын эцсийн даалгавар нь олон давхар орон сууцны дээврээс үсрэх. Энэ тоглоомоор тоглож, аймшиггүй зоригтойгоо батлахаар объект руугаа явж байсан 12, 13 настай хоёр жаалыг Эрүүгийн цагдаагийн албаныхан саатуулсан удаатай. Тухайн үедээ хүүхдүүдийн аав, ээж болон багш, сурган хүмүүжүүлэгчид нь сануулга өгснөөр эл хэргийг хааж байсан юм.

Бидний гэнэн томоогүй гэж боддог өсвөр насныхан өнөөдөр цахим луйварчид болсныг Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид хэлж байна. Хүүхдэд цахим луйвар хийх сэдэл өгсөн, сөрөг хандлага төрүүлсэн гол буруутан нь томчууд гэдгийг тэд онцоллоо. Томчууд хүүхдээ боловсролтой, мэдлэгтэй болгох гэж өндөр төлбөртэй хувийн сургуульд элсүүлж, гадаад хэл, компьютерын хичээлээр бөмбөгдүүлдэг. Харин өөрсдөө өндөр үнэтэй ухаалаг утсаа ашиглаж мэдэхгүй байх нь олонтоо. Тэд хүүхдээрээ цахим хаяг нээлгэж, тэднээр нууц код хийлгэдэг. Тиймээс үзэж байсан садар самуун агуулгатай, аллага, харгислалтай киног хүүхэд нь шөнө оройн цагаар үргэлжлүүлж үздэг гэх. Цаашлаад найз нөхөдтэйгөө харилцсан элдэв чат мэдээллийг хүүхэд төвөггүйхэн уншина. Энэ бүгд хүүхдэд цахим гэмт хэрэг хийх сэдэл санаа төрүүлдэг гэнэ.

Түр хамгаалах байрныхан 16 настай охинд үйлчилж байна. Сэтгэлзүйч түүнтэй ярилцаж, охиныг зөөллөх гэж нийгмийн ажилтан хичээнэ. Охин уйлж, үсээ үгтээн чарлана. Энд ирэхээс хэдэн сарын өмнө охин фэйсбүүкээр үеийнхээ “хөвгүүнтэй” танилцжээ. Тэд үе үе, сүүлдээ орой бүр чатаар харилцах болсон гэнэ. Улмаар эл харилцаа энгийн байхаа больж, дотносов. Өсвөр насны хоёр “хүүхэд” суралцдаг сургууль, гэр орон, аав ээж, найз нөхдийн мэдээллээ илэн далангүй солилцсон аж. Улмаар нэг сар үерхэж тоглохоор болсон байна. Ийн харилцсаар эцэст нь уулзах газар, өдрөө товложээ. Тохирсон өдөр ирж, болзсон газартаа охин ирэв. Гэтэл үе тэнгийн хүү биш, саравчтай малгай өмсөж, нүдээ халхалсан 30 орчим насны царайлаг залуу охиныг тосжээ. Тэрбээр хуурамч хаяг нээн, өсвөр насны хүүхдийн зураг ашиглаж охидтой харилцдаг байж. Улмаар найрсаг зан гарган, уран үгээр хуурч охиныг зочид буудал дагуулан орсон гэнэ. Охин бэлгийн хүчирхийлэлд өртөж, түр хамгаалах байранд ирснээр энэ “үерхэл” төгссөн аж. Өдгөө ид хийж бүтээх насандаа яваа залуу өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөж, охин нь насандаа мартахгүй сэтгэлийн шархтай үлдэв. Охины ээж, аав нь хүүхдээ үл таних этгээдтэй зургаан сарын турш харилцсаныг хэрэг гарсны дараа л мэдсэн гэдэг.

Энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай, тэр ч бүү хэл, хохирогч болон гэмт хэрэгтний нас залуужиж буйг цагдаагийнхан хэлсэн. Оны өмнөхөн дээрхтэй төстэй хэрэг гарч гэмт этгээдэд шүүх найман жил хорих ял оноосон. Цагдаагийнхан гэмт хэрэгтний компьютероос өсвөр насны охидын 1000 орчим зураг олжээ. Гэмт этгээд 30 настай. Хэд хэдэн хуурамч хаягтай. Тэр хаягтаа өсвөр насны хүүгийн зураг оруулж, охидыг хуурдаг юм байна. Улмаар охидтой цахимаар харилцаж, итгэлийг нь олсны дараа хагас нүцгэн, болж өгвөл нүцгэн зураг явуулахыг хүсдэг. Зураг явуулсан охидыг эргээд дарамталж мөнгө авдаг, мөнгөгүй нэгнийг нь хүчирхийлж бэлгийн дур хүслээ хангадаг увайгүй нэгэн байсан гэх. Танихгүй этгээд охидтой харилцаа тогтоож, ахин дахин хүчирхийлж байсныг хохирогчдын ар гэрийнхнээс хэн нь ч мэдээгүй байжээ.

Цахим гэмт хэрэг өдрөөс өдөрт өсөж буй. Өсвөр насныхан цахим гэмт хэрэг үйлддэг талаар дээр дурдсан. Цагдаагийн ажилтны өгүүлж буйгаар 15, 16 настай өсвөр насны хүүхдүүд аав, ээж, ойр дотны хүмүүсийнхээ хаяг руу нэвтэрч мэдээллийг нь судалдаг аж. Улмаар танилуудаас нь мөнгө гуйн, дансаар авч гэрийнхнээ өрөнд унагахдаа мэргэшиж эхэлсэн гэнэ. Түүнчлэн өсвөр насныхан фэйсбүүкт бүлэг үүсгэж, нэгнийгээ гадуурхах нь ихэссэн байна. Тухайлбал, ангийнхныхаа бүлэгт сургуулийнхаа мариалаг хүүхдийн зураг оруулж, талаас талаас нь буруушаан, гутааж, бүдүүлэг үгтэй сэтгэгдэл бичиж, тухайн хүүхдийг байж суух газаргүй болгодог. Мөн ахлах ангийн зарим нэг нь “Би энийг үзсэн” хэмээж үе тэнгийн нэгнээ эвгүй байдалд оруулж ганцаардуулахад хүргэдэг байна.

Үүнээс гадна манайхан цахим орчинд тэнүүчилж, “Та халзан байсан бол ямар харагдах вэ”, “Та эрэгтэй хүн байсан бол”, “Хэдэн хүүхэдтэй болох вэ” зэрэг сонжоог бөглөх дуртай. Эдгээр сонжооны 80 хувь нь таны и-мэйл хаяг болон чатын тань нууц үгийг мэдэх зорилготой байдаг. Энэ зорилгодоо ч хүрдэг аж. Сүхбаатар дүүрэгт амьдардаг 29 настай компьютерын чамгүй мэдлэгтэй залуу саяхан энэ аргыг ашиглан бусдаас 24 сая төгрөг залилжээ. Тэрбээр сонжоо ашиглан бусдыг хаягийг хакердсан байна. Улмаар тухайн цахим хаяг руу эзэн нь болон өөрөө давхар орж болох тохиргоо хийсэн аж. Ингээд бусдын цахим хаяг руу нэвтэрч танилууд руу нь “Найз нь гэмтчихлээ”, “Миний машин эвдэрсэн”, “Хөдөө явах боллоо”, “Ээж эмчилгээнд орох болсон” гэх мэтээр худал зурвас бичсэн аж. Үүнд нь итгэж мөнгө зээлүүлсэн иргэд сарын дараачаас өрөө нэхжээ. Цахим хаягийн жинхэнэ эзэн бусдаас мөнгө зээлээгүй. Тиймээс найзуудын хооронд үл ойлголцол үүсэж, цагдаагийн байгууллагад хандахад хүрсэн байна.

Иргэд өдөржин утсаа маажиж, дэлгэц ширтэж суухдаа цахим гэмт хэрэгт өртөхгүй байхыг сануулсан, урьдчилан сэргийлсэн зурагт хуудас, дүрс бичлэгтэй олонтоо таардаг. Тэр болгоныг алгасаж, үл тоосон байх, твиттерчин, улаан чатчин, фэйсбүүкчид маань. Тэд и-мэйл болон фэйсбүүк хаягийнхаа нууц үгийг 1-8, эсвэл утасны дугаар гэх мэт амархан мэдэж болох тоогоор оруулдаг. Бидний ийм хэнэггүй, хайнга байдлыг цахим гэмт хэрэгтнүүд овжин ашигладаг нь хорлонтой.

Кибер гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, хил хязааргүй үйлдэгддэг онцлогтой. Манайхан цахим залиланд өртөж, олон зуун сая ам.доллараа алдах нь энүүхэнд. Хамгийн гол нь буруугаа мянга мэдэж ойлгоод ч хохирлоо төлүүлж чаддаггүй. Олон зуун мянган ам.долларын залиланг гадаадын иргэд л хийдэг гэх. Хохирогчид нь ТОП-50-д багтсан Монголын томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд. Олон компанийн мэдээллийг бичиж болох ч байгууллагын нэр хүнд гэхээсээ илүүтэй, тэнд ажиллаж, хүч хөдөлмөрөө зарцуулдаг мянга мянган хүнийг бодож энэ удаа дурдсангүй. Гэхдээ сэрэмжлүүлэх үүднээс нэг жишээ оруулъя. Хэрэг энэ оны дөрөвдүгээр сард гарчээ. Тухайн байгууллагын нягтлан, нярвууд цахим аюулгүй байдлаа хангаагүйгээс компаниа 32 000 еврогийн алдагдалд оруулсан юм байна. Гэмт этгээд АНУ-ын иргэн. Хэдийгээр хэрэгтнийг олсон ч алдсан мөнгөө буцаан авах эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэмт этгээд гадаад худалдаа эрхэлдэг компаниудыг олзолдгийг манайхан анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ.

Онлайн худалдаа сүүлийн үед сүүлийн үед эрчимтэй хөгжих болсон. Тэр хэрээр хохирогчдын тоо өссөөр байна. Тухайлбал, иргэн О энэ сарын 1-нд 20 000 төгрөгөөр оймс

захиалжээ. Интернэтээр зургийг нь харахад том хүний, ноолууран оймс байсан аж. Гэтэл бараагаа хүлээн авч, хайрцгийг задлахад хүүхдийнх гарчээ. Эргээд залилагч этгээдийг олоогүй гэнэ. Энэ мэтээр 20 000-30 000 болон 500 000 дээш төгрөгийн цахим худалдаа хийгээд хохирсон тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Энэ хэргийг үйлдэгч нь Монголын иргэнээс гадна БНХАУ-ын харьяат байх нь олон аж.

Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг зүйлчилсэн. Хувь хүн болон байгууллагын хаягийг хакердах, мэдээллийг устгах, вирус тараах зэрэг хэрэг өдүүлсэн бол 1-8 жилийн ял оноодог. Дээрх гэмт хэргийг үйлдэгсдийн 70 хувь нь 18-28 насныхан аж. Өсвөр насныхан ойр дотнынхоо хүмүүсийн мэдээлэлд дөрөөлөн хэрэг үйлддэг, улмаар бусдадаа энэ аргаа зааж өгсөөр байгаа аж.

Олон улсын гэрээ, эрх зүйн тусламж харилцан үзүүлэх санамж бичиг байгуулаад ч нэмэр болдоггүй. Дүрэм, журам байгаад шийдэж чаддаггүй. ЦЕГ-ын дэргэдэх Интерполын үндэсний төв товчооноос Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг. Хамтран ажиллах санамж бичигт хэд хэдэн удаа гарын үсэг зурсан юм билээ. Гэхдээ гадаадын цагдаагийн байгууллагынхан Монголын цагдаагийнхны гаргасан хүсэлтэд барагтай бол хариу өгдөггүй, үл тоодог гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Монголын прокурорын байгууллага, Гадаад харилцааны яамнаас ч Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад хандаж, цөөнгүй бичиг илгээсэн гэдэг. Банктай нягт хамтарсны хүчээр гадаадын иргэний монгол дансан дахь мөнгийг царцаан, хэсэг хугацааны дараа буцааж авсан цөөн хэдэн тохиолдол бий.

Өсвөр насныхны цахим хэрэглээ их. Гэвч эцэг эхчүүд үүнд төдийлөн хяналт тавьдаггүй. Тэд цахим сүлжээний цаанаас охин, хүүтэй нь хэн харилцаж байгааг мэддэггүй. Иймээс хүүхэд нь эрсдэлд ордог. Тиймээс цагдаагийн байгууллага үүрэн холбооны дөрвөн оператортой хамтарч хүүхдийн дугааруудыг шүүлтүүртэй болгов. Тодруулбал, хүүхдүүдийн дугаарыг цагдаагийнхан хяналтдаа авсан гэнэ. Улмаар үүрэн холбооны компаниудтай хамтарч хүүхдүүдэд соён гэгээрүүлэх мэдээллийг мессежээр өгдөг болжээ. Түүнчлэн садар самуун мэдээлэл үзэхийг хориглож, хаалт хийж эхэлсэн байна.

Дээр дурдсан хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Гэхдээ цахим орчин дахь залилан, бусдыг айлган сүрдүүлсэн, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тараах, гүтгэн доромжлох, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг буурахад томчуудын оролцоо чухал билээ.

2012 онд Монгол Улсад цахим гэмт хэрэг 14 гарч байсан. 2013 онд 35, 2014 онд 66, 2015 онд 83, 2016 онд 136, 2017 онд 299, 2018 онд 650 орчим болж, жил бүр өссөөр байгаа юм. 2019 он гарсаар эхний есөн сард 584 гэмт хэрэг бүртгэгджээ. Мөн энэ онд цахим орчинд бусдыг гүтгэсэн, доромжилсон гэх зөрчил 840 гарсныг цагдаагийнхан бүртгэн шалгаж буй.

Д.Мягмаржаргал   

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>