Ард түмний хар тамхи

476
Ард түмний хар тамхи Үнэн хэрэг дээрээ анх үүссэн тэр газартаа хүртэл амьдрал дээр хэзээ ч бодитоор батлагдаагүй шашин, үзэл суртлыг(!) бусад улс нийгэм, хүмүүс алсаас харж эсвэл холын сургийг нь дуулж сонссон байдаг.  Тэгээд ер нь ийм юм байж болох байх гэсэн гэнэн ойлголт, сохор горьдлогодоо хөтлөгдөн харийн шашин, үзэл сурталд хэт мухар сүсэглэж одоо бүр түүнийг өөрсдийнхөө үзэл бодол гэж бодож төөрөлдөх, амьдрал дээр батлагдсан хөдлөшгүй чин үнэн гэж хүлээн авах болсон нь өнөөгийн манай нийгмийн гол төөрөгдөл, эмгэнэлүүдийн нэг юм.

Ингэж харийн тархины угаалга - зориуд явуулгуудыг ядаж шүүн тунгааж эргцүүлж бодолгүйгээр шуудхан хүлээн авч аливаа юмны тухай ойлголт төсөөлөл, дотоод бодол санаа, сонголт үйл хөдлөл, амь амьдралынхаа чиг баримжаа болгож байгаа нь алсдаа асар гүн гүнзгий хор уршигтай, эрт орой хэзээ нэгэн цагт ийм харанхуй бүдүүлэг, гэнэн зөрүүд байсныхаа горыг амссан түүх хүн төрөлхтний буурал түүхэнд цөөнгүй байдаг билээ.

Манайд өмнөх нийгмийн үед "шашин, харийн үзэл суртал бол хар тамхи шүү” гэдгийг ойлгуулж үүний цаад нарийн учрыг хэлэлцэн ярилцаж аливаа шашин, үзэл сурталд мухар сүсэглэж сохроор итгэх нь алсдаа ямар ямар хор уршигтай байж болох тухай хойч үедээ захиж сургаж ирсэн билээ. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд монголын нийгэм шашны мухар сүсгээс ангид байсныхаа хүчинд орчин үеийн шинжлэх ухааныг танин мэдэж улс үндэстнийхээ хувьд урьд өмнөх түүхэндээ хүрч байгаагүй(!) олон том ололт амжилтуудад хүрсэн гэдэгтэй эрүүл ухаантай хэн ч маргахгүй биз ээ. Мэдээж хэрэг, өмнөх нийгэмд өөрт нь бас үл гүйцэлдэх үзэл хандлагууд байсаан, гэвч энэ нь тухайн үеийн троцкист коммунист удирдагчдын үзэл суртал байсан ба харин тэр үеийн нийгмийн олонхийн сайн сайхны төлөөх ерөнхий үзэл санааны хүчинд бүтээсэн нийгмийн нөөц баялагийн "үлдэгдлүүдийн" хүчинд өнөөгийн бид өдий зэрэгтэй байгааг мартаж болохгүй юм.

Тэгвэл манайд хэзээ ч социалист үзэл баримтлалтай нийгэм оршин тогтнож байгаагүй гэж төсөөлөөд үзээрэй. Тийм улсуудыг та бүхэн Африк, Өмнөд Ази, Латин Америкийн орнуудаас хайвал тун түргэн олж харж тэндхийн ард түмнүүдийн үнэмлэхүй олонхийн одоогийн аж амьдралын түвшинтэй өнөөгийн энэ "өмнөх нийгмийн үлдэгдлүүдээ" харьцуулж үээх боломж гарна гэж найдаж байна. Харин ингэхдээ Барууны орнуудын сүүлийн 30 гаруй жилд бий болсон өндөр хөгжил, тансаг хэрэглээтэй нийгмийн эдлэж хэрэглэж байгаа энэ их хөрөнгө баялагийг лав л ардчилал, "үл үзэгдэх гартай" зах зээлийн эдийн засаг тэнд байсны хүчинд бус харин шал өөр арга бачуудаар олж авсан гэдгийг, одоо ч олж авсаар байгааг ухаж олж мэдэж ойлгож ухаарсан байх ёстой. Мөн өнөөгийн ядууралд унаж буурай, сул дорой болон хувирсан улс орнуудын дийлэнх нь "барууны маягийн ардчилал, чөлөөт зах зээл" гээч эзэрхийлэл дор орсноос хойш тэнд ийм байдал газар сайгүй хавтгай нүүрлэх болсныг бас ойлгож байх зайлшгүй шаардлагатай.

Харин өнөөгийн манай "ардчилсан чөлөөт" гэдэг нийгэмд хуучин шарын шашин эргэн ирж, мөн үүний хажуугаар гадаадын элдэв шашны урсгалууд чөлөөтэй нэвчиж одоо Монгол улсад 520 гаруй гаднын шашны сүм хийдүүд гэнэн цайлган монгол иргэдийг тархийг угааж сэтгэл оюуныг нь урвуулан авч дээр нь гэнэн улстөрчид, багш нар, сэтгүүлчдийн дунд "үл үзэгдэгч гараар удирдуулдаг чөлөөт зах зээлийн эдийн засаг” гэгч орчин үеийн нэгэн төрлийн "шашин”-ы мухар сүсэг газар авсан байгаа. Энэ нь нэг талаас манай нийгэм өнгөрсөн XX зууны түүхээ бараг мэдэхгүй байгаа, ардчиллын жилүүдэд шинжлэх ухааны мэдлэг, боловсролын түвшин, чанар огцом унасан, нөгөө талаас өнгөрсөн 23 жилийн турш үргэлжилсэн улстөр-эдийн засаг, нийгмийн маш уршигтай, гадна талаас тулган зааварлаж удирдаж хийсэн "хувьсгал"-ын үр дүн юм. Одоо хүн ардын маань нэг хэсэг туйлдан цөхөрч тэдний нэг хэсгийн хувьд энэхүү харанхуй мухар сүсэг нь сэтгэлийн тайтгарал, цорын ганц найдлага нь болж хоцорсон бололтой. Энэ бол манай улс нийгмийн цаашдын уруудал доройтол, бүүр цаашилбал улс үндэстэн сүйрэн мөхөхийн дохио цондон мөн бөгөөд одоо харанга дэлдэх цаг хэдийнэ болсныг харуулж байна... Гаднын шашны урсгалууд мөн манай хүүхэд залуус хойч үеийнхний тархи толгой, зүрх сэтгэлийг хвсдон авсаар байгаа харийн элдэв улстөр эдийн засгийн үзэл суртал, холоос харж алсаас сургийг нь сонсох төдий итгэчихээд байгаа мухар сүсэг бол манай улс үндэстнийг нэгмөсөн эзлэн авах, цаашид манай ард түмний оюун сэтгэлийг баглан барьж байхад чиглэсэн жинхэнэ мансууруулагч хар тамхи юм.

Хар тамхи татаж эсвэл хэрэглэсний дараа хордож мансуурсан хүн хэсэгхэн хугацаанд өөрийн эргэн тойронд байгаа бодит байдлыг мэдрэх, анзаарахаа больж харин толгой дотор нь бий болсон хуурамч зэрэглээ манан дунд хөвж байдаг ба хэсэгхэн хугацааны дараа энэ мансуурлаасаа гардаг ч аймшигтай донтолын намагт улам гүн гүнзгий шигдэж энэ хар тамхиа дахин дахин хэрэглэсээр удалгүй нэгмөсөн харанхуй мансууралдаа мөнх нойрсдог билээ. Харин аливаа шашин бол нийгмийг мансууруулагч хар тамхины байнгын хүчтэй тун юм!

Карл Маркс "Эрх зүйн Гегелийн гүн ухааныг шүүмжлэхэд” бүтээлдээ шашны хор уршгийг өөр үгээр зүйрлэн хэлэхдээ ард түмний хар тамхи гэдэг үгийг ашигласан нь хожим их өргөн тархсан байна.

Харин Марксаас өмнө энэ "ард түмний хар тамхи” гэдэг хэллэгийг маркиз де Сад өөрийн "Джюльетта”(1797) романдаа анх ашигласан гэж тооцдог. Де Садын энэ романы гол дүр эмэгтэй Фердинанд хаандаа хандаж эрх баригч цөөнхийн бүлэглэл нь ард түмнээ өөрсдийн хөөрхийлөлтэй амьдрал, аж байдлынхаа цаад уг шалтгаануудыг орж харах вий гэж үүнээс холдуулахын тулд элдэв худал хуурмаг зүйл ярьж амлаж мөн элдэв бохир арга бач заль мэх хэрэглэж байгааг нь шүүмжилж хэлэхдээ "хар тамхи” гэдэг энэ зүйрлэлийг ашигласан байдаг:

"Хэдийгээр Байгаль дэлхий ард түмэнд чинь асар их баялагийг өгсөн боловч одоо тэд аймшигтай ядуу дорой амьдарцгааж байна. Гэвч тэд залхуугаасаа биш ээ, харин та нарын явуулж байгаа улстөрийн бодлогоос чинь ийм болчихоод байна,  та нарын энэ бодлого чинь хүмүүсийн оюун санааг баглан хүлж тэднийг энэ нөөц баялагтаа хүрэх замыг нь хаан боогдуулж байна. Ийм учраас тэднийг энэ гай зовлонгоос нь ангижруулах "эм" байхгүй байгаа бөгөөд улстөрийн энэ тогтолцоо чинь иргэдийн засгийн газраас ч доор байна, учир нь улс түмнийхээ сул дорой энэ байдлаас та нар улам их баяжиж хүч тэнхээ орж байна. Фердинанд! Та нар Чин Үнэнээс, миний энэ таны нүүрэн дээр хэлж байгаа яг энэ Үнэнийг хүмүүс мэдчих вий гэж айж байгаа, иймээс та нар өөрийн улсаас жинхэнэ мэдлэг боловсролыг, агуу авьяас чадварыг шахан зайлуулж байгаа. Та нар ухаант хүмүүний саруул сэтгэлгээнээс айн болгоомжилж байгаа, иймээс харанхуй бүдүүлэг энэ байдлыг бүх талаар хөхүүлэн дэмжиж байна.

Та нарын учруулсан гай зовлонг донтож мансуурсан юм шиг мэдрэхгүй [олж харахгүй, сэхээрч ухаарахгүй] байлгахын тулд та нар ард түмнээ энэ хар тамхиар угжиж байна. Яагаад гэвэл та нарын хаанчилж байгаа энэ газар эх оронд минь хэрэгтэй агуу их хүмүүсийг дэвшүүлэн гаргаж ирэх боломжууд байхгүй болсон байна, одоо жинхэнэ мэдлэг боловсрол хэнд ч хэрэггүй мэт болсон байгаа ба чухам ийм учраас мэргэн ухаанд алдар нэр ч, ашиг тус ч байхгүй учир хэн ч тийшээ тэмүүлдэггүй болчихоод байна”.

Шашинг хар тамхитай зүйрлэх нь Марксаас ч өмнө байсан байна. Энэ үг хэллэгийг мөн маркиз де Садтай бараг зэрэгцэн немцийн яруу найрагч Новалис "Цэцгийн тоосонцор”(1798) нэртэй жигүүрт үг хэллэгүүдийн цомирлогтоо бас хэрэглэсэн байдаг ажээ:

"Та нарын энэ шашин [шүтэх эрх чөлөө] гээч бол яг хар тамхи шиг үйлчилж байна: шашин гай зовлонгийнхоо үр үндэсийг таслан хаях хүч чадлыг өгдөггүй харин ч өөртөө уургалан авч энэ гай зовлонгийн зөвхөн өвдөлтийг нь л түр намжааж байдаг”.

Карл Маркс 1843 онд бичсэн "Эрх зүйн Гегелийн гүн ухааныг шүүмжлэхэд” бүтээлийн өмнөх үгэндээ:

"Шашин бол мөлжлөг дарлалтай эвлэрсэн сул дорой амьтны хувьд санаа алдалт нь, зүрхгүй аймхай хулчгар байдлынх нь зүрх нь, яг үүнтэй адилхан чин сэтгэлгүй дорой байдлынх нь сүнс нь юм. Шашин бол ард түмний хар тамхи юм” гэж бичсэн байдаг.

Ленин "Социализм ба шашин” нийтлэлдээ Марксын энэ үгийг яг давтан хэлсэн байдаг:

"Шашин бол амьдралын хэрэгцээ шаардлага ба ганцаардлаасаа болж бусдын халаасыг түнтийлгэхээр мөнхөд ажиллаж байх шахаанд орсон тэр олон хүмүүсийн дотоод сэтгэлийг нь бас дарлан боолчлох нэг хэлбэр юм. Байгальтай хийх тэмцэлдээ зэрлэг хүмүүсийн мэдлэгийн хүч нь хүрэхгүй байх нь бурхад, чөтгөрүүд болон ид шид гэх мэт зүйлүүдэд л найдах итгэлийг бий болгодогтой нэгэн адил дарлан мөлжигчидтэй хийх тэмцэлд мөлжигдөж байгаа анги давхаргууд юу ч хийж чадахгүй байгаа энэ байдал нь хойд насандаа сайхан амьдрах гэх мэтийн [хоосон] найдварыг гарцаагүй төрүүлж байдаг... Шашин бол ард түмний хар тамхи. Шашин бол капиталын боолуудын өөрсдийн хүн дүр төрхөө, хүнийхээ хувьд ямар нэг хэмжээний нэр төртэй амьдралыг шаардах эрхээ живүүлж байдаг сэтгэл санааны хямдхан муу нэрмэл [архи] юм".

Хүүхэд залуус хойч үеэ ядуу буурай Төвдийн шарын шашин, сүүлийн жилүүдэд гэнэн эрх баригчдын гайгаар гаднаас шинээр орж ирсэн гадаадын элдэв шашны урсгалуудаас аварч ингэснээрээ тэднийхээ ирээдүйн амьдрал хувь тавиланг, улс үндэстнийхээ хойч ирээдүйг аврах хэрэгтэй цаг аль эрт болжээ. Яланугуяа орчин үеийн хамгийн уршигтай нэгэн төрлийн мухар сүсэг болох "Үл үзэгдэх гарын зохицуулалттай ардчилсан зах зээлийн шашин”-г үнэмшиж түүгээр үзэл баримтлалаа, чиг баримжаагаа, цөөн хэсэг нь эрх мэдлийн бамбайгаа хийж яваа цагт бидэнд юу ч тус болохгүй, биднийг нийтлэг харанхуй ирээдүй тосож байгаа гэдгийг аль болох олон хүмүүс ойлгож ухаарч байж л бид өнөөгийн энэ балчиг намгаас гарах боломжтой юм. Хэрэв энэ намгаас сугаран гарч чадвал бидний хамтын зам мөр өмнө маань улам тод зурайн харагдах болноо.

Бид ухаалаг, тэнгэрлэг эртний агуу ард түмэн гэдгээ дахин батлах цаг ирээд байна.

Судлаач Х.Болорболд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.