Монгол Улс саарал жагсаалтад орсонд банкнууд буруутай юу

594

Бид яагаад саарал жагсаалтад орчихсон юм бэ гэдэг асуултад зарим нэг хүн эдийн засгийн үзүүлэлттэй холбосон хариулт өгч байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ Монголын банкнуудын тэр дундаа “Голомт” ба “Худалдаа Хөгжлийн банк”-ны ёс зүйгүй үйл ажиллагаанаас болж орсон байх магадлал өндөр. G7 буюу Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи ба Европын холбооны улсууд 1989 онд FATF гэх товчилсон нэртэй уг жагсаалтыг олон улсын санхүүгийн “дарамт шахалтаар” мөнгө угаалт, хахууль болон терроризмын сахүүжүүлэлтийг зогсоох зорилготой бий болгосон. Өөрөөр хэлбэл санхүүгийн тогтолцоо нь мөнгөний урсгал хөдөлгөөнийг бүрэн хянаж чадахгүй байгаагаас мөнгө нуух, хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлэх боломж байгаа улсуудыг хүчээр “засах” зорилготой. 

“Блүүмбер”-гийн хэлсэнчлэн Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд “хавчигдсан” манай улс “саарал жагсаалт”-ад орсноор улсын эдийн засаг, банкнуудын үйл ажиллагаа болон төгрөгийн ханш барьцгүй болж байна

Түүнээс биш зарим нэг хүмүүсийн ярьж байгаа шиг эдийн засгийн үзүүлэлттэй холбоотой байсан бол “хар жагсаалт”-ад нь Иран биш Африкийн улсууд орох байсан. “Саарал жагсаалт”-д орчихгүйн тулд “Монгол банк”-ны өнөөгийн удирдлагууд их ч тэмцсэн. Өгсөн зөвлөмжийг нь биелүүлэхгүй бол нүүрлэх аюулыг жилийн өмнөөс л улс төрчид болон ард түмэндээ ойлгуулах гэж хичээсэн. Зарим нэг дорвитой ажил ч хийсэн.

Банкнууд дансгүй хүнээс шууд валютын шилжүүлэг хийхээ больсныг та бүхэн анзаарсан л биз. Гэхдээ энэ нь далайд дусал гэлтэй, өмнөх хүмүүсийнхээ “нүгэл”-ийг цайруулж чадсангүй. Банкны захирлууд нь “аавын хаалга” татаж, “Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар”-ын дарга нь хамгийн том банкаа мөнгө угаасан гэж зарласан улс “саарал жагсаалт”-ад орохгүй бол сонин биз дээ. Нээрээ ч “Монгол банк”-ны мөнгөөр үйлдвэр худалдаж авах боломжтой санхүүгийн тогтолцоотой бол бид алдаагаа засах нь зөв. Хэний мөнгийг хэн юунд зарцуулаад байгааг олж мэдээд зогсоодог байх хэрэгтэй. 

Эс тэгвээс бид ардчилсан нийгэм бус цөөн хэд нь хууль бус аргаар дийлэнх олонхоо дээрэмддэг эдийн засгийн тогтолцоотой улсад амьдарч байна гэсэн үг. Хамгийн харамсалтай нь Монголын дунд ба түүнээс доош орлоготой иргэд энэ сургамжийн үнийг төлөх юм. “Блүүмбер”-гийн хэлсэнчлэн Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд “хавчигдсан” манай улс “саарал жагсаалт”-ад орсноор улсын эдийн засаг, банкнуудын үйл ажиллагаа болон төгрөгийн ханш барьцгүй болж байна. Гэхдээ энэ ханшийн савлагааг урьдчилан таамаглах санхүүгийн боловсрол ба хөрөнгийн эх үүсвэртэй хүмүүс энэ нөхцөл байдлаас ашиг ч олж магад. 

Өөрөөр хэлбэл дахиад л нөгөө “хар масс” хамгийн ихээр хохирч, хамгийн хүнд ачааг үүрнэ. Монголын Засгийн газар банкны эрхээр дээрэм хийж буй хүмүүсийг зогсоох цаг болсныг олон улс бидэнд санууллаа. Авилгачдын бохир мөнгө, банкны захирлуудын мөнгө угаах ёс зүйгүй ажиллагаа, төрийн харалган бодлогын төлөөсийг иргэн бүр халааснаасаа төлж болзошгүй нөхцөл байдалд орчихлоо. Цаашид “Засгийн Газар”, “Монгол банк” ямар арга хэмжээ авч энэ байдлаас гарах вэ?

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>