МЯГМАР ГАРИГТ ХЭЦҮҮ БЭРХ АЖЛААС БИТГИЙ ХОЙШ СУУ
Даваа гариг
Сэтгэл санаагаар унахгүй байхыг хичээгээрэй
Шинэ долоо хоногийн эхний өдөр танд хөнжилдөө тавтайхан хэвтэх хүсэл
төрж байгаа бол гарцаагүй ийм шалтгаан бий гэж эрдэмтэд үзэж байна.
Зүрхний цохилт хэмжигчийн үзүүлэлтээс харахад бидний "мотор” Даваа
гаригт амралтын өдрийнхөөс хоёр дахин олон доголддог ажээ. "Зүрх гэнэт
зогсож нас барах явдал ихэнхдээ Даваа гаригт тохиолддог нь бид амралтын
өдөр ажил, амьдралынхаа хэмнэлийг өөрчилж, тайван байдалд дасчихаад
Даваа гаригийн өглөө ажлынхаа бэлэн байдалд орох гэж чамгүй хүчин
чармайлт гаргаж янз бүрийн стресст ордгоос болдог. Тиймээс амралтын өдөр
ч жирийн ажлын өдөр шиг ритмтэй бай” гэж доктор Рональд Портман зөвлөж
байна. Энэ нь амарч, алжаалаа тайлж болохгүй гэсэн биш, зүгээр хамаг
биеэ суллаж, тогоо дүүрэн будаатай цай өмнөө тавьчихаад өдөржин зурагт
хараад хэвтчих юм уу 2 өдөр пиво баараар хэтэртлээ тэнэх хэрэггүй гэсэн л
үг шүү дээ. Ажлын таван өдрийн "өшөөг авах” гэж амралтын хоёр өдрөө
золионд гаргаснаас өдөр бүр ажлынхаа өмнө, хойно дасгал хийж заншвал
хавьгүй үр дүнтэй гэдгийг санахад илүүдэхгүй. Даваа гариг биднийг сэтгэл
санаагаар унагаж, нойр алдагдаж, эсвэл хоолонд дургүй болж, өөрийгөө
өчүүхэн амьтан болохыг тод мэдэрч, хэнтэй ч харьцахыг үл хүсэн,
тайвшруулах арга хайж эхэлдгийг та анзаарсан уу? Олон судалгаа амиа
хорлох явдал Даваа гаригт хамгийн их тохиолддогийг тогтоожээ. Яагаад?
Эрдэмтэд энэ нь "бүтээгүй мөрөөдөл, найдлага тасралтын уршиг” гэж
нотолдог. Амьдралаас хагацахаар шийдсэн хөөрхий амьтанд ойртож буй
амралтын өдрүүд бага зэрэг найдвар төрүүлж, харин тэр шидэт хоёр өдөр
өнгөрөхөд юу ч өөрчлөгдөж, сайжраагүй тул Даваа гаригийн өглөө сэтгэлийн
гуниг дарамтанд бүрэн дарагдаж, уймарч аргаа барсан хүн юу ч хийхээс
буцахгүйд хүрдэг ажээ. Тиймээс амралтын хоёр өдөр амиа хорлох явдал
хамгийн цөөн гардаг байна.
Мягмар гариг
Хэцүү ажлаас битгий хойш суу! Хүүхэд төрүүлсэн ч болно
Урд өдрийн уймарсан сэтгэл тайвширч ажлын хэмнэлдээ ордог тул энэ өдөр
хүнд асуудлыг шийдвэрлэхэд ч хялбар байдаг ажээ. Эрдэмтэд ямар нэг ажлыг
дуусгахыг зорьж буй хүнд хамгийн үр дүнтэй өдөр Мягмар гариг байдгийг
тогтоосон байна. Энэ нь эх баригчдын хамгийн ачаалалтай, үр дүнтэй өдөр
гэнэ. Яагаад ч юм ирээдүйн иргэд чухам энэ өдөр нартад ирэхийг зорьдог
байх юм. Мягмарт бусад өдрөөс хавьгүй олон хүүхэд төрдгийг судалгаа
харуулжээ.
Лхагва гариг
Ийш тийшээ нисдэг юм билүү?
Долоо хоногийн дундуур онгоцны тасалбар хямд олдох магадлал хамгийн
өндөр гэнэ. Онгоц ч зорчигч цөөтэй байдаг аж. Дэлхийн томхон нисэх
компаниудын мэдээгээр Мягмар, Лхагва, Пүрэв гаригт тасалбарын эрэлт
хэрэгцээ бага, тэр тусмаа үд дунд болон хоолны цагаар нисэх зорчигч гэж
бараг байдаггүй байна.
Пүрэв гариг
Чөлөөт цаг гаргахаар төлөвлө.
Долоо хоногийн хамгийн ачаалалтай нь Пүрэв гариг бөгөөд хүмүүс хамаг
чадвар, тэвчээрээ шавхахад хүрдэг ажээ. Олон хүн энэ өдөр хамгийн чухал
ажлаа төлөвлөж, түүнээ хэрэгжүүлэхээр шаргуу ажилладгаас өөртөө чөлөө
гаргаж чаддаггүй аж. Учир нь Пүрэв гаригийн өглөө сэрээд л "За.., долоо
хоног дуусч байдаг. Би юу хийж амжаагүй билээ… гэж бодно. Тиймээс ч
төлөвлөсөн ажлуудаа дуусгах гэж Пүрэв гаригт сөхөртлөө ажиллахад хүрдэг”
гэж "Завгүй хүмүүсийн цагийн хуваарь” номын зохиогч Роберта Роэш
бичжээ. Тэрээр Пүрэв гаригийн өглөө ердийнхөөсөө нэг цагийн өмнө босоод
гэрийнхээ бага сага ажлыг амжуулаад, өдрийнхөө ажлын төлөвлөгөөг зохио
гэж зөвлөж байна. үүний дараа ажлаа эхлэхэд бэлэн болонгуутаа хамгийн
чухлаас нь эхлэн хийх хэрэгтэй ажээ. Уг нь одоо бидний чөлөөт цаг 60-аад
оныхтой харьцуулбал даруй 5 цагаар нэмэгдсэн гэнэ. Гэтэл бид яагаад
өөрсдийгөө огт завгүй гэж үздэг вэ? "Бидний чөлөөт цагаа зарцуулж байгаа
тэр зүйлүүд нь эргээд ядрах үндэс болдог. Тиймээс машинаа угаах,
телевизээр шинэ мэдээ үзэх зэргээ заавал хийх ёстой ажил гэж бодоод
хэрэггүй. Энэ бол ердөө л бидний чөлөөт цагаа өнгөрүүлж буй арга гэж
ойлгож сэтгэлдээ таатай байлгах ёстой юм." хэмээн Роэш бичсэн байна.
Баасан гариг
Жолооны ард болгоомжтой байгаарай!
Та өнөөдөр машин жолоодох шаардлагатай бол автын ослын магадлал
өндөрсдгийг санахад илүүдэхгүй. Долоо хоногийн төгсгөл рүү авто замын
ослын тоо хавьгүй ихэсдэг, тэр тусмаа Баасан гаригт хамгийн олон
гардгийг статистик нотолдог. Харин Бямбад энэ тоо багасдаг ажээ. Баасан
гаригийн ослын ихэнх нь ажлын өдөр дуусч амралт "тэмдэглэн” согтууруулах
ундаа хэрэглэснээс үүдсэн байдаг байна. Зөвхөн архидалт ослын шалтгаан
биш юм. Баасан гаригийн оройн 9 цагаас Бямба гаригийн 00 цаг хүртэлх
богинохон хугацаанд 18 настан-жолооч нарын осол хамгийн их бүртгэгддэг.
Залуус нэг машинд бөөнөөрөө сууж хурд хэтрүүлэн явснаас залуу сайхан амь
тэнгэрт одох нь их тохиолддог ажээ.
Хаалгаа олигтойхон түгжээрэй!
Хулгайч нар айлын гэр ухахдаа ажлын өдөр, ажлын цагийг ашигладаг. Гэхдээ
гэр ухдаг хулгайч нар өөрийн хар хэргээ чухамхүү Баасан гаригт түлхүү
үйлддэг болохыг судалгаа нотолж байна. "Хулгайч нар ажилдаа гарлаа”
номыг зохиогч доктор Ричард Райт "Ямар ч өдөр бай, гэртээ ямагт хүнтэй
байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээх хэрэгтэй…” гэж зөвлөж байна.
Бямба гариг
Хоолоо битгий хэтрүүлээрэй!
Бямба гаригт айл хэсэх график чинь заримдаа хэтрэх шахдаг уу? Шөнө
болтол айлд зочлосон бол таны идсэн хоол хэр байсан нь ойлгомжтой. Хүний
иддэг хоолны хэмжээ Баасан, Бямба, Ням гаригт долоо хоногийн эхний
хэдэн өдрөөс хавьгүй өсдөг аж. Учир нь хүн бусдын дэргэд ганцаараа
байснаас илүү иддэг. Тиймээс амралтын өдөр бага идэх нь илүүдэл жингээс
салахад тустай. Сэтгэл судлаач Жон Де Кастро "Хэрвээ турахыг хүсвэл их
иддэг амралтын өдрүүдийн хоолоо ухаалгаар зохицуул” гэж зөвлөж байна.
Ням гариг
Хайрттайгаа секс хий, толгойнхоо өвчнөөс сал.
Доктор Чарльз Боклеж сарын тэмдгийн нь мөчлөг Даваа гаригт эхэлдэг
эмэгтэйчүүд олон хүүхэдтэй байдгийг судалж үзээд, хосууд Ням гаригт
хамгийн их секс хийдгийг тогтоожээ. Ажилд явах шаардлагагүй, хаашаа ч
яарах хэрэггүй учраас Ням гариг хайр дурлалд таатай өдөр юм. Гэтэл Даваа
гариг ямар хамаатай юм бэ? Учир нь эмэгтэй хүн сарын тэмдэг ирснээс
эхлэн 2 долоо хоногийн турш туйлын "мэдрэмжтэй” байдаг. Ингээд хайр
дурлалын таатай өдөр маань Даваа гаригт сарын тэмдэг ирдэг бүсгүйчүүдийн
хувьд үр тогтоох хамгийн таатай үе болж хувирна. үүнтэй уялдуулан
бүсгүйчүүддээ бяцхан зөвлөмж хэлэхэд, хэрвээ та хүүхэд олохыг хүсч
байвал сарын тэмдгээ эхэлсэн өдрөөс тоолоод 14 дэх хоногийн өмнөх шөнө
"шаардлагатай арга хэмжээ” аваарай. Тэгвэл хүсэл чинь биелэх болно.
Харин та хайртдаа "Хонгор минь өнөөдөр болъё доо. Миний толгой өвдөөд
байна” гэж хэлбэл үүндээ гайхах хэрэггүй. Энэ нь долоо хоногийн сүүлчийн
өдөр та ирэх долоо хоногийн ажлаа бодож эхэлснээс үүдсэн стресс илэрч
буй нь тэр юм. Харин ямар ч өвчнийг анагаах хамгийн сайн эм бол секс
байдгийг санаж, толгойнхоо өвчнөөс салсан нь дээр биз дээ? Итгэхгүй
байвал туршаад үзээрэй. Хайр дурлал хамаг өвчнийг анагаах чадалтай эм
юм…