Д.Нандинболор: Шүүх шинжилгээний дүгнэлт буруу гарсан. Шинжилгээ хийсэн эмч, байцаагч нарт гомдол гаргана

13

Д.Нандинболор: Шүүх шинжилгээний дүгнэлт буруу гарсан. Шинжилгээ хийсэн эмч, байцаагч нарт гомдол гаргана

 

Ой хоёр сартай хүүхэд өнгөрсөн аравдугаар сарын 28-нд цэцэрлэг дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Урьдчилсан байдлаар хүүхэд хахаж нас барсан байж болзошгүй гэж байсан. Шүүх шинжилгээний хариу гарч, өнөөдөр хүүгийн ээж болон шүүх Шинжилгээний байгууллагаас мэдээлэл хийлээ.
Амиа алдсан хүүгийн ээж Д.Нандинболор: Миний хүү аравдугаар сарын 28-ны 15.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж очоод эндсэн. Хүү минь эмнэлэгт хүргэгдэх үедээ түргэний машинд амьсгал хураасан. Цэцэрэлгийн багш нь манай ээжид “мэдэхгүй ээ эгч ээ, хүү хоолоо идэж байгаад унтчихсан байсан. Би өлгийдөж тавьсан” гэж хэлсэн байна лээ. Багш нь над руу ярихдаа “хүү унтаж сэрээд царай нь сонин болоод байна” гэж ярьсан. Ямар ч эх хүн хүүхдээ нас барчихсан гэж бодож эмнэлэг рүү очихгүй. Би "миний хүү хордлогод орчихсон юм болов уу" гэж бодоод эмнэлэгт очсон. Хүү минь нас барснаас хойш 20 гаруй хонолоо. Шүүх шинжилгээний хариу сунжирсаар байгаар өнөөдөр гарлаа. Шинжилгээний хариугаар ямар ч хууч өвчингүй байсан хүүхдийг элэг, бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны асуудалтай байсан учраас зүрх нь хаагдсан гэсэн дүгнэлт гарсан байна. Миний хүүг хатгаатай байж байгаад, тэр хүндрээд элэг бөөр рүүгээ орж, зүрх судасны өвчин болж, зүрх нь хаагдсан гэх хариу гарсан байна. Энэ бол ямар ч боломжгүй. Миний хүү ханиадтай байсан нь үнэн. Гэхдээ хатгаа болоогүй. Ханиад нь эдгэрээд, бид хүүгээ цэцэрлэгт явуулсан. Зүрх, судасны ямар ч өвчин байгаагүй. Миний хүү эрүүл, саруул хүүхэд байсан. Үнэхээр гомдолтой байна. Бид ажил хийж, үр хүүхдээ сайхан амьдруулахын тулд хоёр ой хүрээгүй хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгсөн ч алдчихлаа. Цэцэрлэгийн багш нар хариуцлага хүлээх ёстой байтал тэдэнд одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. Тэр цэцэрлэг дөрвөн жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Хяналтын камергүй. Тухайн өдөр хоёр багш 11 хүүхэдтэй цэцэрлэг дээрээ байсан. Яагаад 11-хэн хүүхдийг бүгдийг харж хамгаалж чадаагүй юм бэ. Шүүх шинжилгээний дүгнэлтэд гаднын нөлөө орсон гэж бодож байна. Өглөө ээжтэйгээ хамт инээгээд гэрээсээ гарч, цэцэрлэгтээ ороод баяртай гээд инээгээд үлдсэн хүүг минь нас барчихлаа гэхэд үнэхээр аймшигтай байсан. Одоо ч маш хэцүү байна. Би Шүүх шинжилгээний байгууллага, шинжилгээ хийсэн эмч, байцаагч бүгдэд гомдол гаргана.
Ц.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэж болно
undefined
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бүртгэл мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ц.Мөнхбат: Аравдугаар сарын 28-ны өдөр үйл явдал болоод манайх шинжээч томилох тогтоол хүлээж авч, тухайн өдрийн шөнө нэн даруй шинжилгээ хийж эхэлсэн. Мөрдөн байцаагчийн тогтоол арваннэгдүгээр сарын 15-ны өдөр шинжилгээний дүгнэлт гарах хугацааг тогтоосон. Энэ хугацаанд шинжээч эмч дүгнэлтээ гаргасан байна. Шинжээч эмч дүгнэлтээ шинжилгээ хариуцсан удирдлагадаа хянуулдаг. Дарга нь арваннэгдүгээр сарын 18-ны өдөр хянаж, баталгаажуулаад 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий этгээдэд өгсөн. Үүнд ямар нэг хугацаа хэтэрсэн асуудал байхгүй. Хуулийн дагуу, мөрдөгчдийн заасан хугацаанд дүгнэлтийг гаргасан. Бид шинжилгээний дүгнэлтийн утгыг мэдэхгүй. Шинжээч дүгнэлтээ өөрөө хариуцна. Тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэх хуулийн заалттай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>