Монгол Улсын хүн амын зургаан хувь нь гадаадад амьдарч байна
Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн нь улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэсэн заалт бий. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэний хамгийн том давуу талын нэг нь энэ. Иргэдийн энэхүү эрхийг 1993 оноос хойш Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулиар зохицуулж ирсэн. Түүнээс хойш энэ хуульд нийт 13 удаа өөрчлөлт оруулжээ. Гэвч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зэрэг нөхцөл байдал үүссэн учраас энэ удаад шинэчлэн найруулж батлуулахаар болжээ. Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ энэ долоо хоногоос эхлэн хэлэлцэж байна.
БНСУ-д 49, АНУ-д 30, БНХАУ-д 10, Япон улсад есөн мянга орчим иргэн амьдарч байна
Хилийн чанадад хувийн хэргээр зорчих, суралцах, хөдөлмөр эрхлэх, жуулчлах, оршин суух иргэдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа нь хуулиа шинэчлэн найруулах нэг шалтгаан болжээ. 2018 оны байдлаар Монгол Улсын 175 мянга 687 иргэн 76 улсад байнга оршин сууж ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хэллээ. Тухайлбал, БНСУ-д 49 мянга, АНУ-д 30 мянга, БНХАУ-д 10 мянга, Япон улсад есөн мянга орчим иргэн амьдарч байгаа бөгөөд нийт иргэдийн зургаан хувь нь гадаадад амьдарч байна гэсэн судалгааны дүн гарчээ. Гэхдээ энэхүү тоо бүртгэл нь тойм төдий гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн онцолсон юм. Дээрх тоо нь зөвхөн хилийн чанадад байгаа 43 Дипломат төлөөлөгчийн газарт ирж ямар нэг байдлаар төрийн үйлчилгээ авсан иргэдийн тоон дээр суурилсан тооцоолол юм байна. Үүнээс гадна Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсад оршин суугаа болон зорчиж байгаа иргэдийн мэдээллийг бүртгэх боломжгүй байгаа ажээ. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуульд “Гадаадад удаан хугацаагаар суугаа болон цагаачлан суугаа иргэн тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй, түр хугацаагаар зорчиж байгаа иргэд бүртгэл хийлгэж болно” гэж заасан ч иргэд энэ үүргээ биелүүлдэггүй байна. Тиймээс хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа иргэдээ дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлэх ажээ. Мөн Дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх, төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогыг Монгол Улсын бүх иргэнд жигд хүртээмжтэй хамруулахад санаачлагатай ажиллах зэргийг энэ хуулиар зохицуулах юм байна. Үүнээс гадна тэднийг эх орондоо буцан ирэхийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлэх тодорхой бодлого, зохицуулалтын суурь зарчмыг бий болгох шаардлагатай байгааг Засгийн газар онцолжээ.
Хүүхдээ хилийн гадна үлдээсэн тохиолдолд үлдээсэн шалтгаан, тайлбар, баримтыг хил хамгаалах байгууллагад заавал гаргаж өгнө
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хүүхдийн эрхийг хамгаалах зорилгод нийцүүлэхээр насанд хүрээгүй хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэх тухай зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүсчээ. Тухайлбал, хүүхдийг хилийн гадна үлдээгээд буцаж ирсэн тохиолдолд үлдээсэн шалтгаан, тайлбар, баримтыг хил хамгаалах байгууллагад заавал гаргаж өгөх зэрэг асуудлыг тусгажээ.
Хилийн чанадад байгаа иргэдэд туслах Засгийн газрын тусгай сан үйл ажиллагаа явуулдаг. Гэвч уг сангийн хөрөнгийг ямар үйл ажиллагаанд зарцуулах талаарх зохицуулалт байдаггүй аж. Иймд хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгийг зарцуулах тухай Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаас гадна шаардлагатай зарим үйл ажиллагааг хуульчлах нь зүйтэй гэж үзжээ. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан нь 2009-2017 онд өргөдөл гаргасан иргэдэд Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан 1.3 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Сангийн хөрөнгийн 40-50 хувийг нас барсан иргэний шарилыг эх оронд нь авчрахад зарцуулдаг байна. Үлдэх хувийг гадаадад ял эдэлж байгаа иргэдээ эргэх, гэмт хэргийн улмаас хохирсон, эд хөрөнгөө гээж төлбөрийн чадваргүй болсон иргэдийг эх оронд нь буцаах зэрэгт олгодог байна. Тус сангаас энэ онд 182 сая 715 мянга 550 төгрөгийг зарцуулалт хийжээ. Дээрх бүх харилцааг зохицуулсан Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд байна.
Эх сурвалж: eagle.mn