Цэцийн протоколыг ил болгоё
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгож, шийдвэрлэв. Энэ нь улс төрийн хүрээнд нэлээд маргаан дагуулж байна. Тухайлбал Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалыг борлуулалтын үнэлгээнээс тооцож, Улсын төсөвт төлнө” гэснийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Мөн тус хуулийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн “Төр нь … хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэснийг зөрчсөн гэж үзэв.
Тэгэхээр ямар ч иргэн, аж ахуйн нэгж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх эрх зүйн зохицуулалтгүй болж байна. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг учраас ердөө өнөөдрөөс эхлээд хуулийн заалтууд хүчингүй боллоо. Энэхүү гэнэтийн шийдвэрийг улс төрийн хүрээнийхэн янз бүрээр хүлээж авсан. Ялангуяа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт нэлээд хүнд туссан бололтой. Тэрээр өөрийн албан ёсны хуудастаа “Маш ноцтой мэдээ, Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та бүгдийн өнөөдөр гаргасан шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар авах боломжгүй болж, төсвийн орлого хамгийн багадаа 1.2 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна. Энэ шийдвэр гарснаар Монголын газрын хөрсөн доорх баялаг болох ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэставан толгой”, “Цайрт минерал” зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Цэцийн шийдвэрээр ашигт малтмал бол уурхайн эздийн өмч боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ” гэсэн байдаг.
Түүний дараагаас Цэцийн энэхүү шийдвэр нь үнэхээр хууль ёсных байв уу. Аль эсвэл уул уурхайтай холбоотой улстөрчид, компанийн эздийн лоббигоор асуудлыг эцэслэн шийдсэн үү гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Лобби хийсэн байж болох хүмүүсийг нэрсийг ч анхнаасаа зарлаж эхлэв. Тэр дотроос Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг хуулийн тодорхой заалтыг хүчингүй болгох гол лоббиг хийсэн. Охин Б.Энхбайгальдаа АН-ыг төлөөлөх сонгуулийн тойрог “авсан” гэх яриа ч гарав. Тэгвэл Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон асуудлаар Б.Энхбайгаль ямар байр суурьтай байгааг сонссон юм. Тэрээр “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зөв байсан. Ямар ч нөхцөлд Монгол Улсын эрх ашиг тэргүүнд байх ёстой. Ингэж байж л улс орон аж үйлдвэржинэ. Түүхий эдээ дотооддоо боловсруулж, боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортод гаргана. Цаашдын ирээдүйг бодохгүйгээр мөнгө хөөсөн, улсад хохиролтой шийдвэрийг УИХ гаргаад байв. Үүнийг нь Үндсэн хуулийн цэц хориглолоо” гэсэн байдаг.
Цаашлаад цэцийн гишүүд үнэхээр хуулийн талд шийдвэр гаргасан эсэх, хуулийн заалтуудыг хүчингүй болгосноор хэн хожих вэ гэсэн асуудлууд хэд хоногтоо л хөврөх нь. Ер нь бол өнгөрсөн зургадугаар сард иргэн С.Баярмаа гомдол гаргаж, Цэц дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ АМНАТ төлөх заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байсан. Улмаар УИХ өнгөрсөн долдугаар сард хуралдахдаа Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авахаас татгалзсан. Мөн энэ асуудалд УИХ-ыг төлөөлөх бие төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцсон байдаг. Ер нь бол асуудал нь цэц дээр өнгөрсөн гурван сарын хугацаанд яригдсан. УИХ, Засгийн газар, холбогдох сайд нар анхаарлаа хандуулах бүрэн боломжтой байлаа. Гэсэн ч чимээгүй явсаар өчигдөр гэнэт шийдвэр гарсны дараа Сангийн сайд нь “ноцтой мэдээ” гэж гарч ирсэн нь ниргэсэн хойно нь хашгирав гэдэг л боллоо.
Үндсэн хуулийн цэцийн нэр хүнд унасан нь үнэн. Гэхдээ одоогийн Цэцийг хэн бий болгосон гэхээр улстөрчид өөрсдөө юм. Парламент Ерөнхийлөгчтэй “тохиролцож” байж, өөрсдөө кноп дарж, дэмжиж, томилсон хүмүүстээ өнөөдөр чадуулчихаад л “чарлаж”суугаа хэрэг. Одоо АМНАТ-ийн асуудал дээр хүн бүхэн янз бүрийн тайлбар хийж, улс төр хийнэ. Тэгэхээр энэ бүх асуудлын зангилааг тайлж, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн Их суудлын хуралдааны протоколыг дэлгэе. Үндсэн хуулийн цэц үнэхээр хуулийн талд шийдвэр гаргасан л бол энэ асуудлаар муу нэр зүүгээд зүгээр суухгүй байх гэж найдах нь л үлдлээ.
Эх сурвалж: Polit.mn