Европчууд шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

1271

 Европчууд шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

Англи
Кристмасын өмнөх өдөр буюу 12-р сарын 24-нийг англичууд <<Christmas Eve>> гэж нэрлэдэг нь манайхаар битүүн юм. Энэ өдөр сүмд очдог. Кристмасын үед эрхэмлэдэг өнгө нь улаан, ногоон юм. Англичууд шинэ жилээр "Fatter New Year” гэгчид захиа бичдэг,  Энэ нь улаан чимэглэлтэй ногоон модны зурагтай ил захидал байх жишээтэй. Англичууд кристмасын өдөр буюу 12-р сарын 25-ныг <<Best time of the year>> гэнэ. Тэд энэ баярыг бүр эртнээс, тухайлбал, 11-р сараас эхлэн тэмдэглэдэг бөгөөд Кристмасын үеийг <<Season of love>> буюу <<хайрын улирал>> гэж нэрлэнэ. Кристмасын үеэр ширээндээ шувууны мах, ялангуяа цацагт хяруул, эсвэл галууны бүтэн мах тавьж тансаг ширээ засдаг. Харин битүүлгийн хоолыг <<Christmas pudding>> гэж нэрлэдэг. Кристмасаар хүүхдүүдэд бэлэг өгдөг. Шинэ жилээр гоё хувцас өмсөж элбэг дэлбэг хооллодог.

Бельги
Бельгичүүд он солигдох мөчид зоогийн ширээн дээрээ малтуу мөөгтэй тугалын махан хиам, бодон гахайн мах, <<Шинэ жилийн мэнд хүргэе>> гэсэн бичигтэй бялуу, оргилуун дарс заавал тавьдаг.

Болгар
Шинэ жил болохын өмнө хүн бүр багц мод бэлтгэж, хүүхдүүд шинэ жилийн эхний өдрүүдэд төрөл садан, найз нараа гижигдэж баяр хүргэдэг. Энэ нь шинэ он бол баяр баясгалангаар дүүрэн байг гэсэн бэлгэдэл юм. Мөн 12-р сарын 31-ний шөнө бүх гэрлийг гурван минут унтрааж, хүн бүр өөрийнхөө дуртай хүмүүсээ үнсэж баяр хүргэдэг. Үүнийгээ тэд хамаг нууцыг хадгалж үлдэх шинэ жилийн үнсэлтийн үе гэцгээдэг аж. Түүнчлэн шинэ жилийн баяраа тэмдэглэхээр ширээний ард сууцгааж байхдаа хэн нэгнээ найтаавал тэр хүнийг <<Бидэнд аз жаргал авчирлаа>> гэж үздэг бөгөөд тэр найтаасан <<азтай>> хүнд ирэх оны хавар хамгийн түрүү гарсан төл малаа өгөхөөр амладаг гэнэ.

Герман
Германд шинэ жилийн баярыг <<Силвестер>> гэж нэрлэдэг. Исусын төрсөн өдөр буюу 12-р сарын 25-нд тохионо. 11-р сарын 26-наас хойшхи ням гаригт шинэ жилийн баяр эхэлдэг. Айлуудын болон сүмийн  дотор 4 ширхэг лаазтай цэцэг өлгөж эхний нямд 1 дэх лааг, дараа нь хоёрдахийг гэхчлэн 4 ням гаригт ээлжлэн асаадаг заншилтай. Гэр бүлийнхэн хоорондоо бэлэг солилцож, шинэ жилээр бүх хамаатан садангууд уулзацгаадаг. Ер нь католик  шашинтнууд баярын өдрийг хүртэл зууш төдийхнөөр багахан хооллож харин шинэ жилээр олон төрлийн хоол идэж хоолны дараа дуу дуулж төгөлдөр хуур тоглоно. Шинэ жилээр хэн их идсэн, тэр хүн бүтэн жилийн турш цатгалан явна гэж бэлэгшээдэг. Шинэ жилээр хүн бүхэн шинэ жилийн вандуй идэх ёстой нь Есүс вандуйн сүрэл дээр төрж хэвтдэг байсан гэж үздэгтэй холбоотой ажээ. Он солигдох мөчид хүйтэн зууш, төмсний салат хийдэг. Зарим нутагт шинэ жилээр хүн 7 янзын, эсвэл 9 янзын зууш идэх ёстой гэж үздэг. Баярын ширээнд шарсан гахай, чанасан будаа, вандуй, шош,, загасны түрс, намуу цэцгийн үр тавьж чимдэг. Мөн хун шувуу, бурхан, үлгэрийн баатруудын дүрстэй талх хийж тавина. Жигнэмэг, халуун ундаа хэрэглэнэ. Германчууд эцэг эхийнхээ гэрийг их хүндэлдэг тул Их гэртээ эхэлж цуглардаг.Баярын 2 дахь өдрийг Степаны өдөр буюу <<зочлох өдөр>> гэж нэрлэх бөгөөд энэ өдөр хамгийн настай хүндээ хамаатнууд нь зочилдог.

Испани
Испаничууд шинэ жилийн ширээндээ хонь, цацагт хяруул, тооройн  шарсан мах зэрэг ямбатай хоол шүүс заавал тавьдаг. Хоолоо <<Херес>> нэртэй дарсаар үе үе даруулдаг.

Итали
Италичууд шинэ жилээр шинэ хувцсаа өмсөн гоёж наргиж цэнгэж өнгөрөөдөг бөгөөд тэд цагийн зүү 24-ийг заахад хуучин муу эвдэрч хэмхэрсэн ширээ сандал зэрэг эд хогшлоо тагт цонхоороо гаргаж хаядаг байна. Энэ нь шинэ онд сайн сайхан байхын бэлгэдэл гэнэ. Тэр шөнө гэрээс гарч явахыг хориглодог. Ялангуяа шөнө дундын үеэр гудамжаар явах бүр ч аюултай. Учир нь хүмүүсийн цонхоороо шидсэн зүйлд оногдох аюултай. 

Шинэ жилээр итали эзэгтэйчүүд эрдэнэ шишээр хоол хийж улаан лоолиор хачирлаж өгдөг. Энэ хоолыг хамгийн их идсэн хүн шинэ онд хамгийн баяжина гэж бэлгэддэг. Италичууд гахайн маханд их дуртай. Иймд шинэ жилээр гахайн дөрвөн шийрээр хийсэн <<зампоне>> гэдэг хоолыг хүндтэйд тооцдог. Мөн гахайн цэвэрлэсэн  гэдэс доторт өөх махыг тэнцүүлэн чихэж амт тохируулаад зөөлөн гал дээр хоёр цаг чанаж болгон халуунаар нь иддэг. Италичуудын шинэ жилийн баярын ширээнд алгана загас, цагаан дарс хүндтэй байр суурь эзэлнэ. Шинэ жилээр тэд цаасан буюу өнгийн дугуй цаас хийсгэж зугаа хөөр болдог байна

Орос
Славчуудын энэ баяр МЭӨ XY зууныг хүртэл юллианы тооллын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг гуравдугаар сард биш харин есдүгээр сард тэмдэглэж байх тушаал гарчээ. XYIII зуунд Европын бараг бүх католик шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.

Португал
Ихэнх орны хүмүүс хоолоо амтат дарсаар даруулдаг бол португалчууд эхэлж дарсаа хүртсэний дараа давсалж хатаасан самхай загас, махан хоолыг ахиухан иддэг байна. Хамгийн сонирхолтой нь португальчууд цагийн зүү 24-00 цагийг заангуут 12 ширхэг усан үзэм идэж идэх тоолонгоо хүслээ шивнэдэг байна.

Румын
Шинэ жилд зориулан хайрсан хуушуурт мөнгө, бөгж, шаазангийн хэлтэрхий, чинжүү хийдэг. Ингээд дуу хөгжим болон цэнгэж байхдаа хуушуураа иддэг.  Мөнгө, бөгж тааралдсан хүнийг их аз жаргалтай хүн гэж  үздэг ийм домогтой байжээ. Зарим хэвлэлд хуушуурыг бялуу гэж бичсэн байдаг.

Унгар
Шинэ жилд зориулан бэлтгэсэн тавгийн идээндээ шувууны мах оруулдаггүй. Энэ нь шинэ жилийн эхний өдөр шувууны мах идсэн хүний аз жаргал нисээд явчихдаг гэсэн домог эрт дээр үед үүссэнээс ийм заншил бий болжээ. Тэр ч атугай шинэ жилийн эхний өдөр шувууны мах иддэггүй.

Финлянд
Энд шинэ жилийн баяраар урт сахалтай, улаан дээлтэй өвгөн уут дүүрэн бэлэг үүрч ирдэг. Хүүхдүүд ч улаан өнгийн дээл өмсөн өвлийн өвгөнийг дагалдан гүйлдэж хөгжүүн зугаа болдог байна. Харин өвлийн өвгөн айлд зочлоод "Энд томоогүй хүүхэд бий юу?” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө саримсыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охидууд нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалгыг өлмийгөөрөө мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

Франц
12-р сарын 24-ний өдөр гэр бүлээрээ цуглардаг. Тэд хоорондоо бэлэг солилцон шөнө дундын үед мөргөл үйлдэцгээдэг ба ширээн дээрээ гахайн шарсан мах, дарс, шоколад, дарсанд дарж шарсан цацагт хяруул, төрөл бүрийн бяслаг, тэнгисийн амьтны мах орсон хоол, шампанск тавьдаг. Шинэ жилийг угтаж хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог. Францчууд хүүхдэд өгөх бэлгээ хайрцганд хийж нэрийг нь бичээд сүлд модныхоо доор тавьдаг. Дээр үед ил галынхаа наана хэц татаж урт урт оймснууд өлгөөд дотор нь хүүхдүүдийнхээ бэлгийг хийдэг байжээ. Хүүхдүүддээ өвлийн өвгөн яндангаар цаа хөлөглөн шөнө орж ирээд бэлэг өгдөг гэж итгүүлдэг байжээ. Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэнд анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг.

Шотланд
Шотландад шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. 00 цаг болмогц  айл бүрийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлгодог нь манайд хэн ч зочилж болно гэсэн санаа юм байна. Харин айлд орох хүн нэг жижигхэн нүүрс авч ороод галд нь нэмж <<Гал нь мөнх бадраг>> гэж ерөөдөг ёстой аж. Шинэ жилийн өглөө хамгийн түрүүнд хар үстэй хүн орж  ирснээр аз жаргал гэрт орлоо хэмээн үздэг. Тэр хүнийг ихэд хүндэтгэдэг байна. Түүнийг <<Нэг дэх буюу анхдагч хөл>> гэж нэрлэдэг заншилтай. Харин шинэ жилийн эхний өдөр хараас  өөр өнгийн үстэй хүн айлд  зочилдоггүй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>