Өвөлд бэлэн үү

357

Олон хүн угаартсан харамсалтай мэдээгээр хүйтний улирлыг нийслэлчүүд эхлүүлсэн. Үүнийг эс тооцвол уг нь намар удаан үргэлжилж, цаг агаар дулаахан байсан тул өмнөх жилүүдийг бодвол харьцангуй тайван арван нэгэн сартай золголоо. Тэгвэл айсуй өвөлд улаанбаатарчууд бэлэн үү гэдэгт анхаарлаа хандуулъя.  Өвлийг давахад нийслэлчүүдэд түлш, зам, эмнэлэг, эрчим хүч гээд хэдэн чухал асуудал бий. Энэ жилийн тухайд нэн тэргүүнийх нь сайжруулсан түлш.

Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлоос салахын тулд олон арга хэрэгжүүлсний хамгийн эрсдэлтэй бас бодитой, урагштай ажил нь сайжруулсан түлш.  Гэвч үүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй гэр хорооллынхны хувьд айдастай байгаа. Мэдээж, өмнө дурдсанчлан олон хүн угаартаж, тэрбүү хэл амиа алдсан тул  айдастай байх нь аргагүй. Ямар сайндаа “Энэ өвөл нэг бол хөлдөж үхнэ. Нэг бол угаартаж үхнэ” гэж халаглах вэ дээ.  Яалт ч үгүй бодит нөхцөл тийм л байсан. Гал түлж эхлэх цагаар яндангаа хөөлөөгүй, түлшээ буруу түлсэн тул ийнхүү угаартсан гэдэг тал талын тайлбар гарсан ч хэрэглэгчид айдастай л байгаа. Нөгөө талаас гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж чадах уу. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл хэр байна вэ гэдэг чухал асуулт болж буй. Учир нь сар гаруй хугацааны дараа идэр есийн хүйтэн жавар тачигнана. Нийслэлд 220 мянга гаруй гэр хорооллын өрх бий. Өмнөх жилүүдэд нэг өрх 4-5 тонн буюу гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээ 1.2 сая тонн байв. Тэгвэл энэ жил эдгээр өрхийг 600 мянган тонн шахмал түлшээр хангах зорилт тавин “Тавантолгой” түлш компанийнхан ажиллаж байгаа. Өнгөрсөн сарын эхний арван хоногийн байдлаар гэхэд тус компанийн дөрвөн үйлдвэрийн найман шугам 24 цагаар тасралтгүй үйлдвэрлэл явуулж 6 дүүрэгт байгуулсан 332 борлуулалтын цэгт 66328 тонн шахмал түлш хүргэж, 25000 тонн түлшийг нь борлуулсан. Өвлийн ид ачааллын үед эрэлт нэмэгдэж, түлшний дутагдалд орохгүйн тулд нөөц бий болгох ёстой. Мөн хугацаанд 464.1 мянган тонн түлшийг хангамжийн бааз, дундын бөөний төв болон жижиглэн худалдаалах цэгүүдэд түгээсэн тухай мэдээлэв. Мөн арваннэгдүгээр сарын нэгнээс эхлэн тус компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх аж. Тэгэхээр өвөл ид ачааллын үед түлшний хомсдол гарахгүй гэдэг тайлбарыг өгч байна.

Өвлийн улирлыг эрсдэлгүй давахад эрчим хүчний системийн аюулгүй байдал ч чухал асуудал. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгддэг. Тэр ч байтугай сүүлийн хоёр жил 10 орчим хувиар нэмэгдэж байгаа. Энэ жилийн тухайд одоогоор 80 МВт-аар хэрэглээ нэмэгдсэн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл хийх үеэрээ танилцуулсан. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 60-80 орчим МВт-аар нэмэгдсэн байна. Мөн эрчим хүчний их ачаалал ч нэмэгдэж 1400 МВт-д хүрчээ. Тэгвэл ирэх онд гэр хорооллын өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд үзүүлэх мөнгөө нэмсэн. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд 2017 онд зургаан тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд ес, 2019 онд 20 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Тэгвэл 2020 онд 28 тэрбум төгрөгийн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр улсын төсөвт тусгасан. Ингэхээр үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх нь мэдээж.

Тэгвэл дараагийн нэг асуудал болон дүүргүүдийн өвөлжилтын бэлтгэл, зам ашиглалт, арчлалт, суваг шуудуу, далан, барилга байгууламж гэх мэт дэд бүтцийн салбарын өвөлжилтийн тухайд нийслэлийн Онцгой комиссын  дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Нийслэлд 53 байршилд 145.2 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн ашиглалт засвар арчлалтын ажлын төлөвлөгөө 95 хувийн биелэлттэй. Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын  957 тонн бодис, 500 тонн давсыг худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гэрээ хийсэн. Ус хангамж, ариутгалын чиглэлээр нийт 83 ажил төлөвлөснөөс 98 хувьтай, дулаан хангамжийн чиглэлээр нийт 46 ажил төлөвлөж 90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэдгийг Онцгой комиссын хуралдаанд танилцуулав.

Б.Болор-Эрдэнэ

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>