Уучлах нь хүчтэйн шинж

422
Уучлах нь хүчтэйн шинжБүх хүнд давуу болон сул тал бий. Давуу талаа таньж мэдэн, тордон хөгжүүлсээр байх аваас амжилтын түлхүүрийг гартаа бат атгаж байгаа хэрэг. Давуу талаа хэдийчинээ эрт таньж мэднэв төдийчинээ сайн. Хүн юу хийж чадахаа олж харах нь амьдралдаа олж байгаа хамгийн том олзны нэг. Юу хийж чадахаа олж хараагүй хүн нүдээ боолгосон мэт тэмтчин, замд тааралдах чулуу болгонд бүдчиж явдаг. Сул талаа олж харахыг хүсэхгүй байх нь хүмүүсийн нийтлэг дутагдал. Тэр тусмаа сул талаа бусдаар хэлүүлэх тун дургүй. Өөрөө олж харахыг хүсэхгүй, хүнээр хэлүүлэх дургүй болохоор хүний сул тал амь бөхтэй зууралддаг согог. Ухаалаг хүн сул талаа өөрөө мэдэрч, хүний хэлснээс санаа авч, засч залруулахыг хичээн, алхсан мөрөө арагшаа харж, алхах замаа урьдчилан тооцож, итгэлтэй ургашлана. Сул талаа мэдэрч ухаарахгүй байх нь маш том дутагдал, сул доройн шинж. Сул талаа мэдрэн ухаарч, засч залруулж байхгүй бол яваандаа түүндээ дасан зохицож, илжиг модон хударгандаа гэгч болно. "Жинхэнэ хүчтэй хүн өөрийн сул талыг ухаардаг” /О.Бальзак/. Нэгэнт ухаарсан болохоор сул талаа нөхөх араг чарга хайна. Түүгээр үл барам сул талаа давуу тал болгон хувиргахаар чармайн зүтгэнэ. 

Бусдыг уучлах чадвар бол хүний маш том давуу тал юм. Уучилж чадах нь хүчтэйн шинж. Зүрх сэтгэлээр урсаад өнгөрсөн таагүй бүхнийг уучлах сэтгэлийн тэнхээтй байх хэрэгтэй. Хэтийдсэн доромжлолыг ч уучлан өнгөрөөх сэтгэлийн хаттай хүн өөрийгөө бага  зовооно. Уучилж чадсанаар юу ч алдахгүй, харин ч угтан ирэх улангассан дайралтаас биеэ хамгаалан, сэтгэл түйвээх хорлолыг холдуулж, хожихын дээдээр хожно. Сэтгэлийн тэнхээгүй сул дорой хүн уучлах чадваргүй. Уучилж чадаагүйнхээ төлөөсийг сэтгэлийн хүнд дарамтан дор өнө удаан төлөх болдог нь харамсалтай. Уучилж чаддаггүй зуунги хүн уур бухимдал, гомдол хорслын гав гинжээр сэтгэлээ баглан хүлж, өөрийгөө тамлан зовооно. Уур хилэн хүнийг араатан болгоно. Инээд хөөр хүн хэвээр байлгана. Уур цухалдаа багтаж ядан, араатан дүрд хувилж байснаас уучилж, инээд хөөрөндөө умбан, хүн төрхөндөө буцаж ор. Хайртай хүмүүстэйгээ сайхан дурсамжаа хуваалцан, жаргалтай инээмсэглэн сууж байх чухам аз жаргал билээ. 

Өнгөрсөн амьдрал гэдэг харандаагаар бичсэнийг баллуураар арилгах шиг амархан зүйл биш. Амьдралд сайн, муу холилдон сүлэлдэн өнгөрсөн нь тодорхой. Сайн, саар аль аль нь бодол санаанд эргэж буцан эргэлдэх нь мэдээж. Тэр дундаас мууг эргэн дурсах гэж шимтэх хэрэггүй, сэтгэлээ зовоохын нэмэр. Муу муухай дурсамжийн хог новшийг ухаж уудлаад сэтгэлийн тайтгарлыг олно гэж юу байх билээ дээ?

Одоо байгаадаа сэтгэл ханамжтай байж, өнөөдрөөс маргааш илүү сайн болно гэсэн өөдрөг сэтгэл, сайхан бодолтой амьдар. Байж байгаадаа мөнхийн сэтгэл дундуур, уруу дорой царайлж, газар ширтэн сажлах нь өөрийгөө уруудуулан доройтуулахаас өөр зүйлд хөтлөхгүй. Дээшээ хардаггүй, доогуур харцтай хүний нүд гутлынхаа хоншоорт наалдчихсан мэт байна. Нүд нь гутлынхаа хоншоорт наалдсан хүн орчлон ертөнцийн юмс үзэгдлийг мөрөө харах төдийгөөс хол хэтэрч үзэхгүй, намгийн мэлхий өөрийн намаг нь бүхнээс том гэж үздэгтэй адил бодно. Дээгүүр харцтай, омог бардам, зориг төгөлдөр, алсыг баримжаалан алхвал далавч ургах мэт болж, өөдөө хөөрөн нисэх хүсэл эрмэлзэл чамайг эзэмдэнэ.   

Биеэ барих чадвар эзэмшвэл аливаа хүнд амьсгалах агаар, ариусгах рашаан мэт хэрэг болно. Биеэ барих чадвар олон муу зүйлээс өөрийгөө хамгаалан, тойрч гарахад тусална. Хэдхэн хором биеэ бариад тэвчээд өнгөрчих юман дээр тэвчээр алдсанаас хэчнээн олон алдаа гарч, өөрөө хохирч, өрөөлийг хохироож байсан бол? Биеэ барих чадвар нь дээд зэргийн тэсвэр тэвчээрт тулгуурлана. Тэвчихийн аргагүйг тэвчин, биеэ барьж өнгөрөөж чадвал амьдралдаа маш ихийг хожно гэдэгт итгэ. Биеэ барих чадвараар дамжин өөрийгөө эзэмдэх аргад суралцана. Хүн амьдралдаа хэвшүүлэх амин чухал зүйлүүдийн хамгийн анхны, хамгийн гол зүйлийн нэг нь өөрөө өөрийгөө эзэмдэх явдал. Биеэ барих чадвар бол өөрийгөө эзэмдэх хаалгыг нээн онгойлгох түлхүүр нь юм. "Өөрийгөө эзэмддэг хүн бүхнээс хүчтэй” /Бага Сенека/. Өөрийгөө ялсан ялалт хамгийн хүчтэй ялалт. Өөрийгөө ялж байж өөрийгөө эзэмддэг болно. Өөрийгөө ялах чадвар бол ухаалаг хүн бахархаж болох нэн гайхамшигтай ололтуудын нэг мөнөөс мөн. "Хүн өөрөө өөрийгөө ялмагц бусдыг буруушаахаа больдог” /Л.Н.Толстой/. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлийг уучлах мэдрэмж бүрэн дүүрэн эзэмдэнэ. Биеэ барих чадвартай, өөрийгөө эзэмдэх хүчтэй хүний дотоод ертөнцөөс бусдыг уучлах нинжин сэтгэлийн гэрэл цацарч байдаг. 

Хэн нэгнийг дотроо хараан зүхэж, бах таваа хангаж сууснаас уучлах нь хавьгүй дээр, илүү эр зориг юм. Эрч хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн уучилж чадна. Сулхан хүн уучилж чаддаггүй. Уучилж чаддаггүй хүн бусдыг үргэлж буруутган, өөрийгөө сэтгэлийн тамд тарчлаана. Зөв бурууг эс ялган, буруугаа бусад руу түлхдэг хүн уучлах ухаангүй. Бусдыг буруутгахаасаа урьд би ямар буруутай билээ гэдгээ бод. Бурууг өөрөөсөө эхлэн хайж, буруугаа ухаарч байж бусдыг уучилж чадах хүчээ сэлбэнэ. Гагцхүү хүчтэй  хүн л буруугаа ухаарна. Зөвхөн хүчтэй хүн эгэл даруухан байж, бусдыг уучилна.

Хэрүүлийн хэт цахиж түймэр тавилгүй биеэ барь. Бусдын хэрүүл доруулд татагдан орохоос аль болох зайлсхий. Хэрүүлд хоёроос доошгүй хүн хэрэгтэй. Тэдний нэг битгий бол, тэгвэл сэтгэлийн амар амгаланг эдлэхэд чинь тустай. Хэчнээн чадварлаг эмч байлаа ч эм тан өгч сэтгэлийн амар амгаланг эдлүүлж чадахгүй, түүнийг дэлгүүр, зах дээрээс худалдан авах боломжгүй. Тиймээс биеэ барьж, сэтгэлээ эзэмдэн захирч, амгалан тайван байдлаа хадгалахыг л хичээ. Хэрүүл бузартай, хорлол нь үлэмж их. Хэрэлдэж байгаа хүмүүс сэтгэлд жавар хургаж, толгойн үс босом хамаг муу муухай үгсийг хамаж шимэн хоёр бие рүүгээ харилцан урсгана. Уурын мунхагаар хэлсэн хэрүүл хараалын бохир үгс зүрхэнд өргөс болон шигдэж, ой санамжид өс болон тогтоно. Зүрхэнд шигдсэн өргөсийг сугалах, ой ухаанд хадгалсан өсийг тайлах арга увидас нь хайр шингэсэн уян зөөлөн, халуун дулаан үг юм. Хэрэлдсэн хүмүүс их бага хэмжээгээр, урт богино хугацаагаар бие биенээ гомдооно. Гомдлын хорыг тайлах шидэт ерөндөг бол уучлал юм. Энд миний буруу бас байжээ, түүнийг уучлая гэж үнэхээр бодож чадвал зовлон шаналлаа нимгэлэн, амар тайван болж, сэтгэлээс дүүжлээстэй байсан хүнд юмыг авч хаяна. Намайг уучлаарай гэхийг сонссон нөгөө хүн ч сэтгэл нь тавирч, санаа нь амсхийж, бөглөөтэй байсан дотор нь уужирна. Хэрэлдсээр байгаад хэтийн жаргалаа алдаж хэрхэвч  болохгүй. 

Хүний хүсэл зориг маш ихийг хийж чадна, түүний хүч чадал агуу. Уучлая гэсэн хүсэл зоригийн галаа өрдөн асаавал сэтгэлийн ямар ч хүнд шархыг анагаан илааршуулах хүчийг олно. Уучлая гэсэн хүсэл зоригийн хүчээр зүрхэнд хургасан гомдол цухал, үл итгэлцэл, үзэн ядалтын өтгөн манан сарнин шуугидаж, сэтгэлд гэгээн наран мандах гийх нь дамжиггүй. Хүмүүстэй муудалцан, хорсон зүхэж, үзэн ядсаар сайн сайхан юу ч олж долоохгүй. Өөрийгөө л зовоохын нэмэр. Хорсон зүхэж, үзэн ядахын оронд зүгээр л уучилчих. Дайснаа ч энэрч асран, хүндэтгэн хайрлах нь жинхэнэ нигүүлсэхүй сэтгэл мөн гэх ухаантны сургаал бий. Дайснаа хайрлах хэмжээний нигүүлсэхүй үзэлтэн байж чаддаггүй юмаа гэхэд уучлах сэтгэлийн хаттай байвал амьдралд чинь их тус болно. 

Шудрага ёс, сайн санаа хэзээ нэгэн цагт ялдаг юм. Өнгөрсөн үеийнхээ мунхаг явдлыг таньж уучилж чадах эр зоригтой бай. Оргүйгээс оройтсон нь дээр. Уучлал оройтсон ч хэрэгтэй. Уучлахгүй шүд зуун үлдэх нь харгис хатуу зан. Хэнийг ч гэсэн голд нь орсон гомдолтой үлдээж хэрхэвч болохгүй, хүний үнэртэй, хүн чанартай байхыг хичээ. Хад чулуу шиг хатуу, хайрга дайрга шиг ширүүн хорвоог хүний үнэртэй, хүн чанартай, өрөвдөн хайрлах, уучлан нигүүлсэх сэтгэлтэй байж л уяраан зөөлрүүлж чадна. Уучлал тасарсныг залгах, холдсныг ойртуулах эвлэрэл зохицлын уран дархан. Уучлал хүнлэг энэрэнгүйн илэрхийлэл. Уучлал нь сэтгэлийн шархыг эдгээх шидтэн, сэтгэл засах агуу хүч, нэн буянтай үйлс. Уурлаж гоморхохын оронд уучилж өршөөх сэтгэлийн хүчээ эрчлэн чангал.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.