Агаарын төмөр зам гэв үү?

502

Улаанбаатар хотын автомашины тоо 7-8 зуун мянгад хүрч авто замын түгжрэл хэмээс хэтэрч нийслэлийн удирдлага, замын цагдаагийнхны толгойны өвчин болохын зэрэгцээ үүгээр бизнес хийгчид захаас аваад эрх баригчдын дундаас гарч ирсээр. Үүнд замын түгжрэлийг ингэж бууруулна хэмээн худал амлаж албан тушаал дэвшихээс эхлүүлээд ийм ч ажил хийж байна, тйим арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж ард түмний мөнгөнөөс халааслагчид хотын удирдлага, нийтийн тээврийн газрынханд бишгүй нэг.

Нийслэлийн Засаг даргын орлогч байсан нэг нөхөр замын голоор явдаг автобусны зам хийнэ гэж донгосч байгаад төв замаар зүүн тийш эргэхийг болиулах гэж хэдэн арван сая төгрөг зувчуулаад халагдсан. Метро барина гэж нэг хэсэг шуугьсан. Одоо дүүжин зам барина гэсэн нэг нөхөр гарч ирээд байгаа. Гэхдээ энэ нь уулын амралтын тороосон зам арай биш байх гээд дүүжин төмөр замын тухай оросын realt.onliner.by хэвлэлд бичсэнийг товчлон орчуулав.

ХХ зуун дөнгөж эхэлж байсан 1901 онд Парист Пабло Пикассогийн үзэсгэлэн нээгдэж, Нобелийн анхны шагнал гардуулан, Кинг Жилетт хутгыг нь сольдог сахлын хутгаа бүтээж байхад германы Вупперталд 12 метрийн өндөр дэх төмөр замд дүүжлэгдсэн галт тэрэг нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлж байж. Хэдийгээр 118 жил өнгөрсөн ч тээврийн энэ хэрэгсэл чухал хэвээр л....

Инженер Лангений санаа

XIX зууны эцэс гэхэд германы баруун нутаг Вуппер голын хөндий улсынхаа аж үйлдвэрийн томоохон төв болоод голын эрэг дагуу хэдэн зуун аж ахуйн нэгж байгуулагдлаа. Толгодоор хүрээлэгдсэн тэр нарийн хөндийд 400 орчим мянган хүн цугларч тэр гол, толгодыг туулах нийтийн тээврийг хэрхэн шийдэх вэ гэсэн асуудал хотын удирдлагын толгойны өвчин болж байв. Мэдээж хотын иргэд бол удирдлагаасаа хотын бүхий л цэг дэх орон сууц, ажлын байртай холбосон нийтийн тээвэр шаардаж байлаа. Тэр үед Лондон, Чикаго хотод бий болж Парис, Берлинд барьж байсан метро барьж болох байсан ч энд хэд хэдэн сөрөг шалтгаан байсан юм. Нэгд, том хотуудыг бодоход төсөв нь хүрэлцэхгүй байлаа. Хоёрт эндхийн газар доорх хадан давхарга ийм боломжгүй болгож байв.
Чухам энэ үед инженер Лангений санал аврал болсон байна. Саахарын заводын эзний хүү Ойген Ланген хийгээр ажилладаг дотоод шаталтын хөдөлгүүр зохион бүтээх гэж, ингэснээр гэр бүлийнхээ бизнесийг дэмжих гэж ажилладаг байж.

Түүний нэг шинэ санаа нь тэнгэрийн төмөр замаар явдаг тээвэр буюу Schwebebahn бүтээх явдал байлаа. Олон тулгуурт бэхэлсэн төмөр замаас дүүжлэгдсэн галт тэрэг. Ланген эхлээд өөрийн үйлдвэрийн ажилчдыг зөөвөрлөхийн тулд ийм санаа гаргаж.
Гол устай, эргэн тойрон толгодтой энэ газар Schwebebahn барих нь метро юм уу, ерийн төмөр зам барихаас хамаагүй амар мэт байлаа. Ингээд Лангений тэнгэрийн төмөр замын төслийг 1894 онд зарчмын хувьд хүлээн зөвшөөрөөд дөрвөн жилийн дараа барьж эхэлсэн байна. Нийтдээ 16 сая марк зарцуулсан төслийн туршилтын галт тэрэг 1900 оны аравдугаар сарын 24-нд явж эхлэхэд германы кайзер Вильгельм II өөрөө хүрэлцэн иржээ.
Хотын энэ тээврийг гурван үе шаттай бүтээн байгуулсан байна. Эхний 4.59 км замыг 1909 оны гуравдугаар сарын 1-нд нээж ашиглалтад оруулсан нь шууд л бөөн дуулиан болж иргэдийн таашаалд нийцжээ. Тус хотынхон төдийгүй өөр муж, хотынхон ч үүгээр зорчиж үзэх гэж ирцгээж байлаа.

Вупперталийн агаарын төмөр зам өнөөдөр

1903 оны зун гэхэд Вупперталийн тэнгэрийн агаарын төмөр зам бүрэн хэмжээгээр бэлэн болж хоёр чиглэлийн 20 өртөөтэй нийт 28 км замтай болов. 10.6 км-ийг нь Вуппер гол дээгүүр барьсан бол бусдыг нь хот дотор тавьж, төмөр замын өндөр нь 40 метр болжээ.
Өнгөрсөн 100 жилд эдний энэ төмөр зам өөрчлөгдсөнгүй, урт нь ч нэмэгдсэнгүй, харин засварлаж шинэчилсэн байна. Өртөө хооронд ойролцоогоор 700 метр зайтай бол өртөөн дээрх зогсоолын урт 25 метр, өргөн нь 12 метр юм байна.

Замын төгсгөлд вагонуудыг байрлуулах зогсоол, хөдлөх бүрэлдэхүүн, вагонуудыг засварлах хоёр депо байдаг байна.
Нийт төмөр замыг барьж байгуулахад 19.2 мянган тонн ган орсон байна. Гэхдээ энэ бол 468 ширхэг тулгуур, төмөр замын рейльс, бусад дэд бүтцийн байгууламжуудад орсон нь вагоны дугуй, бусад эд ангийг 1897 онд тусгайд нь үйлдвэрлэсэн гэдэг.
Өнөөдөр тээврийн энэ хэрэгсэл 3-4 минутын зайтайгаар явж өдөрт 80 мянган хүн тээвэрлэж байгаа нь минскийн метроноос 10 дахин бага. Жилдээ 25 сая зорчигч тээвэрлэдэг байна. Төмөр замын нэг үзүүрээс нөгөө захад хүртэл 28-30 минутад дунджаар 27 км/цагийн хурдтай зорчино. Уг нь дээд хурд нь цагт 60 км хүртэл хурдалж чадна.

Агаарын төмөр замд тохиолдсон үйл явдлууд

Энэ тээврийн хэрэгслийн өнгөрсөн 118 жилийн түүхэнд хар толбо бас бий. Дэлхийн нэгдүгээр дайны жилүүдэд зорчигч тээвэр бараг үгүй болж байсан бол Дэлхийн хоёрдугаар дайны үед холбоотнуудын бөмбөгдөлтийн улмаас бүхэл бүтэн өртөө, төмөр замын нэг хэсэг эвдэрч сүйдсэн удаатай.
1999 оны дөрөвдүгээр сарын 12-нд Schwebebahn-д томоохон осол гарч өглөө эрт зам төмөр гэмтсэнээс засварчдын сууж явсан галт тэрэг голд унаж таван хүн амь үрэгдэж, 47 хүн бэртэж гэмтсэн байна.
Бас 1950 онд циркийн жүжигчин зааны тугалаа Schwebebahn тээвэрлэж явтал бяцхан Туффи тугалд тэнгэрээр зорчих нь таалагдаагүй бололтой тонгочиж яг гол дээгүүр өнгөрч явсан вагоны ханыг гэмтээснээр усанд унасан явдал гарч байжээ. Азаар зааны тугал айснаас өөрөөр гэмтээгүй гэдэг.

Хамгийн намхан хэсэгт толгой галт тэрэг машинтай мөргөлдөх явдал гарч байсан ч 1999 оны осол л хүний амь үрэгдсэн хамгийн том осол хэвээр түүхэнд үлдсэн байна.

Анх баригдсан 1901 оноос хойш нийтдээ 1.5 тэрбум зорчигч тээвэрлэсэн Schwebebahn өнөө хүртэл манай гараг дээрх хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл хэвээр л байна.
Инженер Лангений энэ санааг хэд хэдэн удаа ашиглаж хотын нийтийн тээврийг шийдэх алхам хийсэн байдаг. 1901 онд германы Дрезденд бас яг ийм нийтийн тээврийн хэрэгсэл ашиглалтад оруулсан ч энэ нь хамаагүй богинохон байлаа. Одоо америкийн Мемфис, японы Фузисав, Камакуре хотуудад бий болжээ. Гэлээ ч Вупперталийн Schwebebahn энэ төрлийн тээврийн хэрэгслийн хамгийн сонгодог жишээ болсон хэвээр хотын нийтийн тээврийн гол хэрэгсэл болохын зэрэгцээ хотынхоо бэлгэ тэмдэг болж энд тэндхийн аялагч жуулчлагчдын сонирхлыг татсаар байна.
Гэхдээ инженер Лангений нийтийн тээврийн энэ төсөл нь өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд тун цөөхөн давтагдаж, ашиглагдсан нь яг хэрэгтэй газраа, хэрэгцээт хотдоо, тодорхой орчин нь бүрдсэн тохиолдолд л байгуулах ёстой гэдгийг харуулж байна.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>