Нойр булчирхай хүндэрвэл 5-6 сар л амьдардаг

11001
Нойр булчирхай хүндэрвэл 5-6 сар л амьдардаг

Нойр булчирхай гэдэг нь хоол боловсруулах системийн эрхтэн гэдэг ч олон үйл ажиллагааг гүйцэтгэдэг байна. Нойр булчирхай нь хэд хэдэн төрлийн шүүрэл ялгаруулна. Энэ шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн ажээ. Нойр булчирхай нь ходоод 12 нугалаа гэдэсний араар, хэвлийн дээд хэсэгт байрладаг. Уртаараа 16-18 см, өргөнөөрөө 2.4-2.6 см булчирхайлаг эрхтэн гэнэ. Нойр булчирхай гэдэг нь хүчтэй шүүрэл ялгаруулдаг эрхтэн. Ингэснээр шүүрэл нь цоргоороо дамжин 12 нугалаа гэдэс рүү орж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд оролцоно.

Хүний идэж буй хүнсний бүтээгдэхүүн нь нүүрс ус, өөх тос, уураг гэж гурван төрөлд хуваагддаг аж. Үүнд зориулагдсан шүүрлийг ялгаруулдаг аж. Нойр булчирхай хоёр төрлийн шүүрэл ялгаруулах үндсэн үүрэгтэй. Нэг төрлийн шүүрэл нь хоол боловсруулалтад оролцдог бөгөөд хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг эсэг ферментүүдийг агуулдаг. Нөгөө нь дотоод шүүрлийн дааврууд юм. Эдгээр даавраас инсулин нь сахарыг шимэх, задлах үйл ажиллагаанд оролцдог учраас уг даавар дутагдсанаар чихрийн шижин өвчин үүсдэг байна.

Нойр булчирхай архи дарс хэтрүүлэн хэрэглэх болон удаан хугацаагаар өлсөх, өлсөж байгаад гэнэт их хэмжээгээр идэх, өөх тостой, тосонд шарсан буюу махан хоол хэт ихээр идэх зэргээр хоол ундны дэглэм барихгүй байх нь нойр булчирхайг үрэвсүүлдэг байна. Мөн цөсний чулуу, цөсний хүүдийн үрэвсэл, цөс өтгөрөх, хана нь зузаарах, зэрэг цөсний эмгэгүүд нь хэсэг хугацааны дараа нойр булчирхай үрэвсэхэд хүргэдэг. Бас ходоодны шархлаа, архаг үрэвслүүд нойр булчирхайг үрэвсэхэд нөлөөлдөг байна.

Нойр булчирхайн эмгэгүүд дотроос нойр булчирхайн үрэвсэл өвчин хамгийн элбэг тохиолддог бөгөөд энэ өвчин архаг, цочмог гэсэн хоёр хэлбэртэй. Анх удаа өвдөж байгааг цочмог гэдэг бол цочмог үрэвслийг буруу эмчлэх, өвчтөн хоолны дэглэм барихгүй байх зэрэг шалтгаанаар архаг хэлбэрт шилждэг байна. Архаг хэлбэрийн үрэвсэл үе үе сэдэрдэг. Энэ нь хоолны дэглэм алдах, архи уух зэрэгтэй холбоотой гэнэ. Илрэх тусгайлсан шинж тэмдэг багатай. Хамгийн гол нь хүмүүс өөрсдийн эрүүл мэнддээ анхаарал тавиад жилд нэг удаа цусны биохимиийн шинжилгээ, зүрхний бичлэг хийлгэх, эход харуулах хэрэгтэй юм. Хүмүүст нийтлэг илэрдэг шинж тэмдэг бол их хэмжээний шингэнээр гүйлгэх, тархины даралтгүй байж гэнэт дотор муухайрдаг. Хурц үрэвслийн үед хэвлийгээр цагариг маягтай бүсэлж өвддөг байна.

Мөн үрэвссэн нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн, даралт, зүрх зэрэг бусад эрхтэндээ нөлөөлөх хүч ихтэй. Мөн цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж чихрийн шижин өвчнийг үүсгэдэг. Бүр цаашилбал уйланхай үүсгэж, хортой хоргүй хавдрыг бий болгодог. Нойр булчирхайн өвчлөл эцсийн шатандаа орвол хүний биед хурц шинж тэмдэг өгч, шоконд оруулдаг.

Өөрөөсөө ялгаруулж буй шүүрлүүддээ хайлах бөгөөд энэ нь үхэлд хүргэнэ. Тиймээс зөв хооллон, эрүүл хүнс хэрэглэвэл нойр булчирхай үрэвсэхгүй мөн хоёрдогч өвчнүүдээ эмчлэх ёстой гэнэ. Хоёрдогч өвчин гэдэг нь элэгний архаг үрэвсэл, цөсний чулуу, ходоодны шарх, улайлт, архаг үрэвсэл ордог байна. Үүгээр дамжин нойр булчирхай үрэвсдэг. Нойр булчирхайн үрэвсэл төгс эмчлэгдэнэ гэж үгүй. Эмчилгээ хийснээр хурц үеийг дардаг. Хэрвээ өвдөлт үүсгэх хүчин зүйлүүдийг хэрэглэж эхэлбэл эргээд сэдэрнэ. Иймээс тухайн хүнээсээ хамааралтай өвчин гэнэ. Нойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал ажээ. Үүнд, мах, загас, ээдэм зэргийг бага зэрэг илүү хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болох аж. Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ.

Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл, хандыг хэрэглэхгүй. Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ. Нэг дор хэт их идэхээс зайлсхий. Өвчин олон дахисан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг бүрэн хорино. I, II гурилын талх, бага зэрэг хатаасан байдлаар өдөрт 200-300гр-ыг хэрэглэж болно. Байцаанаас бусад бүх төрлийн ногооны шөл, будаа, гоймонгийн шөлийг бага зэрэг цөцгийн тос, зөөхий нэмж хэрэглэж болно.

Өөх тос багатай төрөл бүрийн махыг машиндаж, котлет, нухаш, бөөрөнхий махыг ууранд болгох буюу чанах зэргээр бэлтгэж хэрэглэнэ. Тослог багатай төрөл бүрийн загасны махыг чанах, жигнэх жижиглэх эсвэл хэрчим байдлаар хэрэглэнэ. Сүүг шингэлж хярам байдлаар ээдэм, бяслаг, тараг зэргийг хэрэглэнэ. Давсгүй цөцгийн тос 15-20 гр, ургамлын тос 10 гр-ыг бэлэн хоолонд нэмж өгч болох ба амьтны гаралтай өөх тосыг аль болох бага хэрэглэ. Төмс, шар лууван, хүрэн манжин зэргийг чанах ба ууранд болгон нухаш бэлтгэж хэрэглэ. Чихэрлэг багатай жимс, жимсгэнийг хэрэглэнэ. Ааг багатай, шингэн цайг ууж хэрэглэ. Өдөр бүр тогтмол 1 аяга нохойн хошууны ханд ууж занш. Байцаа манжин, улаан лууванг хэрэглэхээс түр зайлсхийх хэрэгтэй юм байна. Харин хориглох хүнсний бүтээгдэхүүнд, мах, загас, мөөг, ногооны өтгөн аагтай шөл, тарган өөхтэй шарсан хайрсан мах, утсан хиам, даршилсан давсалсан ногоо, лаазалсан нөөш, бялуу, хар бор талх, мөхөөлдөс, согтууруулах ундааг хориглоно. Нойр булчирхайн үрэвслийн үед хоолны дэглэмийг нарийн баримталж, бага хэмжээгээр өдөрт 5-6 удаа хооллох хэрэгтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>