Сайжруулсан халтуурчидтай Улаанбаатар
Такси тойрсон яриа:
– Таксины жолоочид дандаа дутуу хариулт мөнгө өгөөд байна. Жолоочийн явах чиглэлээс зөрөөд байх юм.
– Ривер гарденд ирчихэн байна аа. Таксины жолооч ийшээ явна гэхээр нь суучихсан юм. Уг нь өөр тийшээ явж байсан юм. Одоо яаж тэр газар руугаа хүрнэ ээ.
– Хөдөөнийхөн ирээд зам хэцүү байна аа, эгч хаашаа явах юм…?
– Гранд плаза
– Хаана байдаг билээ.
Дээрх ярианы эх сурвалж бол такси барих гэж зогсоод хувийн машинаар үйлчлүүлж буй иргэд. Очих газрын нэр, байршлыг мэдэхгүй байж Оюутолгойн гэрээг надад заасан халтуурчинтай таарлаа гэж нэгэн сэтгүүлч бичсэн байсан. Манай нийслэлийн таксинд явж байгаа халтуурчид зарим газрын байршил, замаа сайн мэддэггүйгээс нийгмийн бусад асуудлыг бол гаргаахгүй.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг дагалдах Дубайн гэрээ, тэр байтугай уг ордоос хэчнээн хэмжээний алт, зэс олборлож байгааг хүртэл мэргэжлийн хүнээс нь илүү мэднэ. Олон улсын байдал, Монгол Улсын геополитикийн бодлого, хоёр хөршийн харилцаа, хойд хөршийн төрийн тэргүүний үйлдэл бүрийг тэд мэднэ. Тиймдээ ч олон нийтийн сүлжээнд “Улсыг хөгжүүлэх ухаант мэргэн хүмүүс нь таксинд явж байгаа нь харамсалтай” гэсэн яриа гарсан.
Такси тойрсон тоо баримт:
1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээ эрхэлж буй 11 компанийн 600 орчим такси явж байна. Харин бидний нэрлэж заншсан хувиараа такси эрхлэгчид буюу халтуурчид үүнээс тав дахин их буюу 30-40 мянга байгааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас гаргасан судалгаанд дурджээ.
Нэг талаар халтуурчид 30-40 мянгуулаа болсон нь Улаанбаатар хотод такси үйлчилгээний зах зээл ямар эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байгаа юм. Харин энэ орон зайг яагаад албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээний компаниуд нөхөж чадахгүй байна вэ гэсэн асуулт урган гарч байна.
Судалгаанаас харахад, дэлхийн жишигт 1000 хүн тутамд 3-4 такси ногдож байвал эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 2000 хүн тутамд албан ёсны бүртгэлтэй нэг такси ногдож байгаа юм.
Такси үйлчилгээний бодит байдал:
Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжээс таксины тоог нэмэх боломжийн талаар лавлахад “Такси үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэн ямар ч бодлого байдаггүй” гэсэн юм. 2013 онд такси үйлчилгээний үнийг эхний 1 км тутамд 1500, дараагийн км-ыг 1000 төгрөг болгох шийдвэр гарч байжээ. Такси үйлчилгээ эрхлэгч компаниуд эдийн засгийн чадавхи сул байгаагаас бааз сууриа бэхжүүлэх боломж олдохгүй байгаа тул зах зээлийн үнэ рүү дөхүүлж, үнийн тарифыг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн хүсэлт гаргасныг Нийслэлийн тээврийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран судалж үзээд үндэслэлтэй хэмээн үзэж, дээрх шийдвэр гарчээ. Тухайн үед такси үйлчилгээ эрхэлдэг 16 компани байсан аж. Гэвч энэ үнийг удалгүй буулгажээ.
Харин одоо Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн тээврийн газартай гэрээ байгуулан ажилладаг есөн аж ахуйн нэгжийн 600 орчим такси дээрх үнээр явж байгаа бол хувийн машинтай иргэд өөрсдийнхөө үнээр л явж байна. Хөдөлгүүрийн багтаамж нь дунджаар 1600 СС-ээр тооцоход суудлын автомашин нэг цаг түгжирч зогсоход 0.8 литр бензин зарцуулах аж.
Гарц: Монгол UBER
Гадаадын орнуудад, тухайлбал, АНУ-д хэрэгждэг “uber “ хэмээх апплекейшний монгол хувилбарууд аль хэдийнэ хэрэгжээд эхэлсэн. “UB CUB”, “Veeco апплекейшн”, “Аба Монголиа” гэх мэтчилэн гар утсаараа ашиглаж болох хэд хэдэн апп байгаа нь сайшаалтай. Тэдний зарим нь хүүхэд хүргэлтийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
Өдөрт дунджаар нэг цаг түгжирч зогсдог гэж үзвэл замын хөдөлгөөнд оролцох хугацааг найман цагаар тооцоход жилд 45 өдрийг буюу 360 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг байна. Замын хөдөлгөөнд 200 мянга гаруй автомашин байнга оролцдог гэж үзвэл 265.6 сая төгрөгийг үр ашиггүй урсгаж байгаа аж.
Арга ядарсан санаачилга
Такси барих гэсээр даарсан хүмүүсийн нэгдэл гэх “Дайгдах хөдөлгөөний нам” гэсэн фэйсбүүкийн групп байна. Тус группийнхний зорилго машин бүрийг дүүрэн хөдөлгөөнд оруулах гэнэ. Ингэснээр агаарын бохирдол багасна, ажлын цаг түргэснэ, замын бөглөрөл багасна. “Дайцгаая, дайгдацгаая” уриатай группт харин цагдаагийн байгууллагаас анхааруулга ирсэн байна. Цахим сүлжээгээр явах чиглэл болон дайх болон дайгдахаа хэлдэг тул гишүүдийг анхаарал сэрэмжтэй байхыг админууд нь анхааруулжээ. Дахин нэгэн санаачилга гарсан нь явах чиглэлээ бичсэн соронзон стикерийг өөрийн машинд нааж тэр чиглэлд явах хүмүүсийг дайж авч явдаг хөдөлгөөн байна. Тэд энэхүү санал санаачлага маань хэрэгжээд олныг хамраад эхэлвэл, Нийтийн тээврийн ачаалал тодорхой хэмжээгээр буурч, нэг нэгэндээ бодитоор хүнлэг сэтгэл гаргаж туслах эхлэл болно гэжээ.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа нэг жолооч замын түгжрэлд зогсохдоо нэг литр шатахууныг 1530-1660 төгрөгөөр тооцоход нэг цаг түгжрэхдээ өдөрт 1380 төгрөгийг үргүй зарцуулдаг болохыг тооцоолжээ.
С.Сосоржав
Эх сурвалж: eagle.mn