“Үндсэн хуулийг өөрчлөх бус УИХ уучлал гуйгаад тарах ёстой”

48

“Үндсэн хуулийг өөрчлөх бус УИХ уучлал гуйгаад тарах ёстой”

 

TV-9 телевизээс санаачлан зохион байгуулж байгаа "Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх уу, өнгөцхөн засах уу ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн ээлжит дугаарт Монгол Улсын  Хөдөлмөрийн баатар, Геологийн яамны сайд асан Ч.Хурц,  МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Г.Жамъян, Монголын либерал намын дарга, эдийн засгийн ухааны доктор  Н.Чулуунбаатар нар оролцлоо. Тэдний хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

 

Ч.Хурц: Ардчилсан Үндсэн хуульд гар хүрэх эрх МАН, АН-д байхгүй

-Үндсэн хууль бол төр, ард түмний хооронд хийдэг  гэрээ. Монголын ард түмнийг иж бүрэн төлөөлөх хүмүүс өөрчлөлт оруулах эрхтэй.

-УИХ, түүнд дийлэнх олонх болсон МАН, АН хоёр хууль өөрчлөх бус  өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Бүдүүлэг үгсээр хоорондоо хэрэлдэж, доромжилж буй энэ хүмүүс нийтийн хүмүүжлийг эвдэж, устгаж байна. .

-Тойрогтоо мөнгө тарааж, улсын хөгжлийг хаасан шившигтэй мөнгөний няравуудыг  бид УИХ-д гаргаж ирлээ. Тэдэнд Үндсэн хууль өөрчлөх эрх байхгүй.

-Ардын намынхан "нам ийм байна” гэж хуульчлах гэнэ. Тэд өөрсдийн намаа  заана биз,  Монголын 30 гаруй нам тэдний зааснаар явах уу.

-УИХ-ын гишүүд хуралдаа суудаггүй, огт суудаггүй хүн  ч бий. 20-хон хүн хууль баталж байна.

-УИХ-д  итгэх ард түмний итгэл тэг заасан.

-Монгол эзэнгүй  болсон. УИХ хуулиа хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэгч, зохицуулагч агентлагууд нь ч явахгүй. Хэн ард түмний амьдралыг сайжруулах юм бэ.

-Увиагүй улстөрчдийг УИХ-д гаргасан Монголын ард түмэн хүлцэнгүй тэвчээрээ гайхуулж сууж болохгүй.

 

 С.Ганбаатар: Байгалийн баялаг ард түмний дундын өмч байх ёстой

– 1990-ээд оны эхээр эрх баригчид хувьчлалыг явуулах уу, явуулахгүй юу гэж ярьж байсан. Яг түүн шиг өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэж байна.

-Хувьчлалыг хэн, хэзээ,  яаж, ямар замаар явуулах вэ гэдгээ ярилгүй шуурч орсноор 400 гаруй мянган ажилчин гудамжинд гарсан.

-Өнөөдөр Үндсэн хуулийг хэнээс асуух вэ, яаж асуух вэ, хэзээ асуух вэ, ямар аргачлаал асуух вэ, хаана асуух вэ гэдэгт хариулахгүйгээр өөрчилнө гэж шууд дайралт хийнэ гэдэг маш аюултай. Хувьчлал шиг том луйвар болох гэж байна.

-Үндсэн хуулийн тухай МАХН-ын байр суурь тодорхой.Бид эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан Дээд хуулийн төслийг нийт ард түмнээрээ  гурван жил тойрон саналыг нь асуусан.

-Эрх баригчид өөрөө өөртэйгээ гэрээ хийн Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол гэмт хэрэг. Олигархиуд өөрсөдтэйгээ зөвшилцөн Үндсэн хууль батлах юм бол фашизмаас дор юм болно.

-УИХ-ын гишүүд ард түмнээс мандат авч гарч ирэхдээ ажилтай, орлоготой болгоно.Үүний төлөө Рио Тинтотой байгуулсан Оюутолгойн гэрээг сайжруулна гэсэн. Түүнийгээ хийж чадахгүй байна.

-Рио Тинтод худалдагдсан улстөрчид  хууль батлах юм бол Рио Тинтогийн Үндсэн хууль болж гарч ирнэ.

-Бид Дээд хуулийн төсөлдөө "Байгалийн баялгийг ард түмний дундын өмч” гэж тусгасан. Хүмүүсийг яаж орон сууцжуулах вэ, хэрхэн боловсролтой болгох вэ, эрүүл мэндийн үйлчилгээг яаж  төлбөргүй болгох вэ гэдгийг зохицуулахаар ард түмний саналыг тусгасан.

 

Г.Жамъян: Өөрчлөлт хийх хэмжээний хүн УИХ-д алга    

–  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхнээс нь дэмжээгүй. Монголын олонхийн төлөөлөл баталсан хуулийг  энэ УИХ өөрчлөх эрхгүй. Өнөөдөр  өөрчлөх нөхцөл бүрдээгүйн дээр өөрчлөлт хийх хэмжээний хүн  энэ УИХ-д алга.

-УИХ –ын гуравны хоёр нь хэрэгт холбогдсон гишүүд байгаа.

-Ордны хуйвалдаанаар Үндсэн хуулийг өөрчилдөггүй юм.

-МАН-ын УИХ-д байгаа 32-ын бүлгийн цөөхөн хүн, Ерөнхийлөгч хамтран Үндсэн хууль өөрчилнө гэж дайраад байна. Өөрчлөх гэж байгаа зүйлд нь ард түмэн, улс орны сайн сайхны  төлөө гэсэн үнэр ч  алга.

-Хэдэн хүний сандал, ширээ булаалдсан зүйлийг Үндсэн хуульд хийх гэж байгаад  гомдож, харамсч  байна.

-Ард түмэн шударга ёсыг л хүсч байна. Тэдний хүсэл нэмэлт, өөрчлөлтөд туссангүй. Үүнээс үзэхэд гаднын төсөл явагдаж байна.

-Сонгуулийн холимог тогтолцоо руу үхэн хатан зүтгэж байна. Шоронд орсон, хүчингийн хэрэг хийсэн нөхдүүд тэр тогтолцоогоор орж ирсэн. Тэр тогтолцоогоор орж ирсэн хүмүүсийн дотор  АН-ын Д.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, МАН-ын Д.Лүндээжанцан нар байгаа.

-Эрх баригчид ард түмний гэдэг үгнээс үхтлээ айж "төрийн”, "нийтийн” гэдэг үгийг Үндсэн хуульд тусгах гэж улайрч байна.

 

Н.Чулуунбаатар: Монгол Улс өрийн урхинд орчихоод сууж байна

-Монгол Улс 1990 оноос хойш "Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” байгуулах зорилт тавьсан. 30 жил явсан замаа эргээд харахад бид  хөрөнгөтний ардчилсан, зэрлэг капитализмыг байгуулжээ.

-Монголын нийт хүн амын  хоёр хувь нь нийт баялгийн 98 хувийг эзэмшиж байна. Ард түмнийх нь  98 хувь нь баялгийнхаа  хоёрхон хувийг эзэмшиж байна.

-Монголын нийгэм туйлдаа хүрч, баян хоосны ялгаа газар авсан.

-Өнөөдрийн байдлаар улс орны бүх салбар дэлбэрэхэд бэлэн байна. Улс орон маань өрийн урхинд орчихсон.

-Бид нэмэлт, өөрчлөлт ярихаас илүү 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмуудаа хадгалж үлдээд шинэчлэх ёстой.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид саналаа хэлсэн. Гэтэл түүнээс нэгийг нь ч аваагүй. Хоёр намын 76 хүний  мэдэлд бүх зүйл явах гээд байна.

-Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн хоёр намын эрх ашигт  Монгол Улсын Ерөнхийлөгч.үйлчилж болохгүй. Ард түмний эв нэгдлийг илэрхийлж байгаа Төрийн тэргүүнд монголчууд итгэж байна.

-Ард түмний өмч гэхээр эрх баригчид "Эзэнгүй” гэж ойлгодог.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.