Зохиолч Энхбатын эхнэр Сумьяа : Хань ижлээ ийм хэрэгт холбогдчихоод, тийм газар зовж зүдэрч суугаа гэж бодохоор үнэхээр сэтгэл тайван байж чаддаггүй
"Хөх монгол”, "Даяар Монгол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч зохиолч
Энхбаи охиныхоо найз залууг буудаж хөнөөсөн хэрэг гарч олныг цочирдуулж
байсан цаг саяхан. Энэ хэргэс болж Хон хэрээдийн Энхбат чанга
дэглэмтэй хорих ангид 25 жил хоригдох ялаар шийтгүүлсэн. Харин саяхан
Хонхэрээдийн Энхбатын ар гэрийнхэн түүний "Хайрын тангараг” романыг
дахин хэвлүүлж хуудалдаанд гаргаад байна. Манай сэтгүүлч Зохиолч Хон
хэрээдийн Энхбатын эхнэр Сумьяатай уулзаж ярилцсан юм.
-Энхбат гуай хоригдоод багагүй хугацаа өнгөрчихлөө. Эргэлт оруулж байгаа биз дээ. Биеийнх нь байдал хэр байгаа вэ?
-Би байнга очиж байгаа. Ном сэтгүүл л дөхүүлж өгдөг юм. Тийм газар
байгаа хүн сайн сайхан байна гэж юу байхав. Гэхдээ бас ч гэж бие нь
гайгүй байгаа. Хуулийн дагуу шийтгэлээ авч, эдлэх ёстой зүйлээ эдлэж
байгаа учраас хэнд гомдох ч юм билээ гэж ярьдаг юм. Тэнд их л ном уншиж,
юм бичиж байгаа гэсэн. Зохиолч хүн дуртай юмаа л хийж цаг хугацааг
бардаг байх.
-Зохиолчийн "Хайрын танграг1,2” цуврал роман худалдаанд гарч байгаа юм байна. Энэ номын хэд дэхь хэвлэлт вэ?
-Манай хүний асар олон гар бичмэлүүд бидэнд бий. Эрх чөлөөтэй байхдаа
тэр бүгдийгээ эмхэлж цэгцэлж, ном болгож гаргаж амжаагүй. Гэхдээ цөөн ч
гэсэн чанартай хэдэн ном нь хэвлэгдэж байсан. Энэ "Хайрын тангараг”
номыг гурав дахь удаагаа хэвлэж байна. Анх 2000 оны эхээр л хэвлэгдэж
байсан. Энэ ном одоо худалдаанд байдаггүй юм. Шавь нар, бас хамтран
зүтгэж байсан хүмүүс, уншигчдынх нь хүсэлтээр номыг нь дахин хэвлэж
байгаа.
-Зохиогчийн хоёрын хоёр романыг хэвлүүлчихлээ.
Номын хэвлэлтийн зардлыг та өөрөө гаргасан уу? Эсвэл найз нөхөд нь
дэмжиж тусласан уу?
-Үнэнийг хэлэхэд найз нөхөд, ах
дүүгийн туслалцаагаар л хоёр номыг нь гаргаж байгаа. Би чинь бас хүн
юм чинь зүгээр сууж байснаас хүмүүстэй уулзья, ярилцья нэг бүтээлийг
нь ч гэсэн олонд хүргэж байя гэж л зориглосон юм. Үүнээс гадна би хоёр
хүүхдтэйгээ үлдсэн. Үр хүүхдээ тэжээж, хувцаслах гээд надад бас
асуудал их байна шүү дээ.
-Энхбат гуай та хоёр 180 метр том
торгон дээр уйгаржин Монгол бичгээр Монголын нууц товчоог урласан
байсан. Энэ бүтээлийг зарах сураг байсан?
-Ямар ч
зүйдэлгүй 180 метр торго захиалж, бүхэл бүтэн хоёр жил нойр хоолгүй
сууж байж урласан. Үг үсэггүй гараар хатгаж,урласан том бүтээл болж
чадсан. Манай хүн өөрөө Монголоо гэсэн сэтгэлтэй хүн учраас "Яаж ч
ядарсан битгий зараарай. Энэ бүтээл гадагшаа гараад алга болчихож
магадгүй. Гараар урласан хамгийн том ном Монголдоо л үлдэх ёстой юм шүү”
гэж хэлж байгаа. Тийм учраас зарж, худалдаж чадаагүй.
-Асар их хөдөлмөр, асар их хүч хөрөнгө шаардсан учраас Монголын томоохон баячууд өндөр үнэ хэлж байгаа сураг байсан л даа?
-Улсын түүх гэдэг утгаар нь улсад л өгвөл өгөөрэй гэж манай хүн хэлсэн
юм. Одоо хадгалж л байна. Эмэгтэй хүн өрх гэр толгойлж авч явах гэдэг
амаргүй, амьдрал хэцүү шүү дээ. Үр хүүхдээ бодоод энэ бүтээлийг
зарчихвал зарчихья, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг үг
байдаг юм чинь” гэж бодож л байсан. Яг цаг нь тулахаар зарж чадахгүй юм
билээ.
-Таныг гайхалтай уран, томчуудад юм оёж өгч багагүй мөнгө төгрөг олдог гэж сонсож байсан?
-Энэ хэргээс хойш юм оёж чадахаа байсан. Юм оёж, хүнд таалагдах, бусдад
хэрэгтэй бүтээл оёно гэдэг надад үнэхээр хэцүү санагдаж байгаа. Хүн
чинь гэр бүлтэйгээ, орон гэртээ сэтгэл санаа амар тайван байж байж л
юм хийж бүтээдэг юм байна шүү дээ. Хань ижлээ ийм хэрэгт
холбогдчихоод, тийм газар зовж зүдэрч суугаа гэж бодохоор үнэхээр
сэтгэл тайван байж чаддаггүй.
-Энхбат гуай Даяар Монгол,
Хөх монгол гээд бүлгүүдийг үүсгэн байгуулж байсан. Энэ хөдөлгөөний
залуучууд одоо та нартай холбоотой байдаг уу?
-Холбоотой
байдаг юмаа. Тус тусдаа ажил амьдралтай залуучууд шүү дээ. Монгол улс
гэсэн ганцхан чин хүслээрээ л нэгдсэн хүмүүс. Надруу ярьдаг, яаж
байна, юу хэрэгтэй байна гэцгээж туслах юмсан гэсэн сэтгэлээр ханддаг.
-Энэ
хэрэг бол үнэхээр олныг цочирдуулсан, танай гэр бүлрүү дайрах дайралт
маш их байсан. Энэ бүхнийг давж гарахад хүнд байсан байх л даа?
-Хэцүү л байсан. Одоо ч гэсэн надад амар байдаггүй. Хүн чинь хань ижлээ
ийм хэрэгт холбогдоход улам л нэг цул болсон юм шиг санагддаг юм
билээ. Халуун дулаан уур амьсгал, уран бүтээлч сэтгэлгээгээр бялхаж
байсан гэр бүл маань ганцхан өдрийн дотор л айдас түгшүүр хагацал
зовлонд нэрвэгдчихсэн. Туулаад ирсэн үйлийн үрийг тойроод гарах
аргагүйгээс хойш одоо яая гэхэв. Ямар ч байсан хань ижлээ бодож, үр
хүүхдээ өсгөж ганцаараа ч гэсэн орон гэрийг нь өнгөтэй өөдтэй авч явах
юмсан гэж хичээж л байна
http://www.shudarga.mn/news/17335.html