Б.Дашдондог: “Чингис хаан” одон бол маш том итгэл найдвар, хүндлэл юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр "Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-"Чингис хаан” одонг "The Hu" хамтлагт олгохоор болсон талаар мэдээлэл хийсэн юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон "Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөө жил арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдөр "Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-"Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа "THE HU”хамтлагт хүртээхээр шийдвэрлэснийг Та бүхэнд уламжилж байгаа даа баяртай байна” гэсэн юм. "The Hu” хамтлаг хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг бөгөөд 11 хүний бүрэлдэхүүнтэй.
- МУГЖ Б.Дашдондог-Үүсгэн байгуулагч, продюсер
- Ц.Надмидтулга-Менежер
- Брэндон Фрайзен-Менежер
- Ц.Галбадрах-Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэйч
- Г.Нямжанцан-Төмөр хуур, цуур, хөөмэйч
- Энхсайхан-Гал морин хуур, хөөмэйч
- Н.Тэмүүлэн-Товшуурч
- Г.Одбаяр-Бөмбөрчин
- А.Жамбалдорж-Соло гитарчин
- Б. Батхүү-Басс гитарчин
- М.Өнөмөнх-Хэнгэрэг хөгжимчин гэсэн бүр элдэхүүнтэй юм байна.
Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн есөн жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр "Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж иржээ.
"The Hu” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болоод байгаа юм.
Анхны уран бүтээл "Юу вэ, юу вэ, юу?” дууг "Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, "Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, "Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглаж байна.
Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхний аялан тоглолтоо амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтоо хийж яваа юм. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь "Хү” хамтлаг болсон байна.
Энэ онд гаргасан "Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Европт хийсэн аялан тоглолтын үеэр монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага, харьцаа илүү хүндэтгэлтэй, эелдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань бахархан ярьж байгаа юм.
"Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна. Их Эзэн Чингис хаан, эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон "Хүннү рок” хэмээх шинэ урсгалыг дэлхий дахинд сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөн гялалзаж яваа монгол залуустаа баяр хүргэж, талархал илэрхийлье” гэсэн юм.
Мөн "Энэ жилээс "Чингис хаан” одон олгох журамд өөрчлөлт орж байгууллагад гардуулдаг болж байгаа. Хамтлаг бол байгууллага. "Чингис хаан” одонг үүсгэн байгуулагчид нь зүүж өгөхгүйгээр жаазанд хийж өгнө. Харин хамтлагийн бүх гишүүдэд жижиг тэмдэг зүүж өгнө” хэмээлээ.
"Чингис хаан” одонгоор шагнагдахаар болоод байгаа "The Hu” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогоос сэтгэгдлийг нь сонслоо.
-"The Hu” хамтлаг төрийн тэргүүн зэргийн одонгоор шагнагдахаар болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Манай хамтлагийнхан энэ тухай сонсоод над руу сая ярилаа. Бүгдээрээ маш их баярлачихсан байна билээ. Америкаас наашаа холбогдож ярьсан. "Дөнгөж сая Нью-Йоркт тоглоод бут авчихаад орж ирлээ. Ийм гоё мэдээ сонсоод баярлаж байна” гээд надад баяр хүргэцгээсэн. Бие биедээ баяр хүргэцгээлээ дээ. "Чингис хаан” одон бол маш том итгэл, найдвар. Маш хүндлэл юм аа гэж би харж байна.
-Баярт мэдээг хэзээ дуулсан бэ?
-Өнөөдөр (өчигдөр) л мэдлээ шүү дээ. Өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газраас одонг манай хамтлагт өгөхөөр болсон тухайгаа зарласныхаа дараа над руу залгаж хэлсэн л дээ.
-"The Hu” хамтлагийнхан эх орондоо ирж одонгоо гардаж авах уу?
-Би өмнөөс нь гардаж авна. Хамтлагийн гишүүд маань төлөвлөгөөний дагуу тоглолтоор явж байгаа болохоор ирж амжихгүй байх аа. Хамтлагийнхан бүгДээрээ мэдэж байгаа, маш их баярлацгаасан байна лээ.
-Ийм нэр хүндтэй шагналыг инженер, эрдэмтэд, бүтээн байгуулалтын тэргүүлэх салбарт олгох байтал урлаг уран сайханд өглөө гэж шүүмжлэх хүмүүс байна. Гэтэл "Дэлхийд Монголоо сурталчилж байгаа хамтлагт өгөх ёстой” гэж өмөөрөх ч улсууд ч байна. Хүмүүс энэ мэтээр сошиалд өөр өөрсдийн санал бодлоо бичиж байна. Та тэдгээрийг анзаарав уу?
-Би орж харж сонирхсонгүй ээ. Аль алинд нь байх ёстой. Тэгш хүргэх ёстой зүйл. Гэхдээ зөвхөн нэг талыг давамгайлаад байж болохгүй байх гэж бодож байна. Мэдээж эрдэмтэн, мэргэдэд өгөх талаар хүмүүс ганц нэг шүүмж бичсэн л байна билээ. Тэр талаас нь харсан ч, сайн юм хийсэн хүмүүсийг бүгдийг нь гомдоохгүй урамшуулж л байх хэрэгтэй гэж хэлмээр байна.
"Хү” хамтлаг байгуулагдаад удаагүй ч дэлхийд Монголыг сурталчлах талаараа, Монголыг таниулах тал дээр богино хугацаанд хүчтэй явж чадаж байгаа гэдэг утгаар нь энэ одонг өгч байгаа байх гэж бодож байна.
Мөн цаашдаа ихийг хийгээрэй гэдэг талаас нь өгч байгаа байх гэж бодож байгаа. Жил жилдээ аль ч салбар бай, тэр самбар дотроо маш өндөр, Дэлхийн хэмжээний, Монгол Улсаа дэлхийн хэмжээнд мандуулахаар хэмжээний ч юм уу, том төсөл боловсруулсан, том шинжилгээ судалгааны ажлууд хийчихсэн улсуудаа харамгүй шагнаж байх хэрэгтэй.
Эх сурвалж: Өдрийн сонин