"The Hu" хамтлагийнхаа дөрөөнд нь сүү дусаая даа

922

"The Hu" хамтлагийнхаа дөрөөнд нь сүү дусаая даа

 

Уянгалаг, сүртэй, дуу шуугиантай урсгал бүхий Ээвэн голын эрэг дээр нэгэн ядуу хөвгүүн эхийн хамт амьдардаг байв. Хөвгүүн өдөр бүхэн самар жимсхэн түүж, өвсний үндэс хайж газар ухна. Нэгэн удаа Бурханы дуу хоолой түүнд "Ишш, өдөр болгон л чи газар ухах юм. Яваад тэр харагдаж байгаа бургаснаас нэг мөчир аваад хөгжим хий. Энэ хөгжмийг уянгалуулан хөгжимдөж яв. Тэгвэл чи насан туршдаа хоолтой, хувцастай явах болно” гэжээ. Бурханы дуу хоолой дээр миний ээжийн хэлсэн домгийг нэмэхэд "Гурван голын бэлчир дээр суугаад хөгжим тоглож сурах гээд оролдоод бай. Шөнө дунд хаанаас ч юм хүв хүйтэн хуруу гар орж ирээд чамд хөгжим яаж тоглохыг заагаад өгнө” гэдэгсэн. Хөвгүүн Бурханы дуу хоолойг дагаж алдарт ЦУУР хөгжмийг бүтээжээ. Одоо тэр цуур хөгжмийг ХҮ хамтлагийн хөгжимчин Жаяа бариад дэлхийг эзэлж явна. Хөвгүүний хамгийн эхэлж цууранд оруулсан аялгуу нь алдарт Ээвэн голын урсгал байлаа. "Морь хүртэл голын аялгуунд татагдад ус уруу орчих гээд болж өгдөггүй, Ээвэн гол бидний өвөг дээдсийн нутаг байсан бөгөөд хилийн зааг тогтоох үед Хятадын нутагт орсон” гэж аав ээжүүд маань ярьдагсан.
Хөөмий цууртайгаа хамт үүссэн байх магадлал өндөр гэж судлаачид үздэг. 1600-гаад оны үед Базар гэгч нэгэн хүн Ховдын Хар Ус нуурын хаяанд нуурын хулс исгэрэхийг сонсож зогсоод гэнэт нэг хүний хоолойноос нэгэн зэрэг исгэрэх, мөн дуулах аялгуу зэрэгцэн гарч болох болов уу гэж бодсон гэдэг. Магадгүй тэр хүн Хар Ус нуурын бидэртэх долгиог харж хулс исгэрэхийг сонсох зуураа цээл сайхан хоолойгоор өөрөө өөртөө дуултал гэнэт байгалийн чимээ хүний хоолой хоёр гайхалтай хосолж маш сайхан оранжировка гарч ирсэн байх.
Мэдээ ороход анх харсан хөгжим минь товшуур, цуур хоёр, анх сонссон хөгжмийн бүтээл маань Алтайн магтуу, Ээвэнгийн урсгал байлаа. Түүнээс ч дутуугүй хөгжим нь сарлагийн бухын хагшилт, Сэнхэрийн голын шуугиан, ятуу исгэрэх, Ямаат Улаанд хэрээ гуаглах байв. Мөн өндөр оргил өөд харж зогсоод оройд нь тошсон сарлагийн сүргээ "Көөрлөх нь " гайхалтай сайхан дуурийн хичээл байлаа. Би багадаа оргил өөд гарсан хэдэн сарлагаа аргадаж, ятгаж, шаардаж, урин дуудаж көөрлөсөөр байгаад буулгаад ирдэг адтай охин байсан сан. Харин ХҮ хамтлаг хөндлөн чиглэлд "Хү, хү, хү, хү” гэж хэмнэл өгч хүмүүсийн анхаарлыг нэг цэг дээр төвлөрүүлээд улмаар хүмүүний сэтгэлийг хураан эзэлж байгаа нь язгуурын монголчуудад ердийн ойлгомжтой зүйл. Би көөр, көөр көөр гэж огторгуй өөд хадааж явсан бол ХҮ хамтлаг "хү, хү, хү, хү” гэж хэвтээ тэнхлэгт хэмнэл өгч байна. Х үсэг бол монгол хэлний хоолойн угаас /хүний бүр оршихуйгаас гүнээс/ гардаг цор ганц гийгүүлэгч.
Жирийн хуульч мэргэжилтэй надад ХҮ хамтлагийн хөгжим ийм ойрхон тусна гэж бодсонгүй. Ганц нэг удаа хөгжим тоглож суръя гэсэн шүү бодол толгойд төрөөд багадаа оролдож үзэхэд туйлын хүнд ажил байсан тул орхисон. Гэхдээ ч заримдаа ээжийн хэлдэгчлэн гурван голын бэлчир дээр очоод шөнө суучихвал амар санагдаж байсан ч харанхуйгаас айх айдас мэдээж зөвшөөрөөгүй. ХҮ хамтлагийн хөгжмийг сонсож суухад энэ хорвоогийн бүх бурханлиг хүчин нэг дор төвлөрсөн мэт.
 
Чонон сүлд гэдэг клип дээр гал, тал, залуу нас, хурд хүч, эрэмгий зориг, чонын улилт, орчин үеийн мотоциклийн чимээ, монгол морь, их хар сүлд, язгуурын хөгжмүүд, хөөмий , хархираа, өөрийгөө өвөрмөцөөр илэрхийлсэн залуус, стиль, имиж гээд бүх юмс байгалийнх байсан. Даяаршиж байгаа нийгэмд хав дарах ёстой, хааяа нэг жинтэйхнээр гаргаж ирээд бүх дэлхийд үзүүлж хүмүүн төрөлхтөнийг сэтгэлийн хувьд эдгээж сэрээчихээд буцаагаад далд хийчих хэрэгсэл маань язгуурын урлаг байж.
Амьд харилцаа, амьд хөгжим, амьтай байгаль гэж их ярих болж. Мэдээж бүх л ард түмний урлаг тэр дундаа хөгжим хүмүүн хоорондын, байгальтай харилцах харилцаанаас үүссэн л байх. Гэхдээ дэлхийн том том оркестр удирддаг хөгжмийн удирдаачид Монголд ирээд Монголын хөгжим их хүчтэй дуугаралттай гэж хэлдэг юм гэсэн. Мэдээж цаад гүнд нь их том хүч оршиж байна гэсэн үг. Энгийн юм шиг хирнээ сарлагаа аргадан көөрлөх нь амьд харилцаа байж дээ. Хар Ус нуурын салхины исгэрээ, Жаргалант хайрханы мянган гол горхины чимээ, хотон шувуудын шуугиан, уулын салхи, сарлагын хагшилт, хулсны исгэрээ, хунгийн ганганаан, дээрээс нь таван хошуу малын дуу чимээ, товшуур, икэл, цуурын аялгуу. Энэ бүхэн бидний өвөрмөц язгуур урлагийг бий болгоогүй гэж үү?
Ховд нутгаасаа 10 гаруй жилийн өмнө шилжиж хотод ажиллах босноос хойш нутгаа их санаж билээ. Тэр үед л би баруун аймгийнхан элит соёл зан заншилтай юм байна гэж ойлгосон. Манай Ховдынхон уул болгоныг хайрхан гэж нэрлэдэггүй. Хэрэв андуураагүй бол хайрхан нэртэй 13 уул байдаг гэж сонссон. Мөнххайрханы бэлд цуур товшуур, туульс үүссэн бол Жаргалант хайрханы өвөр бэлээр хөөмий үүсчээ.
ХҮ хамтлагийн тоглолтыг дэлхийн олон сая хүн үзсэн нь үнэн, дэлхийн хүмүүсийн сэтгэлийг хураан эзэлсэн нь үнэн. Дэлхийн иргэдийн комментуудыг уншихад " бяц авлаа шүү, ёстой цус халаалаа, ингэж л барих ёстой юм, намайг хөл дээр минь босголоо, намайг сэрээлээ, өдөр болгон хүнд хариуцлагатай ажилд гарахад минь хүч, эр зориг өгч байна” гэхчлэн бичжээ.
 
ХҮ хамтлагийг дэлхийн олон сая хүн юүтүбээр сонсож, клипийг нь үзэж байна. Нэгэн орой Чонон сүлд гэдэг дууны албан ёсны клипийг үзэж сонсох зуураа сэтгэгдлүүдийг уншиж байтал орос сонсогчид "Энэ цэргийн дуу байна, үндсэрхэг үзэлтэй фашист өнгө аястай” гэхчилэн улс төржүүлснээс гадна нэг сонсогч их нухацтайгаар, далд өнгө аястайгаар "Парни вы кто?” (Залуусаа та нар хэн юм вэ?) гэж асуусан байв. Уг асуултад миний бие "Эдгээр залуус бол мэргэжлийн өндөр зэрэглэлийн хөгжимчид. Тэд үндэсний хөгжмүүдээ виртуоз түвшинд тоглодог, шударга, хөдөлмөрч, эх оронч. Тэдний дууны яруу найраг монголчуудынхаа дотоод ертөнцийн гүнд хандсан, өвөг дээдсийн өндөр ёс суртахууныг мартаж байгааг сануулж уриалж, хайрлаж шүүмжилсэн агуулгатай. Байкерүүд нь ч бас л жирийн шударга залуус. Тэд эх орондоо Талын салхи гэх олон улсын уралдааныг зохион байгуулдаг. Эдгээр залуус бол амьдралд өөрийгөө олсон залуус. Хөгжимчин (урт үстэй) Нямжанцан гэх залуугийн хичээл зүтгэлээр ЮНЕСКО манай лимбэний битүү амьсгаа гэх техниктэй тоглолтыг дэлхийн өвийн хамгаалалтад бүртгэж авсан. Байкеруудын нэг Болдко гэх залуу нэрт сэтгүүлч бөгөөд ток шоу хөтөлдөг. Амьдралд өөрийгөө олсон ухамсарт хүмүүс, тэд эх орныхоо төлөө хөдөлмөрлөж байгааг бид харж байна. Мэдээж өндөр түвшний хөгжим. Удахгүй 12 дугаар сард Америкт олон улсын бага хурал болж ямар учиртай хөгжмийн үзэгдэл дэлхий ертөнцөд гарч ирсэнийг судлан хэлэлцэх юм гэсэн” гэж нилээн урт сэтгэгдэл оросоор бичив. Нэг минутын дараа эргээд хартал "Чи яаж ч толгой эргүүлсэн бай фашизмыг үзэн ядах үзэл бидний цусанд бий” гэх маягтай хариу орж ирэв. Мөн миний сэтгэгдэлд 5 лайк дарагдаж, нэг орос бүсгүй "Басс гитарчний нэрийг хэлээч. Түүнийг олж харсан цагаас хойш нойр минь хүрэхээ байлаа” гэж бичсэн байв.
ХҮ хамтлаг өөрийн гэсэн гүрэн улсаа байгуулж байна гэсэн фэнүүдийнх нь үг ч дэмий хэрэг биш. Тэд "Монголчуудын дэлхийг эзлэх хоёр дахь аян дайндаа мордлоо”, "Европоос татвараа авсан, одоо Америкаас татвар хурааж явна” гэхчилэн бичиж байна. Оросуудын хувьд хөгжим дээрх Хас тэмдгийн учрыг ойлгохгүй байх, бөгж, үсний засалт, гадаад хэлбэр зэрэгтэй хавирах тохиолдол байна. Мөн Оросын хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг нэгэн хүүхэн "Энэ муусайн чувакууд/ доромж үг/ зуун зуун жил рок тоглосон юм шиг авч байх шив” гэж ярьж байв. Урдаас нь "Тийм ээ, бид зуун зуун жил рок тоглосон” гэж хэлмээр санагдана. Хархираа хөөмий, туульс, хотон баядуудын хачин модерн бий биелэгээ рок биш гэж үү?
"Бид дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна” гэж ХҮ хамтлагийн продюссер Дашдондог хэлжээ. Тэгвэл элэг нэгт ахан дүүс минь ээ, одоо та бидний өмнө маш хариуцлагатай цаг үе тулж ирлээ. Юуны өмнө дөрөөн дээр нь сүү дусааж мордуулаад, хэдэн залуусаа, хамтлагаа, продюссер Дашдондогоо маш сайн дэмжицгээе.
Яаж дэмжих вэ?
 
Сүнстэй амьд хөгжмийнхөө аюулгүй байдал, нууцыг авч үлдэхийн зэрэгцээ дэлхий дахинаа дэлгэн үзүүлэх цаг болов. Хөгжмийн томчууд нэгдэж дэмжиж, зөвлөн тусалж хөгжмөө бичицгээ. Ганц хүн индустрийн хүчийг дийлэхгүй. Гэхдээ би индустри гэдэг үгэнд маш дургүй байна. Манай хөгжим сүнслэг. Манай хөгжимд хүнийг эдгээх сэрээх хүч байгаа учраас түүнийг бизнес болтол нь явуулмааргүй л байгаа юм. Монгол хөгжим сонсож эдгэрэхийн тулд Монголд ирдэг байг л дээ. Ямартай ч хөгжмийнхөн нэгдэх хэрэгтэй. Борооны дараах мөөг шиг олон хамтлаг гаргаж ирж болохгүй, байгаа ганц нэгээ тордмоор байна.
Хувцас дизайныхан хүчээ зангид. Дэлхийд байхгүй загварууд гаргаж ирээд хамтлагаа хувцасла. Далимд нь хувцас, загвараа зар.
Гайгүй хэл ултай, суурьтайхан хуульчдын баг байвал нэгдэж аваад тэр гэрээг нь хянамаар байна. Хэнтэй ямар гэрээ байгуулчихав. Монголын хөгжимчдөд ашиггүй, монголын язгуур урлагийг зарж идсэн компанитай боолын гэрээ байгуулчихсан байх вий. Энэ хамтлагтай холбоотой юу л байна бүгдийг нь авч иднэ гэсэн гэрээ байвал дэмий шүү дээ. Одоогоос арваад жилийн өмнө Оюунтолгойн гэрээ байгуулагдаж байхад ер нь юу л болдог бол гэж сэтгэл түгшээд байсан. Одоо үр дүнг нь хар. ”Pacta sunt servanda”. Гэрээ байгуулсан бол биелүүл гэсэн зарчим Иргэний эрх зүйд байдаг. Гэхдээ талуудын тэнцвэр хангагдсан, хүртэх ашиг үр дүн нь тодорхой байх ёстой. Ямартай ч хэсэг хугацаанд хөл гар дээрээ босч аваад зугуухан гэрээндээ шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ер нь франчайз, мерчандайз, барааны тэмдэг, зохиогчийн эрх зэрэг ойлголтуудаа анхаарч судлах цаг болжээ.
Шинжлэх ухаан, урлагаа дэмжиж төр хөрөнгө оруулаач, төр засаг минь. Цаана чинь Монголд элэгтэй Японы иргэн номын дэлгүүрт орсон чинь монголчуудын бичсэн ном байхгүй, дан орчуулгын номоор дүүрсэн байна гэнэ. Энэ аюулын харанга биш гэж үү? Үеийн үед сэхээтнүүд, технологи хоёр улсаа чирч явсан болохоос баячууд чирч яваагүй юм шүү.
 
Ямартай ч ХҮ хамтлаг маш том зөөлөн дэд бүтцийг тавьж чадлаа. Харин тэр дэд бүтцээр орж ирэх жуулчдыг хүлээн авдаг зам, машин техник чинь бүрэн бүтэн үү?, Гадныханыг бие засуулдаг шаардлага хангасан ОО чинь бэлэн үү? Түүнээс ч дутуугүй найрсаг харилцаа, үйлчилгээ, хэл ул чинь шаардлага хангаж байгаа юу? Одоо бид өөрсдөөс хамаарсан дэд бүтцээ анхаармаар байна.” Үүргэвчээ үүрээд Монгол руу явна аа” гэсэн сэтгэгдэл нилээд их байна лээ шүү. Бүр монгол хэл сурмаар байна гэсэн хүн ч цөөнгүй байна.
 
Язгуур урлагаараа шүдээ хүртэл зэвсэглэсэн гэж ХҮ хамтлагийг тодорхойлмоор байгаа юм. Сумод барилдаж буй хөвгүүдээ бид Долгорсүрэнгийн хүүхэд, Мөнхбатын хүүхэд гэж хардаггүй, манай хөвгүүд гэж хардаг. Ёс зүй өндөртэй спортоос сахилгын хариуцлага хүлээх тохиолдол байна. Эхлээд хүн байх тухай бид их ярьдаг. Үнэхээр дэлхийн Хард рокийн ертөнцөд хачин сүнслэг ёс суртахуунтай, цэвэр монгол хүн байж байж л сая удаан жил тэсэлцэнэ. Бид тэр америк европчуудаас тэс өөр. Хөгжимчид маань архи дарс алив муу муухай бүхнээс холуур явж, продюссэрийнхээ үгнээс гаралгүй байж амжилтаа улам бүр ахиулаасай. Дашрам хэлэхэд Дашдондог продюссертээ мэргэжлийн хүмүүс маш сайн тусалмаар байна. Энэ нь гагц ХҮ хамтлагийн бус, манай улсын асуудал болсон шүү. Бусад хөгжмийн хамтлагууд юунаас болоод унасан түүх сургамжийг давтмааргүй байна. Нүргэлсэн сайхан хөгжимтэй, язгууртан англичуудыг байлдан дагуулах амаргүй. Манай том дуучид дэлхийн том том театр холлуудад дуулсан л байх. Гэхдээ асар олон мянган хүн түрхэрсэн шоу бизнес гэгч үзэгдлийг бид үзээгүй шүү. Хамтлагийн гишүүдийн маань сэтгэл зүйд яаж нөлөөлөх юм? Энэ бүхнээс яаж язгуур монгол чанараа хадгалж давж гарах вэ? Хамтлагийн гишүүд сүнслэг хөгжимчид байгаад зогсохгүй сүнслэг бясалгагчид баймаар байна.
Төрд бодлого гэж байдаг бол монгол хөөмий, язгуур урлагаа сайтар анхаарах хэрэгтэй. Тувачууд "Монголчууд манай хөөмийг хулгайлчихлаа” гээд л Путиндаа уйлагнаад явдаг юм гэсэн. Уг нь мэргэжилтнүүдийн ярианаас үзэхэд тува хөөмий чинь "Шал өөр улаан чавганц” юм гэсэн шүү. Шингэн, дуу оруулах боломж муутайхан юм уу гэж би хувьдаа ойлгосон. Хурд хамтлагийн ахлагч Ганбаяр ХҮ хамтлагийн тоглолтыг "Ёстой тултал нь хийсэн” гэж дүгнэсэн байна лээ. Амьддаа бие биенээ хайралцгаая, монгол ахан дүүс ээ. Бид дэлхийд гарчихлаа. Хөвгүүд маань ёстой тултал нь хийлээ. Хэн гарсан байх нь хамаагүй. Маш амаргүй давааг давж чадлаа. Одоо түвшинд нь барих, улам хөгжүүлэх гэдэг тун ч амаргүй сорил тэднийг маань хүлээж байна. Аугаа их монгол хэлийг дэлхий сонсож, уярч уйлж байгаа нь сайхан. "Ийм сонсголонтой хэл гэж хэзээ ч бодсонгүй” гэж цаана чинь бичиж байна. Хамгийн гол нь бидний язгуур урлаг, Ээвэн голын урсгал, сарлаг көөрлөх чимээ дэлхийд гарчихлаа шүү дээ. Өмнө нь бид бас гаргасан гэж өөр бусад хамтлаг бодох л байх. Гэхдээ энэ бичвэрийг бичих мөчид дэлхийн 20 500 000 гаруй хүн "Чонон сүлд”-ийг үзсэн байна. "Нэг ч үг англиар битгий хэл. Зөвхөн монголоороо дуул” гэж зарим хөгжмийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Монголоороо дуулж дэлхийн зөн сэрэх цаг иржээ.
 
О. Хараа
http://www.sonin.mn/news/culture/106969

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>