“Kara” хамтлагийн гишүүн асан нас баржээ

39

 

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Kara” охидын хамтлагийн гишүүн асан Гү Ха Ра өнгөрсөн ням гарагт гэртээ нас барсан байдалтайгаар олдсон талаар Сөүл хотын Цагдаагийн газар мэдээлжээ.

 

28 настай дуучныг Сөүл хотын Каннам дүүрэг дэх гэрээс нь орон нутгийн цагаар оройн 18 цагийн орчимд олжээ. Цагдаагийн ажилтнууд Гү Ха Рагийн нас барсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд түүнийг амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ажээ.

 

2008 онд “Kara” хамтлагийн гишүүнээр уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан Гү Ха Ра ганцаарчлан уран бүтээл туурвиж, кино, реалити шоуны салбарт мөн хөл тавьж байжээ. Өнгөрсөн онд хувийн дүрс бичлэгийнх нь талаарх дуулиан дэгдсэнтэй холбоотойгоор тэрбээр урлагийн карьерээ дуусгах шийдвэрийг гаргасан байна.

 

2018 оны есдүгээр сард Гү Ха Рагийн хуучин найз залуу хувийн дүрс бичлэгийг нь цацна хэмээн заналхийлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандсан боловч эцэст нь дэлгээгүй бөгөөд энэ оны наймдугаар сард уг залууг бусдыг заналхийлсэн гэх мэт хэд хэдэн хэрэгт буруутган тэнсэн харгалзах ял ногдуулжээ.

 

Гү Ха Ра амиа егүүтгэхийг оролдон гэрээсээ ухаангүй байдалтай олдсон талаарх мэдээ энэ оны тавдугаар сард БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байжээ. Тэрбээр тухайн үед нэгэн Япон сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, хүнд хэцүү үе тулгарсан хэдий ч тэвчээртэйгээр даван туулж байгаа тухайгаа хэлжээ.

 

Энэ явдлаас хоёр сарын өмнө “f(x)” охидын хамтлагт гишүүн асан, дуучин, жүжигчин Солли мөн өөрийн гэрээс нас барсан байдалтай олдсон бөгөөд тэрбээр Гү Ха Ратай дотно нөхөрлөдөг байжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.